Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд чадах болов уу?

Ногоон эдийн засгийн талаар Боаогийн чуулганд илтгэж яваа Ерөнхий сайдын үг Монгол Улсын баялгийг ашиглая гэвэл байгальд ээлтэй технологиор уралдахыг Азийн алба нэгтнүүддээ захисан зохист анхааруулга байлаа. Чийглэг тааламжтай арал газраас хавсарга нүдсэн тал нутагтаа буухын цагт С.Батболдыг цаг агаарын гэхээсээ улс төрийн, эдийн засгийн шинжтэй цөөнгүй сорилтууд хүлээж байна.

ТАВАНТОЛГОЙН ЦАГ ЭХЭЛЛЭЭ

С.Баяр түүнд албаа өгөхдөө цаг үеийн шаардлага С.Батболдыг лидерийн “өв залгамжлагч”-аар тодруулж байгаа тухай тунхагласан. Энэ агшин яагаад ч юм Хувьсгалт намын нэн шинэ удирдагчийн гэхээсээ Тавантолгойн цаг эхэлснийг дохиолж буй мэт сэтгэгдлийг төрүүлж байлаа. Шинэ лидер гол чадвараа бизнесийн салбарт л хуримтлуулсанд С.Баяр баахан олзуурхаж, түүнээс эдийн засгийн сэргэн мандалтыг хүлээж болно гэсэн мессежийг улс орон даяар цацаж өгөөд буулаа. Түүнээс бус Сү гэж нөхөрт улс төрийн лидер байх чанар бий эсэхийг олон нийт мэдэхгүй.

МАХН-д элссэн даруйдаа их улс төрийн шатаар олон гишгүүр алгасан харайсан болохоор улс төрийн хүрээнд гавьтай нөхөд ч үгүй, гайтай дайсан ч үгүй өнөөдрийг хүрсэн билээ. “Улаан туг, залуучууд хоёр ихэр юм” гэдэг шиг С.Батболд Тавантолгойн ордтой шадар. Тэрээр энэ том ордын эдийн засгийн түүхийн автор нь. Сү Тавантолгойн хайгуулд оруулсан хөрөнгөө эргүүлэн авч, лицензийг нь төрд тушааснаа зарласнаар тухайн үед намын дарга болоод удаагүй байсан С.Баярын нэр хүндийг өргөж өгсөн гавьяатай. Толгой эргэм ашиг авчрах стратегийн бизнесээс татгалзсан хэмээх өгүүлбэр УИХ-ын 2008 оны сонгуулийн сурталчилгаанд С.Батболдыг тодорхойлж байсан.

Тэрбээр олигарх нэр зүүхээс үхтэлээ айдаг хэдий ч Тавантолгой түүнд ийм боломж олгох нь юу л бол. Ядаж л эхнэрийнхээ нэр дээр “Энержи ресурс”-ийн хувьцааг эзэмшиж байгаа гэсэн яриа араасаа тайлбар нэхэх нь дамжиггүй. Үүнээс ч илүү хатуухан нэхэл бол 1.5 сая төгрөг, 2011 он гэхэд босгосон байх учиртай дөрвөн их наяд бөгөөд үүнийг Тавантолгойгоос олох боломжийг Засгийн газар эрэлхийлж буй. Аварга ордын түүхийг эхлүүлж байхдаа өөрийн толгойгоор том намыг засагтай нь удирдах завшааныг төсөөлөөгүй байсан Сү-д “цаг үеийн шаардлага” дахиад л Тавантолгойг өглөө. Энэ ордоос хүртэх гэсэн ашиг сонирхлын дайн МАХН-ын дотор хийгээд гадна хэдийнэ эхэлсэн гэх бөгөөд үүнийг бизнесийн шударга өрсөлдөөн болгож чадах эдийн засагч ухаан Ерөнхий сайдад бий хэмээн найдъя. Ийнхүү Тавантолгойн цаг эхэлсэн шүү, чаг-чаг…

АМАРХАН УНАЖ МЭДЭХ ЗАСГИЙН ГАЗАР

С.Батболдыг МАХН-ын даргад өргөмжилсөн энэ цаг үе хэдэнтээ хувирч болох магадлал бий. УИХ-ын 2012 оны сонгууль ойртсон байхад Засгийн газраараа оролдох “тэнэглэл” МАХН, АН-ын хамтралд байхгүй гэж хэлэх аргагүй. Санжаагийн Баяр ч 2008 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс ердөө зургаахан сарын өмнө МАХНын дарга болж, хамгийн хүчтэй гэгддэг хотын фракцын лидер М.Энхболдыг намын даргын хийгээд Ерөнхий сайдын албанаас нь унагаж л орхио биз дээ. Үүгээр бол Засгийн газраа тогтвортой байлгах нь Сү-гийн хүчин чармайлтаас шууд шалтгаалах юм.

