Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Бүргэд: Тухайн улсын хэл соёлыг түгээгч нь радио, телевиз

Монголын радиогийн түүхэнд мөрөө үлдээсэн энэ эрхмийг Сосорбарамын Бүргэд гэдэг. “Радиогийн бурхан найруулагч” гэж алдаршсан түүнийг томчууд төдийгүй хүүхэд багачууд ч андахгүй. Арай хэтрүүлж байна гэж үү. Үгүй дээ. Цаг агаар муудах нь гэж сэрэмжлүүлэх мэдээ явахын өмнө жингэсэн ая явдгийг монголчууд мэднэ. Олны сэтгэлд нэгийг өгүүлэх тэрхүү аяыг сонсогчдын сэтгэлд хадаж өгсөн хүн бол энэ эрхэм. Зохиомж, жүжиг болон дуу хөгжмийн 3000 гаруй найруулгыг гардан хийсэн түүний бүтээлүүд өдгөө алтан фондод хадгалагдаж буй. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, найруулагч С.Бүргэдтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Монголын радиод шувууд цугласан сайхан үе байсан тухай хүмүүс дурсдаг.
-Нээрэн сонин юм шүү. Нэгэн үе дан шувууны нэртэй хүмүүс манай радиод ажиллаж байсан юм. Найруулагчаар Бүргэд, сурвалжлагч нь Шонхор, оператор нь Тогос, нэвтрүүлэгч нь Харцага гээд л ярьдаг байлаа. Бас болоогүй ээ, тэр үед Хэвлэл, утга зохиол хянах газрын ажилтан нь Хэрээ нэртэй хүн байсан.
-Таныг Шанхайд радиогийн найруулагчийн сургууль төгссөн гэж сонссон?
-Б.Дамдинсүрэн, Т.Чимэддорж, Эрдэнэбилэг бас хоёр эмэгтэйтэй бид хэд 1958 онд Хятад руу сургуульд явж, жилийн хугацаанд хэлний бэлтгэл хийгээд гурав нь цааш Шанхай явсан юм. Б.Дамдинсүрэн гуай хоёр эмэгтэйтэй Бээжинд үлдэж сурсан. Гуравдугаар курст сурч байхад урд хөршид маань Соёлын хувьсгал гарч гаднын оюутнуудыг эх орон руу нь эргүүлэн татсан юм. Арай төгсөж амжилгүй ирсэн дээ.
-Тэр үед аймаар байсан уу?
-Бидний хувьд нэг их мэдрэгдээгүй. Тэр үед хятадууд нэгэн жигд хөх хувцас өмсөж, жигдэрдэг байсан. Гаднынхан болохоор бид шөвгөр хоншоортой гуталтай, хослол өмсөж, зангиа зүүнэ. Шөвгөр хоншоортой гутал өмсвөл хоншоорыг нь тайрна л гэж байсан болохоос сүйдтэй мэдэгдсэн зүйлгүй.
 -Хятадад сурч байсан хүний хувьд тэр ард түмний тухай ямар сэтгэгдэлтэй байдаг бол?
-Тэнд сурч байсан болоод тэр үү, би хятадуудыг муу хэлэх дургүй. Тэд маш хөдөлмөрч, нэгдмэл санаатай. Манайханд тийм зан чанар дутаад байдаг. Залуучууд маань биеэ дайчлахгүй байна. Юм ярихаар “Таны үе өнгөрсөн” гэдэг болж. Үеэ өнгөрөөсөндөө гол нь биш юм шүү. Эх орныхоо төлөө аль ч үеийнхэн хамтран зүтгэхэд л учир нь байгаа юм. Бие биенээ түшиж, дэмжиж, суралцаж байж л хөгжинө. Хийж, бүтээж байгаа нэгнийгээ дэмжиж, бие биедээ зөвлөж хамтран ажиллах ёстой.
-Дуу хоолой гэдэг радио, телевизийнхэд хамгийн чухал. Сүүлийн үед орчуулгын киноны дуу оруулагчдын хоолойн өнгө их сонин болж. Зарим хүний дуунаас болж тэр киног үзэж чадахгүй байна гэж ч ярьдаг юм билээ.
