Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

САЙД Л.ГАНСҮХИЙН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Л.Гансүх нийтлэлч А.Баатархуягт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм байна. “А.Баатархуяг 2010 оны гуравдугаар сарын 1-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” гэсэн нийтлэлдээ БОАЖ-ын сайд намайг сая долларын байшинд амьдардаг гэж гүтгэлээ. ‘

Тиймээс түүнд хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсэж байна” хэмээн өргөдөл гаргасан аж. Цагдаагийн байгууллагаас өргөдлийн дагуу шалгаж, прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэхэд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, асуудлыг иргэний журмаар шийдүүлэхийг хоёр ч удаа зөвлөсөн авч сайд Л.Гансүх “Заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зүтгэжээ.

Тэрбээр цагдаа, прокурорынхонд нөлөөлсөн үү, ямар ч гэсэн А.Баатархуягт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ асуудлыг прокурор хянаж байхдаа дөрвөн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. А.Баатархуягийн дээрх нийтлэлийн “Олонх нь сүйрлээ мэдрээд амжиж хахаж үхтэлээ “цусалж” байна. АН-ын Л.Гансүх, МАХН-ын Ё.Отгонбаяр нар сая долларын үнэтэй байрандаа айлсаад л…” гэсэн хоёр өгүүлбэр өөрийг нь гутаан доромжилсон гэж Л.Гансүх өргөдөлдөө дурджээ.

Энэ хэрэгт цагдаагийн байгууллагынхан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс доктор О.Шинэбаяр, Э.Дондов, О.Самбуудорж, Б.Отгонсүрэн, Д.Боролзой нараар хоёр ч удаа мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд тэд “доромж үг хэрэглэсэн” гэж үзсэн аж. Эцэст нь Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч н.Энх-Амгалангийн бүрдүүлсэн хавтаст хэргийн дагуу дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэн А.Баатархуягт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “хахаж үхтэлээ цусалж байна” гэж доромжилсон, мөн “… нэг сая долларын үнэтэй байрандаа айлсаад…” гэж илт худал гүжирдлэг тараасан хэмээн Эрүүгийн хуулийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр хурал даргалагч шүүгч М.Алдар “хүний нэр хүндтэй холбоотой учраас хаалттай хэлэлцэнэ” гэж байсан. Энэ үеэр гүтгэлэг доромжлолын хэргийн хохирогч, БОАЖ-ын сайд Л.Гансүх өмгөөлөгч Ж.Эрдэнэбулганаас татгалзаж өөр өмгөөлөгч авч байгаагаа мэдэгдэж, хурлыг энэ сарын 31 хүртэл хойшлуулах хүсэлт тавьсан. Харин шүүгдэгч А.Баатархуяг хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаж, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү гэж хүссэн бөгөөд мөн энэ хэрэгт шинжээчдийг байлцуулах хүсэлт тавьсан юм.

Харин прокурор Д.Үүлэн хоёр талыг өмгөөлөгчөөр хангах нь зүй ёсны шаардлага гэдгийг хэлээд хурлыг хойшлуулах санал гаргасан. Түүнчлэн А.Баатархуягийн саналыг дэмжиж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах арга хэмжээ авахыг шүүхээс хүслээ. -Та яагаад өдий хүртэл эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авааг үй юм бэ? -Яасан гэж тэгтлээ сандрах вэ. Ямар гэм хийсэн биш гэж бодож явлаа.

Харин уржигдар шүүх хуралд орох гэж байгаагаа найзууддаа хэлтэл “Хөөе цаадах чинь нөлөөтэй юм биш үү, хоёр удаа хэрэг үүсгэхээс татгалзаж, дөрвөн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан хэргийг ингэж зүтгүүлнэ гэдэг сонин байна” гэсэн. Тэгээд би буруугүйгээ нотлохын тулд улсын яллагч болон сайд Л.Гансүхийн өмгөөлөгчтэй хуулийн хэлээр, хуулийн заалтаар мэтгэлцэх болсон. Хуулийнхны нийтлэл бичих, миний өөрийгөө өмгөөлөх хоёр адилхан учраас би мэргэжлийн туслалцаа авъя гэж бодсон.

-Танд өөрийгөө гэм буруугүйг, БОАЖ-ын сайд Л.Гансүхийн эсрэг цуглуулсан ямар нотлох баримт байна вэ? “М-Си-Эс”-ээс хаус авсан гэж та ярьж байсан.

