Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарсан засгийн газрын хамтраагүй орон зай

Улс төрийн хаврын амьдрал эхлэв. З.Энхболдын ахалсан Ардчилсан хүчний холбоо нэртэй төрийн бус байгууллага АН дахь уур амьсгалд тодорхой хэмжээгээр хэлбэлзэл авчирч буй бол МАХН-ын сайн дурын фанатууд намын даргын хийрхэлд автах болсоор удав. Санаатай болон санаандгүй байдлаар улс төрийн гол хүчин болох МАХН, АН дахь энэхүү ”жингүйдэл” хамтарсан Засгийн газрын хойморт уулзаж буй юм. Ардчилсан хүчний холбоо улс төрийн эрүүл үзэгдэл мэтээр харагдаж буй бол Зүүний хүчний холбоонд тулгуурласан даргын суудал тойрсон даруулгагүй дайн МАХН, улмаар хамтарсан Засгийн газрыг хамрахаар тэмүүлж байгаа нь анхаарал татах болов. Хоёр намд өрнөж буй үйл явдал болон жигүүр дэлгэсэн холбоо, хөдөлгөөнүүд улс төрийн шилжилтийн цаг үе ирснийг дохиолж байж ч болох. Чухам энэхүү зайлшгүй ирэх учиртай шилжилтийг хэрхэн эрүүл байдлаар угтах вэ?

Ц.Элбэгдоржийн эзгүйд
Ардчилсан хүчний холбооны ард Ц.Элбэгдоржийн ашиг сонирхол нуугдаж буй мэтээр эндүү ойлгож, зөрүү тайлбарлах нь бий. Эрхэм Ерөнхийлөгчийн нэрийг “арилжих” нь ажлаа амжуулахад нэмэртэй болохоор иймэрхүү ойлголт төрүүлэх нь холбогдох хүмүүст ашигтай байж болох. Гэвч эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар саяхан уулзаж, сэтгэлийн сэв, хараа арчиж хаясан бололтой юм билээ. Ардчилсан Ерөнхийлөгч төрүүлсэн АНын дарга Н.Алтанхуяг болон өнөөгийн удирдлагуудаар оролдох сонирхол Ардчилсан хүчний холбоог хөтөлж байж болох ч энэ нь төдийлэн сэтгэл чилээх асуудал биш юм. Учир нь АН Ардчилсан хүчний холбоотой байх нь МАХН Зүүний хүчний холбоондоо элгэмсүү ханддагтай адил эрүүл үзэгдэл.
Н.Алтанхуягтай хамт намын даргын суудалд өрсөлдөөд ялагдал хүлээсэн З.Энхболд, сайдын томилгооноос удаа дараалан мултарч, албан тушаалын хохирогч хэмээх “хоч” авсан Р.Амаржаргал нарын хүмүүс Ардчилсан хүчний холбоог ийнхүү хардах нөхцөл болж байхыг үгүйсгэхгүй. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн дагуу намаасаа түдгэлзэн, АН-ын гол тайзнаа түүний орон зай эзгүйдсэн нь З.Энхболд, С.Эрдэнэ нарт боломж олгосон хэрэг хэмээн ойлгож болно.


Синдром уу, эрүүл үзэгдэл үү?