-Тэр бол дууны найруулагчийн хариуцлага юм шүү. Дүрүүдэд тохирсон хоолойн өнгөтэй хүнээр дуу оруулах хэрэгтэй. Бас нэг асуудал бол хэллэг. Үсэг солихгүй зөв дуудаж, зөв хэлэх ёстой. Сүүлийн үед монголчууд хос эгшиг дуудаж чадахаа больж. Үйл явдал гэхийг “үүл явдал” гэх юм. “Үйл, үүл” гэдэг үгний ялгаа байгаа биз дээ. Хэлээ орооцолдуулж, гадаад аялга оруулж байна. Радио, телевиз бол тухайн улсын хэл соёлыг түгээгч нь байдаг. Монгол хэллэгээ зөв сураарай гэж захимаар байна.
-Та кино үйлдвэрт ажиллаж байхдаа алтан үеийнхэнтэй ажиллаж байсан шүү дээ. Тэр үеийнхнээс сэтгэлд хоногшсон сайхан дуу хоолойтой хүн олон байжээ.
-Гавьяат жүжигчин Дамдинбазар, Осор, Цэнд-Аюуш, Элбэгсайхан, Дагийранз, Дамчаа гээд л бүтээсэн дүрээсээ гадна дуу хоолойгоороо сэтгэлд мөнхөрсөн олон сайхан хүн байлаа. Дууныхаа өнгийг хүртэл өөрчлөөд тэд янз бүрээр ярьчихдаг. Үгийн баялагтай. Кинонд гарч байгаа хүний амны хайрцгийг яг л тааруулна. Бадраа гуай ч орчуулгыг тун сайн хийгээд өгнө. Орчуулгын кинонд дуу оруулахад амны хайрцаг нь тэр бүр таарахгүй шүү дээ. Үг нь илүүдэх, дутахаас авахуулаад асуудал бий. Тэр бүрийг орчуулгаараа сайхан тааруулдаг байжээ.
-Найруулагчдыг их ууртай гэдэг. Таныг харахад тайван, налгар харагдах юм.
-Ажлын шаардлагаар хүн загнах үе байлгүй яах вэ. Би их уурлаад байхгүй ч хорон үгтэй юм шиг байгаа юм. Ямар сайндаа л “Чи идшинд явах болж ээ” гэж хэлээд нэг нэвтрүүлэгчээ уйлуулж байх вэ.
-Таныг радиогийн бурхан найруулагч гэдэг.
-Дүрсийг нь харахгүй ч харсан мэт ойлгуулж, сэтгэлд буулгах урлаг бол радио юм. Би 1966 оноос радиогийн найруулагчаар ажилласан. Тэр үед мэргэжлийн найруулагч нь хойшоо сургуульд явчихсан учраас нэг хэсэг бүх л бичлэгийг ганцаараа хийж байлаа. Бичлэг хийнэ гэхээр амных нь өмнө микрофон тавиад л болчих зүйл биш шүү дээ. Микрофоныг нь тухайн хүнийхээ хоолойн өнгөнөөс шалтгаалж хаана байрлуулах нь чухал байдаг юм. Сүүлийн үед ажиглаад байх нь ээ, микрофоноо амандаа тулгаад барьчихдаг болж. Сүүлийн үед дуу хөгжим бичдэг хүн олширсон байна л даа. Тэдний бичлэгийн чанар сайн биш байгаа. Би 1966-1970 он хүртэл дуу, хөгжмийн найруулга хийсэн. 1970 оноос Жалан-Аажав гуайн тушаалаар нэвтрүүлгийн найруулагч болсон юм. Нэвтрүүлгийн найруулагчийн ажил илүү өргөн хүрээ хамардаг. Хариуцлага их өндөр байсан үед төр засгийн том арга хэмжээнүүдэд ажилладаг байлаа.
-Таны ажиллаж байх үетэй харьцуулбал хариуцлага өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Хариуцлага ер нь сул болжээ. Хийж байгаа ажилдаа анхаарч, няхуур, нямбай, элдэв юм бодохгүй, зөвхөн ажлынхаа чанарт анхаарч ажиллах хэрэгтэй л дээ.

-Хариуцлага, сэтгэл хоёр холбоотой юу?
-Холбоотой. Сэтгэл байгаа цагт хариуцлагатай байна.
-Таны бодлоор нэвтрүүлгийн чанар хэр байна вэ?
