Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог бүжгийн “цангаагаа тайллаа”

      Эрдэнэт хотын иргэд ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театр /ДБАТ/-ынхны тоглосон дэлхийн сонгодог бүжгэн жүжиг болох “Хунт нуур”-ыг үзэж сэтгэлийн жаргал эдлэв. Урлагийн мастерууд маань “Сонгодог бүжгийн цоморлиг”, хүүхэд багачуудын сайн мэдэх “Буратино” бүжгийн жүжгийг мөн сонирхуулсан юм.
Орхон аймаг, Буриад улс хоёр хамтын ажиллагааны харилцаатай бөгөөд ялангуяа урлаг соёлын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэтийн соёл урлагийн өдрүүд”-ийг Улан-Удэ хотод 2006 онд зохион байгуулсан бол “Улан-Удийн соёл урлагийн өдрүүд”-ийг Эрдэнэт хотод 2008 онд явуулснаар хотуудын ард иргэдийн оюуны таашаалд нийцсэн юм.Үүний нэг тод жишээ нь Буриадын ДБАТ, “Эрдэнэт” үйлдвэрийн хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл ажээ.
Өргөн цар хүрээтэй бүс нутгийг хамарсан тус театрын захирал,ОХУ-ын соёлын  гавьяат зүтгэлтэн Людмила Николаевна Намсрайева тэргүүтэй 50 гаруй уран бүтээлчдын тоглосон сонгодог бүжгэн жүжгүүдийг танхим дүүрэн үзэгчид алга ташилтаар мялааж, ойрд ийм гайхамшигтай ертөнцөөр аялаагүй басхүү азтайгаа өөр хоорондоо ярилцаж байгаа нь ажиглагдаж байлаа. Эрдэнэтийн үзэгчдээс гадна сонгодог бүжгийг шимтэн сонирхогчид нийслэлээс ч  ирсэн байв.
Тоглолтын үеэр Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын дарга Б.Мажинбуугаас сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрбээр: -Буриад улсын урлагийн мастеруудын энэхүү гайхамшигтай тоглолт нь Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны нэгэн тод жишээ болж байна.  Тоглолт бүрт танхим дүүрэн байлаа. Тоглолтыг Эрдэнэт хотынхон төдийгүй тус хотод ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, түүний дотор ОХУ-ын мэргэжилтнүүд ирж сонирхлоо. Уг тоглолтонд ОХУ,Буриад улсын төрийн шагналтнууд, ардын болон гавьяат жүжигчид, Бүх холбоотын бүжгийн жүжигчдийн уралдааны шагналтнууд зэрэг өндөр ур чадвартай, авъяаслаг жүжигчид, ирээдүйтэй залуу бүжгэн жүжигчид оролцсонд үнэхээр баяртай байна.

 “Хүрэл тулга” наадам өгөөжтэй

Хүүхдийн авъяас чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор явуулсан яруу найргийн “Хүрэл тулга” наадам Орхон аймагт амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тус аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн ахлах арга зүйч Д.Ганболдоос энэ наадмын тухай тодруулсан юм.
Тэрбээр: -Уламжлал болон явагддаг “Хүрэл тулга” наадам бол өгөөжтэй наадам. Наадамд түрүүлсэн хүүхдүүд улсын “Хүрэл тулга” наадамд оролцож үе тэнгийхэнтэйгээ бичсэн шүлгээрээ өрсөлддөг. Мөн зарим ирээдүйтэй, шүлэг зохиол бичих сонирхолтой хүүхдүүдэд утга зохиолын дээд сургуулийн урилга гардуулдаг. Саяын наадамд 10-11-р ангийн сурагчдаас түрүүлсэн Э.Алтангадас болон амжилттай оролцсон Г.Ганзол нар Утга зохиолын дээд сургуульд суралцах эрхээр шагнууллаа гэв. Хоёр үе шаттай явагдсан наадмын 6-9-р ангийн сурагчдаас Баян-Өндөр цогцолборын наймдугаар ангийн сурагч О.Энхмандах түрүүлж нийслэлд болох “Хүрэл тулга”-д оролцохоор болжээ.

Хотын статусын талаар санал хүргүүлэв

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаанаас Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт, Эрдэнэт хотыг аймагтай адилтгах статус бүхий улсын харъяалалтай хот болгох тухай саналыг өргөн барихаар шийдвэрлэлээ.
Энэ талаар аймгийн ИТХ-аас иргэдийнхээ дунд хэд хэдэн удаа санал асуулга явуулж, албан ёсоор саналаа тавьсаар байсан ч Үндсэн хуулийн 57-р зүйлийн нэг дэхь хэсэгт “Хот” гэдэг үг оруулж чадаагүй юм. Ингээд аймгийн статусаар ажиллаад 16 жил болж байгаа аж. Дэлхийн аль ч улс орны хөгжлийн нүүр царай нь хот байгуулалтын асуудал байдаг гэдэг нь тодорхой бөгөөд Эрдэнэт хотын хувьд улсдаа төдийгүй дэлхий дахинд Монгол улсын нэрийг гаргасан хот гэдэг нь  ойлгомжтой билээ. Хотын иргэдийн 76.7 хувь нь хот байхыг дэмждэг. Нөгөө талаар нэг хавтгай дөрвөлжин км талбайд 107 хүн ногдож, хүн амын механик өсөлт их, иргэдийн худалдаа наймаа хийх гол түшиц газар болдог, Монголын бүх ястан үндэстний өлгий хот гэх олон үндэслэлээрээ зайлшгүй хот байх нөхцөл бүрдэж байгаа юм. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүгд л Эрдэнэтийг хотын статустай болгоно гэж амлан сонгогчдоо хуурч хэвшээд байгаа аж.
 Л.Батаа "Монцамэ"


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.