-Би баримт цуглуулах юу байх вэ. Үгийн л маргаан. Бусад асуудлыг мөрдөн байцаагч шалгасан биз. Ноднин БОАЖ-ын сайд Л.Гансүх “Сэлбэ” хотхонд хаус авсан. Хотын төвд “А” зэрэглэлийн бүсэд хаус 165 саяын үнэтэй гэвэл та итгэх үү?

Тэр хаусаа “M-Си-Эс” компанийн захирлуудын нэг Л.Энх-Амгалангаас авсан байна лээ. Энэ хямдхан наймааг хийснийхээ дараа “Ухаа худаг-Гашуун сухайт”-ын чиглэлд авто зам тавих шийдвэрийг сайд гаргасан. Нэг юм хэлээд байгаа биз дээ. Л.Гансүхийн хэвлэлийн төлөөлөгч нь ирж уулзахад “Наадах асуудал чинь цаанаа ийм учиртай юм биш үү” гэтэл харин цагдаад өгчихдөг байгаа. Ё.Отгонбаяр сайдтай айлсаад гэсэн нь сайдууд “MСи- Эс”-ийн байшинд дуртайг хэлээд байгаа юм. Харин “…сая долларын байрны” тухайд би нэг сая төгрөгийн үнэ бүхий байранд гэж биш, шилжсэн утгаараа аймаар үнэтэй байшинд суудаг л гэсэн утгаар бичсэн.

Харин сайд бүр хямдхан хэлээд байна. М.Фрийдманы Монетаризмын онолд “Үнэ өөртөө мэдээлэл агуулсан байдаг” гэдэг. Хэт хямд, эсвэл хэт үнэтэйн хооронд их учир бий. Зах зээлийн нийгэмд тогтсон үнэ гэж байдаггүй учраас үнэ цэнийг харьцангуй утгаар авч үзэх ёстой шүү дээ, манай цагдаагийнхан. “Айлсана” гэдэг “Л.Гансүхийнхээс гараад Отгонбая рынд ордог” байхыг хэлнэ гэж ойлгоод байх юм. “Олонх нь хахаж үхтэлээ цусалж байна” гэсний тухайд Л.Гансүх “олонх” ч биш, тэр байтугай “олонхийн нэг ч” биш. Миний энэ өгүүлэл Л.Гансүхэд зориулагдаагүй юм аа, энэ бол улс төрийн нийтлэл гэж өчнөөн хэлээд ойлгохгүй юм.

Жишээ нь “олонх” гэдэг үг жирийн утгаараа бол нэг хэрэг, улс төрийн утгаар бол бас өөр агуулгатай биз дээ. Нэг өгүүлбэрээс “…хахаж үхтэлээ цусалж байна” гэсэн дөрөвхөн үгийг салгаж авчихаад “доромжиллоо” гэсэн байна. Энэ үгийг юу гэж ойлгох ёстой вэ? Төрд буй улс төрийн олонх аймаар их хөрөнгө шамшигдуулж байна л гэж ойлгоно биз дээ.

Ер нь ийм үгийг би хэлээгүй, бүгд л ярьж байгаа биз дээ. Ийм л нэг 10 гаруй үгийг сайд Л.Гансүхийн хүсэлтээр Монголын цагдаа, прокурор, ШУА-ийн эрдэмтэд хамжаад бүтэн жил ямар утгатайг тогтоох гээд бардаггүй сунжирсан залхмаар асуудал үүсчихээд байна.

Гэхдээ эцэстээ энэ хэдэн үгнээс болоод би ял авбал яахав. Би улс төрийн чиглэлээр бичдэг, энэ бол миний ажил төдийгүй нийгмийн өмнө хүлээсэн үүрэг. Бид улстөрчдийг хянах, хардах эрхтэй. Л.Гансүх иргэний шүүхээр явдаггүй юм гэхэд ардчилсан нийгмийн, Ардчилсан намын, ардчилсан сайд юм бол “Баатархуяг ингээд биччихэж, харин би ийм үнээр авсан” гээд хэвлэлийн бага хурал хийгээд тайлбар өгчихөд л болчих асуудал шүү дээ, энэ чинь.

Гэхдээ би АТГ-т удахгүй хандъя гэж бодоод байна. Миний хавтаст хэргийг татаж үз, нэг юмны үзүүр гарчихсан байгаа гэж.

Г.Цолмон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.