-Сүүлийн үед янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа нь сайн. Гэхдээ учир дутагдалтай зүйл их байна. Миний бодлоор хотын радиогийн нэвтрүүлэг сайн байгаа. Манай гэрт гурав, дөрвөн радио байна. Ер нь радиогоо сонсохгүй бол хоосон оргиод, нэг юм үгүйлэгдээд байдаг юм. Харин FM-үүд, телевизүүд ялгарах зүйлгүй болж. Ая дууны мэндчилгээ л явуулах юм. Монгол хүнийг хөгжүүлж, тархинд нь юм хийж өгөх хэрэгтэй байна. Мөн хүнд хүргэж байгаа зүйлийнхээ тухай биш, өөрийгөө үзүүлчих бодолтой хөтлөгч олон болжээ. Хүний оюунд мэдлэг нэмэрлэж байгаагаа анхаарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний тархи, оюунтай харьцаж байгаа хүмүүс буруу зүйл яривал хор уршигтай. Зурагтаар сурталчилгаа яваад салахаа байж. Оюунд нэмэрлэх цагаас аваад байна гэсэн үг шүү дээ. Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Сүүлийн үед ажиглаад байх нь ээ, дандаа л хүнээс юм нэхсэн, засаг төр рүүгээ дайрсан зүйл их ярих юм. Ардчилсан нийгэмд юу дуртайгаа хийдэг мэт ойлголж, дураараа байхыг ардчилал гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол оюундаа хоосон байгаагийн шинж шүү дээ. Уг нь монгол хүн оюуны өндөр чадамжтай, ухаан саруул улс юм шүү. Оёдлын машиныг модоор бүтээсэн ард түмэн шүү дээ.
-Бахархал гэж юу вэ?
-Бахархал гэдгийг ирээдүйтэйгээ холбож бодох хэрэгтэй. Бид өнгөрснөө их ярих юм аа. Ярих ёстой л доо. Гэхдээ зөвхөн өнгөрснөө биш ирээдүйгээ хамт ярих ёстой. Чингис хаан л гэнэ. Тэр хүн шиг мэдлэг, чадвартай байж улсаа хөгжүүлэх хэрэгтэй байна шүү.
-Одоо радио сонсогчдийн хүрээ хумигдсан шиг санагддаг. Ер нь радиогийн ирээдүйг хэрхэн хардаг бол?
-Радио ирээдүйд шахагдана гэдэгтэй санал нийлэхгүй.
-Таны нэг охин найруулагч байх аа.
-Би гурван хүү, хоёр охинтой. Ер нь бидний үеийнхэн хүүхдүүдээ амьдралын ухаантай болгох гэж зүтгэдэг байжээ. Нэг ёсны коммунист үзэр юм уу даа. Би хэдэн хүүхдүүдээ заавал их, дээд сургуульд сур гээгүй ээ. Том охиноо гуталчин болгочихсон. Барилгаас баатар ч төрдөг гэж хэлээд нэг хүүгээ барилгачин болгосон. Нэг охиндоо бас л тэгж хэлээд хэвлэл чимэглэлийн үйлдвэрт оруулсан. Бага маань харин миний мэргэжлээр явсан.
-Зурагт үзэж байгаад хамгийн их бухимддаг үе.
-Сэтгүүлчдийн мэдлэг нимгэн байгаад их зовдог. Хүний тархинд юм хийж байгаа хүн өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Юм юмыг л мэддэг, чаддаг байх хэрэгтэй. Би өглөө бүр “Цай юу, кофе юу” нэвтрүүлэг үздэг юм. нэг удаа дуучинтай ярилцаж байна аа. Тэр хүн өглөөгүүр дуулдаггүй юм гээд байхад л нэг ая өргөөч гээд шалаад байх юм. тэгээд хоёр нэвтрүүлэгч уралдаж яриад л. Нэгнийх нь асуултад хариулж амжаагүй байхад асуултаар булаад байх юм. “Танайд хоноё” нэвтрүүлгээр нэг гавьяатынд хонолоо. Өглөө явахдаа тэр хүү гавьяатын тэмдгийг нь хараад “Энэ юун тэмдэг вэ” гэж асуусан нь мэдлэггүйн жишээ. Сайхан нэвтрүүлэг хийж байгаа нь сайн ч ярилцах хүнээ судалж мэдмээр байна. Сэтгүүлч хүн алдар цол, тэмдгүүдийг ялгадаг байх хэрэгтэй л дээ. Ингээд яриад байвал их юм бий.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.