Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд: Ардчиллын үйл явцад боловсрол чухал байна

 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) тэргүүлэх үүргийг Монгол Улс өнгөрсөн долдугаар сараас хүлээсэн. Ирэх хоёр жилийн угацаанд уг нийгэмлэгийг тэргүүлэхдээ ардчиллыг үндэсний, бүс нутгийн, дэлхийн хэмжээнд хөгжүүлэх, бэхжүүлэхэд хүчин зүтгэх учиртай. Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 8-нд Бүгд найрамдах Индонез улсын Демпасар хотод Ардчиллын төлөөх Балийн IV чуулга уулзалтад оролцохдоо АОХН-ийг тэргүүлэхдээ ямар зарчим, байр суурь баримтлахаа илэрхийлж, энэ чиглэлээр улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах талаар хоёр талын хэлэлцээ хийж нэг сумаар хоёр туулай буудаж амжив.

2008 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд 82 орон, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсон. Манай улсаас Ерөнхий сайдын төвшинд анх удаагаа оролцсон нь энэ. “Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь: Ардчиллын дуу хоолойг дэмжих нь” сэдвийн дор өрнөсөн уг чуулга уулзалтыг БНИУ богино хугацаанд товч, үр дүнтэй зохион байгуулжээ. Ерөнхий сайд С.Батболд чуулганы индрээс Монгол Улс ардчилсан хувьсгалыг хэрхэн тайван замаар хийж, түүнийхээ үр шимийг хүртэж буй туршлагаасаа хуваалцсан. Үргэлж л бусдаас дэмжлэг хүсдэг байсан цаг ард хоцорч, манай улсын эдийн засаг энэ онд 20 хувь өссөн, ирэх онд 20 хувиар өсөх хандлагатай байгааг дуулгасан юм. Мөн Мяньмарын ардчиллын үйл явцыг дэмжихээ мэдэгдэв. Мөн хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийсэн юм.

Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд ярилцлага өгсөн.

-Ардчиллын төлөөх Балийн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн 20 жилд Монгол Улс, монголчууд ардчиллын үнэт зүйлийг хөгжүүлэх талаар чамгүй амжилт гаргасанд олзуурхлаа. Ази тив дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон төв болж байна. Ардчиллын үнэт зүйлийг Азид бэхжүүлэх нь зах зээлийг хөгжүүлэхийн үндэс болно. Азийн улс орнууд дундаас Индонез улс Ардчиллын төлөөх Балийн форумыг санаачилж, дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Жил ирэх бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Анх зохион байгуулахад 30 гаруй орноос оролцож байсан бол одоо 80 гаруй орон, олон улсын байгууллагаас төлөөлөл ирсэн нь Азийн улс орнууд ардчиллын үйл хэрэгт илүү ач холбогдол өгч буйг харууллаа. Бүс нутгийн хоорондын уялдаа, хамтын ажиллагааг нэмэгд үүлж, бие биенийхээ туршлагаас солилцох ёстой гэж үзэж буй нь лидерүүдийн хэлсэн үг, зорилгоос харагдаж байна. Энэ удаагийн форум ардчиллын үйл явцад оролцоог хэрхэн нэмэх, нийгмийн дуу хоолойг төр засаг нь хэрхэн сонсох ёстой тухайд анхаарлаа хандуулсан.

Манай улс энэ оны долдугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Яг энэ асуудлаар 2009 оны зургадугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзаж ярилцаж байсан. АОХН-ийг тэргүүлэх нэр хүндтэй, бас хариуцлагатай үүргийг манай улс хүлээж авсан. Тиймээс ардчиллыг дэмжиж буй орнуудад бид тэргүүлэх туршлагаа харуулах ёстой. Ардчилал бол үйл явц. Тиймээс ардчиллын соёлтой болохын тулд төр, иргэний нийгэмд ардчиллын боловсрол чухал. Үүнд иргэний нийгмийн оролцоог нэмэх, дууг хоолойг төр сонсох асуудлыг онцолж байна. Үүгээрээ Ардчиллын төлөөх Балийн чуулгантай зорилго нэг байгаа юм. АОХН-ийг Засгийн газар хариуцаж, зохион байгуулдаг. Тиймээс Засгийн газрын тэргүүний хувиар уг форумд анх удаа Ерөнхий сайдын төвшинд оролцлоо.

Балийн форум нэгнээ нөхөх ач холбогдолтой. Тиймээс бүс нутагтаа хуримтлуулсан туршлага, амжилт, сургамжаа хуваалцах учиртай. Ардчиллын үйл явц, түүнийг хамтран дэмжих, бүс нутгийн болон Азийн орнуудын төвшинд гүйцэтгэх талаар үр дүнтэй уулзалт боллоо.

-Чуулганы дараа хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй уулзсан. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Инденезийн талтай уулзаж, эдийн засаг, уул уурхайн салбарт хамтын ажиллагааны механизмаа эрчимжүүлэх талаар ярилцлаа. Тус улсын Ерөнхийлөгч ирэх оны хоёрдугаар хагаст манай улсад айлчлахаар болсон. Мөн Катарын Ерөнхий сайдтай богино хугацаанд эдийн засгаа өсгөж, түүнийгээ ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд чиглүүлж чадсан, мөн ардчиллыг бэхжүүлэх явцыг хамтад нь авч явсан тухай ярилцлаа. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтрах сонирхолтой байна. Тус улсын Ерөнхий сайд ирэх оны эхний хагаст манай улсад айлчлах яриа хэлэлцээ хийж байна. Бусад орны зочидтой ч яриа хэлэлцээ үргэлжилнэ. Олон улсын арга хэмжээ хэдий ч хоёр талын хамтын ажиллагаагаа ярилцсан амжилттай уулзалт болж байна.

-Монгол Улс БНСУ-тай хамтран өнгөрсөн наймдугаар сард Ардчиллын төлөөх Азийн түншлэл гэсэн шинэ санаачлага дэвшүүлсэн. Ирэх онд хамтарсан чуулган хийх тухай та хэлсэн үгэндээ онцоллоо. АОХН-ийг тэргүүлж буй орны хувьд өөр ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Бид хоёр жилийн хугацаанд бүс нутаг, олон улсын хэмжээнд ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, бэхжүүлэх талаар үндэсний болон бүс нутаг, дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. БНСУ-тай хамтарч ардчиллын үйл явцыг дэмжих хоёр талын санаачилга гаргасан. Ирэх оны сүүлчээр БНЭУ-тай хамтарч ардчиллын үйл явцыг дэмжих форум зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвхөн төрийн биш иргэний нийгмийн төвшинд ч ийм арга хэмжээ зохион байгуулна.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.