Анхнаасаа хамтарсан Засгийн газрыг дэмжээгүй, Н.Алтанхуягийг хүлээн зөвшөөрөх дургүй байсан эрхмүүд нэгдэн Ардчилсан хүчний холбоог байгуулсан нь тус байгууллагын зорилгыг илүү ноцтой болгож буй нь үнэн. Гэхдээ, эрүүл байдлаар олж харахыг хичээвэл Ардчилсан хүчний холбоо байх ёстой. Тэгж байж АН ардчилсан хэвээр үлдэнэ. Нөгөө талаар хоёр намын байгуулсан хамтарсан Засгийн газрын хамтраагүй орон зай нь Ардчилсан хүчний холбоо юм. Улс төрийн намынхаа хувьд эрүүл үзэгдэл. Тэгэхдээ улс төрийн зорилгын хувьд эрүүл бусаар ажиллаж эхэлбэл АН доргих нь эргэлзээгүй. АН доргивол хамтарсан Засгийн газарт асуудал үүснэ. АН-аас төрсөн “Алтангадас” хэмээх ассоциаци албан ёсоор татан буугдсанаа мэдэгдсэн. Энэ нь ч бас ардчилал байсан. Эдүгээ Ардчилсан хүчний холбоотой боллоо.
Төрийн бус байгууллага хэмээсэн нь учиртай байж болохыг зарим эх сурвалж үгүйсгэсэнгүй. АН-аас яваандаа туурга тусгаарлахын тулд тус холбооныхон одооноос бэлтгэлээ базааж буй нэг хэлбэр хэмээн үзэж буй хүн ч бий. Одоохондоо ирэх сарын сүүлээр болох АН-ын ҮЗХ-ны ротацын чимээ төдийгөөр илэрч байгаа Ардчилсан хүчний холбооны амбиц алсдаа төрийн бодлогод баримталж буй намынхаа байр суурийг сөрөөд эхэлбэл асуудал аягүйдэж буй нь тэр юм. Нам, хүчнүүдийн хоорондын энэ мэтийн улс төрийн тоглолт болон дотоод “эргэлт” төрийн тогтвортой байдлыг алдагдуулах хэмжээнд өндрөө авбал энэ нь өөрөө өнөөгийн нөхцөлд зүй бус синдром билээ.

Хос ба өрөөсөн жигүүрийн учир
Эмчилгээ хийлгээд эзгүй байгаа С.Баярын чихийг өрөөлийн бус, өөрийн намынхан нь чамлахааргүй их халууцуулах болов. Үүний цаана Ерөнхий сайд С.Батболдын байр сууриар оролдох сонирхол дам хэлбэрээр илэрч байгаа. МАХН-ын түүхэнд Ерөнхий сайд болон намын даргын албыг салган, хоёр хүн хариуцан хашиж байсан үе үгүй. Энэ утгаараа МАХН-ын боловсон хүчний бодлого Ерөнхий сайдаар дамжин хэрэгждэг гэж хэлж болно. Эдүгээ эл хоёр албыг салгаснаар завсрын тоглогчид, замын амбицтангуудад боломж олгоод байгаа юм. С.Баяр намын даргын ажлаа авч үлдэн, Ерөнхий сайдын албаа С.Батболдод өгсөн нь нам дахь ашиг сонирхлын бүлэглэлүүдээс болгоомжилсон хэрэг байв. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ Ерөнхий сайд С.Батболдыг өрөөсөн жигүүртэй болгож орхисон билээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалах, нам дахь зөрчил тэмцлийг хумих үүднээс намын даргын албаа С.Батболдод хавсарган өгөх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг нийгэм харж, мэдэрч байна. Гэхдээ С.Баяр намын даргын албаа зайлшгүй хүлээлгэн өгөх болсон тохиолдолд шүү дээ. Гэтэл энэ мэтийн цаг үеийн хүчин зүйл болон хүний мөс чанараас шалтгаалах асуудлыг эрээ цээргүй хөндөн, улмаар нэгнийгээ лообийдох, улс төрийн хуйвалдаан болгон хувиргахаар нөлөө бүхий зарим нөхөд, тодруулбал, хотын фракц, Зүүний хүчний холбооныхон оролдож байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж буй юм.