Нөгөөтэйгүүр түүний Засгийн газрыг унагах нь С.Баярын толгойлж байсан засгийг ганхуулахаас амархан байж болно. Хамтарсан засгийн бүхий л тохиролцоог мань Сү өөрөө гардаж хийгээгүй гэдгийг улс төр сонирхогчид андахгүй. Тэрбээр одоо яг С.Баярын дэглэсэн төлөвлөгөөгөөр замнахаар хичээж байгаа ч өөрөөс нь өмнө хийсэн энэ загвартай авцалдахгүй санаа оноо урган гарахыг үгүйсгэх аргагүй.

Намын даргын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн одоо бол С.Баярын үеийнхээс маш хялбар харагдаж байгаа нь ч нууц биш. С.Батболдтой өрсөлдвөл ялж мэдэх кадрууд түүний хажуу хавирганд У.Хүрэлсүхээс эхлээд харагдана. Шинэ лидерт намын анхан, дунд шатанд өөрийн гэсэн баг байхгүй. Хотынхон, залуусын фракцаар дам түшүүлээд ч гэсэн мэрийдэг л хэрэг. С.Баяр бас байна. Тэр өнгөрсөн хугацаанд тогтоосон нөлөөгөө зүгээр нэг орхичихгүй болохоор хэн хүн халдаад байхааргүй нуруу болж өгөх биз ээ.

“ЗАХИДАЛ” ИНГЭСХИЙГЭЭД ЗАДРАХ БАЙЛГҮЙ

С.Батболд улс төрд орж ирсэн цагаасаа л “дугтуйтай захидал” шиг нууцлаг байж, үүгээрээ өөрийнхөө имижийг бүрдүүлж ирсэн мэт санагддаг. “Захидал” ингэсхийгээд аандаа задрах байлгүй. Гэхдээ 47 настай өдий том эр хүн гэнэт өөрчлөгдөөд хаа холдов гэж дээ. Түүнийг С.Баяр “гоё” хэлсэн. Хааяа “Үгүй” гэж хэлж сур гэж байгаа юм чинь. Өөрөөр хэлбэл, манай Сү часхийсэн шийдвэрийг тасхийтэл гаргаж сурч байж л лидер болно шүү гэв. Халираад л, утга учиргүй бөөрөнхийлөөд л, үүнийгээ “Би төрмөл дипломатч” гэж цайруулаад сууж таарахгүй нь.

Ерөнхий сайдын алба бол хэдэн төгрөг өгөөд хүмүүсийн амыг тагладаг алба биш. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагын хариуд “За” гэлээ. Ингэж хэлд ороход учир бий шүү. Энэ удаагийнх чихнээс хонх уях явдалгүй, Засгийн газрыг нэг хэсэгтээ амсхийлгэх төдий гал унтраах арга болов. Монгол Улсын цалингийн нийт санг 2010 онд 1.5 триллион төгрөгөөр батлаад байснаас 600 тэрбумыг нь төрийн 140 мянган албан хаагч, үлдсэн 900 тэрбумыг хувийн хэвшлийнхэн авах төсөлтэй. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт 900 тэрбумын хуваарьтай хувийн компанид хөлслөгдөгчдийг хэрхэн хөлдөө чирэхийг тооцож байж “За” гэж хэлд орохгүй дээ. Гэхдээ л Сү азтай.

Сонгуулийн үеэр С.Батболд намын дарга байгаагүйгээрээ азтай. Хүмүүс С.Баяраас хүлээж байсан шигээ агуу гайхамшгийг С.Батболдоос хүлээхгүй. Шударга зүйл гэж байдаг бол бэлгэ тэмдэг нь С.Баяр байсан үе саяхан даа. Тэгэхэд сонгогчид С.Баярыг сонсож, түүний төлөө намыг нь дэмжсэнээс бус Сү-гээр баримжаалаагүй гэдгээ мэдэж байгаа. Өлсгөлөн зарлан тэмцэгчид хүртэл шинэ лидерийг тэгтлээ баалахгүй байгааг анзаарав уу. С.Батболдоос гайхамшгийг хүлээхгүй байгаа нь нэг талын аз, нөгөө талын өөр хэн нэгнийг хүлээх эз ч байж болох юм.



0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.