Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“САЙНШАНД” цогцолборын зөвлөл, ажлын хэсгийг байгуулав

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж, орлогч даргаар нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллах болов.
Цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа.


Зөвлөлд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл, ажлын хэсэгт яам, агентлаг, холбогдох аймгийн Засаг дарга, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл багтсан байна.
    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт зэс хайлуулах, кокс-хими, барилгын материал, нүүрс-химийн зэрэг улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах томоохон үйлдвэр баригдах бөгөөд үүнийг дагасан дэд бүтэц, нисэх онгоцны буудал, терминал, дагалдах жижиг, дунд, хөнгөн үйлдвэр хөгжих боломжтой.
    Мөн хүн амын шинэ төвлөрөл бүхий хот, суурин газар үүсч бий болохтой уялдан бүтээн байгуулалтын ажил өрнөж, орчин үеийн үйлдвэрийн хот үүсч хөгжинө.
       Ойрын жилүүдэд Чойбалсан, Сайншанд, Өмнөговь, Дархан, Сэлэнгийн бүсийг холбосон нэгдсэн төмөр замын сүлжээтэй болж, өөр хоорондоо түүхий эд, бүтээгдэхүүнээр харилцан хангах цогц үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой болох хандлагатай байна.    
    Үүний зэрэгцээ тухайн бүс нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмөр зам, авто зам байгуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төсөл хэрэгжүүлж эхлэх боломжтой болно.
    Засгийн газар стратегийн ач холбогдолтой орд газруудаас юуны түрүүнд Оюутолгой, Таван толгой ордыг ашиглалтад оруулахаар төлөвлөж, холбогдох дэд бүтэц түүний дотор Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр зам, Шивээ Овоо, Таван толгойн цахилгаан станц, авто зам, тээврийн сүлжээний дэд бүтцийг байгуулах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр шуурхай зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Иймээс говийн бүсийн хөгжлийг нэгдсэн төлөвлөгөө, удирдлага, зохицуулалтаар хангаж, Эрдэнэт, Багануур зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөлтэй эн зэрэгцэхүйц аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, эрдэс баялаг, түүхий эдийг боловсруулан дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд гарахын зэрэгцээ дотоодын хэрэгцээг хангах нь олон талын ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.