Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд: Ая тух, үнэ өртгөөс илүү аюулгүй байдлыг найдвартай хангаж ажиллаарай

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сарын 26-нд МҮЭСТО-нд болсон Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнийг нээж үг хэллээ.
    Тэрбээр, Та бүхэнтэй хэдхэн сарын өмнө уулзахдаа энэ салбарт баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж буй гэдэгт итгэж байна. Өнөөдрийн зөвлөлгөөний агуулга, тавигдах илтгэлүүд тулгамдсан асуудлуудыг хөндөж шийдвэрлэх гарц олоход чиглэгдэх учиртай. Учир нь манай улсын хот байгуулалт, дэд бүтцийн бодлогыг шинэчлэх, олон улсын стандартын түвшинд хүргэх, эрх зүйн тогтвортой орчин бий болгох зайлшгүй шаардлагатай.   
Монгол Улсын Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 27555 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан дүн мэдээ байна. “40 000 орон сууц” хөтөлбөр нь тоо хэмжээний хувьд ийм байгаа ч, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтоо бүрэн биелүүлсэнгүй.
Засгийн газар бодит байдалд дүгнэлт хийж, нэлээд ажлыг эхлүүллээ. Нийслэлд дэд бүтцээр хангах бололцоотой гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, хуучин орон сууцны хорооллыг шинэчлэх гээд ихээхэн ажлууд хийгдэнэ. Мөн Улсын болон хувийн их, дээд сургуулиудын “Оюутны хотхон”-ыг олон улсын жишиг стандартын дагуу барьж байгуулахыг судлах ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар та бүхэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.  
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 20 орчим хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарч байна. Тиймээс нийт хүн амынхаа 30-аас доошгүй хувийг инженерийн хангамж бүхий орон сууцаар хангахын тулд “100 мянган орон сууц” төслийг дэвшүүлж, Хамтарсан Засгийн газар өөрийн нэгэн чухал зорилт болгон хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.
“100 мянган орон сууц” төслийг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын орон сууц, дэд бүтцийн хангамж сайжирч, ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, усны бохирдол эрс буурч, авто замын сүлжээ нэмэгдэж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн байх ёстой. Энэ бол бидний зорьж, төлөвлөж буй үр дүн. Үүнийг бодит ажил болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, санхүүгийн механизмыг бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллана. 
Сүүлийн үед Улаанбаатар хотын орон сууцны барилгуудын газар хөдлөлтөнд ямархуу тэсвэртэй вэ гэдэг асуудал олны анхаарлыг татах боллоо. Тиймээс барилгын салбарын удирдлагууд та бүхэн барилга барихдаа ая тух, үнэ өртгөөс илүү аюулгүй байдлыг найдвартай хангаж ажиллаарай гэж онцлон хэлье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
2010-03-26
 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.