Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сауд гоби коэл транс”-ын харуулыг хамтран амьдрагч нь хөнөөгөөд амиа егүүтгэжээ

-Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн ч амжилт олсонгүй-

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” ХХК-ийн харуул Ж.О болон түүний хамтран амьдрагч Ч.Б нар амиа алдсан хэрэг энэ сарын 22-нд гарчээ. Хэргийн газарт болон цогцост хийсэн үзлэгээр Ж.О хоолойдоо хутгалуулсан, хамтран амьдрагч нь тоононоосоо боомилж нас барсан байсан гэнэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж гэгддэг ч албан ёсны бүртгэлд өөр хүмүүсийн нэр байдаг “Сауд гоби коэл транс” ХХК-д ажиллахаар Увс аймгийн Улаангом сумаас тэд ирээд багагүй хугацааг өнгөрөөж буй нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд гэр бүлийн маргааны улмаас 43 настай Ж.О-г хөнөөгөөд улмаар Ч.Б нь амиа егүүтгэсэн нь батлагдаж байгааг эх сурвалжууд мэдээлэв.

“Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхай нь дээрх багийн нутаг, тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нурууны орчимд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хор уршиг учруулж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалж, 2019 оны наймдугаар сараас уурхайг хаах арга хэмжээ авсан билээ. Гэвч “Сауд гоби коэл транс” ХХК-ийн удирдлага төр засгийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Монгол Улсын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гарган хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж энэ оны нэгдүгээр сарын 27-нд тус шүүхэд хэлэлцсэн байна.

Улмаар “Сауд гоби коэл транс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон нь зөв гэж дүгнэжээ. Тус компанийнхан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор байгаль орчныг нөхөн сэргээх ажлаа хийгээгүй хоёр жил гаруй болсон хэмээн орон нутгийн иргэд өгүүлдэг билээ. Юутай ч Экологийн цагдаагийн албаныхан 2024 он хүртэл хэрэгжүүлэх “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайд нөхөн сэргээлт хийлгэх нь дамжиггүй биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Сауд гоби коэл транс”-ын харуулыг хамтран амьдрагч нь хөнөөгөөд амиа егүүтгэжээ