С.Баярын эзгүйд, С.Батболдын ар хударгаар
Саяхан “МАХН-ын даргад С.Баяр Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх магадлалтай” гэсэн агуулга бүхий Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнгийн ярилцлага өдөр тутмын бараг л бүх сонины нүүрийг чимэв. У.Хүрэлсүх, Д.Зоригт нар АНУыг зорьж С.Баяртай уулзсан тухай баримтууд дэлгэгдэж байна. МАХН-д намын даргын ёс зүйгүй марафон хэдийнэ эхэлж, захиалгат цуврал болон үргэлжилж буй нь эндээс харагдана. Их улс төрд эргэн ирэхээр идэвхийлэн бэлтгэж буй Н.Энхбаярын МАХН дахь нөлөөнд дулдуйдсан тоглолт голчилж байгааг үгүйсгэмгүй. Ямартай ч МАХН дахь агаарын урсгал, амбицын хувьсал толгойгоороо тоглох хэмжээнд идэвхтэй илэрч байгаа нь үнэн юм. Ерөнхий сайд С.Батболдын улс төрийн карьерыг ганхуулах, улмаар хамтарсан Засгийн газраар тоглох, олонхийн эрхээ эдэлж, хүч нөлөөгөө баталгаажуулан МАХН Засгийн газраа дангаараа бүрдүүлэх зэрэг олон эгзэгтэй асуудлыг тойрон энэхүү шоу хүчээ авах болов. С.Баярын эзгүйд, С.Батболдын ар хударгаар ийнхүү хор найруулан найрлаж буй явдал алсдаа мөн л төрийн тогтвортой байдалд дайсагнаж байгаа нь эмзэглүүштэй. Уг нь С.Батболдын ухаан, хүн чанар нь Ерөнхий сайдын албыг С.Баяраас хүлээн авахад хүргэсэн. Намынхандаа итгэсэн итгэл нь С.Баяр, С.Батболд нарыг ийм алхам хийхэд хүргэсэн. Тийм атал МАХН-ын залуус сиймхий гарсан дээр нь төрөөрөө тоглож, төрсөн гэрээрээ наадахаас буцахгүй байх шиг. Ах нам дахь эрх мэдлийн зөв хуваарилалт, төрийн тогтвортой байдал талаас нь асуудлыг авч үзвэл юун Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх. Энүүхэндээ гэхэд М.Энхболд, Ц.Нямдорж нар намба, ухаан зарж, өдгөө үүсээд байгаа эрх мэдлийн эвгүй хуваарилалтыг нэг талд гаргах нь төрийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэх юм.


Тогтворгүй байдлаас айх шалтгаан

С.Батболдод төр итгээд Ерөнхий сайдын хариуцлагыг үүрүүлж болж байхад МАХН даргын албаа шилжүүлэхэд юу нь болохгүй байхав. Энэ хоёр албыг салгах нь зөв байж болох ч өнөөдрийн байдлаар цаг нь биш гэдгийг ухаарахад илүүдэхгүй л болов уу. Салаа зам бүхэн хүчгүй, нэгдмэл бус байдлыг авчирч, үүнийхээ хэрээр эргэлзээ төрүүлдэг. МАХН-д үүсэж болзошгүй байгаа тэнцвэргүй байдал зарим хүний хувьд аятайхан идэш болж болох талтай.
МАХН, АН-д үүсээд байгаа С.Батболд, Н.Алтанхуяг нарт “хаягласан” дээрх нөхцөл байдал монгол түмний итгэлийн гал, хүлээлтийн утга учир, найдварын шалтгаан болоод байгаа хамтарсан Засгийн газрыг чиглэж буй нь тогтворгүй байдлын эхлэлийг тавьж буй. Чухам тогтвортой төрийн ажилласан хоёр жил тогтворгүй байдалд алдсан 20 жилээс хүчтэй, өгөөжтэй байгааг сануулах нь илүүц биз ээ. Хамтарсан Засгийн газрыг хоёр талаас нь хавсайдан сөхрүүлэх улс төрийн том зорилготой томоохон шоу хүчээ авч буй мэтээр тайлбарлагсад ч бий. Үнэн бол хамтарсан Засгийн газрын ард үлдсэн хамтраагүй орон зай өвчилж эхэлсэн нь энэ болов уу. МАХН, АН-ын улс төрийн далд амьдрал зарим талаараа хуйвалдаан болж хувирсны илрэл ч байж болох.
Хамтарсан Засгийн газар байгуулахаар нэгдсэн шийдвэрт хүрч, хамтын танхимд зарим нөхдөө илгээхдээ МАХН, АНын голлох лидерүүд ар гэрээ манаж, асаасан галаа сахина гэж амласан нь яалаа. Хамтраагүй орон зай сааралтаж эхэлбэл сүүдэрт нь монгол түмний сонгон түшсэн хамтарсан Засгийн газар жиндэнэ. Төрийн зуд хэмээн үүнийг тодотгохыг хүсэж байна. Байгалийн зуд, харын зуд, туурайн зуд, дээр нь төрийн зуд нийлэхээрээ юу болох бол?
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.