Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.ШАГДАРСҮРЭН: Яс хадах арга нутагшуулсныг дуулаад гадаадын эрдэмтэд гайхсан

Шинжлэх ухааны салбараас оны өмнөхөн долоон академич төрсний нэг нь Р.Шагдарсүрэн эмч юм. Анагаах ухааны салбарт амьдралынхаа хагас зууныг зориулахдаа тэрбээр Монголын гэмтэл, согогийн мэс заслын түүхэнд өөрийн дэг сургууль бий болгож, олон арван шавь төрүүлсэн гавьяатай. Эрдэм шинжилгээний 219 бүтээл туурвиснаас гадаадын сэтгүүлд наймыг нь нийтлүүлсэн, 21 500 мэс засал хийж, эмчилгээний 84 арга нэвтрүүлснээс ашигтай загварын гэрчилгээ 18-ыг эзэмшдэг. Ийм амжилтад хүрэх зам нь дардан байгаагүй ч сэтгэл зүрх, буй бүхнээ ажилдаа зориулсан нь таван үгээр нь л танигдана. ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх, шинжлэх ухааны академич, Гавьяат эмч Р.Шагдарсүрэнг “Хүмүүс” буландаа онцолж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Одоогоос 45 жилийн тэртээ залуу мэс засалчид Монголд анх удаа эрхтэн шилжүүлэн суулгах туршилт нохойд хийсэн гэдэг юм билээ. Тэдний дунд таныг байсан гэж сонслоо.

-1973 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд гэмтлийн мэс заслын багшаар томилогдож очлоо. Тухайн үед өвчтөн төдийлөн элбэг биш, оюутнуудад хичээл заахад үзүүлэн ховор байсан. Тиймээс одоогийн “Энэрэл” сургуулийн захирал Д.Дорж бид хоёр туршилтын лаборатори байгуулж, хүүхдүүдээ дагуулаад золбин нохойн эрэлд гарна. Сургуулиа төгсөөд удаагүй байсан тул эхэндээ нохойн гэдэс, ходоодыг тайрах, бусад мэс заслыг туршиж, IV дамжааны шавь нартаа үзүүлдэг байсан. Зууны эмч гэгддэг академич Т.Шагдарсүрэн багш анх зүрхний мэс заслыг Монголд нэвтрүүлэхдээ нохойд туршсан. Оюутан байхдаа лабораториор нь орж байлаа. Мөн доктор, профессор П.Долгор ерөнхий мэс заслын эмчилгээнд олон арга нэвтрүүлэхдээ мөн ийм туршилт хийсэн. Тэгээд л бид зориг шулуудаж, амьтантай жил орчим “ноцолдож” эд, эрхтнийг нь шилжүүлэх туршилтаа эхлүүлсэн дээ. Анх нохойн бөөрийг шилжүүлэн суулгасан юм. Дараа нь зүрх солих оролдлого хийлээ. Давгүй болсон шүү. Сүүлдээ унтуулгын бодис, бас бус зүйл хүрэлцэхээ больж, энэ ажилбараа зогсоосон. Манай улсад хүний эд, эрхтнийг шилжүүлэх тухай ярьж эхлээ ч үгүй байсан үе.

-Тэгээд ямар үр дүн гарсан бэ?

-Гөлөгний бөөрийг том нохойд шилжүүлэн суулгасан нь амжилттай болж, 10 гаруй хоног амьдарсан. Тухайн үед Дорноговьд Д.Дорж бид хоёр л мэс засалч мэргэжилтэй. Хамт туршилт хийсний үр дүнд багагүй зүйл олж мэдсэн. Манай улсад өдгөө эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хэдийн нутагшсан. Биднийг нохойд бөөр шилжүүлсэн талаар Гавьяат эмч Л.Жамбалжав номондоо бичсэн байдаг.

-Гэмтэл, согогийн мэс засалч байна гэдэг яггүй даваа шиг санагддаг. Та хэзээнээс энэ чиглэлээр мэргэшив?

-Дорноговь аймагт байхдаа Монголын анхны гэмтэл, согогийн мэс засалчийн дамжааг дүүргэсэн. Хот, хөдөөгийн 12 эмч суралцаж, төгссөн. Гэмтэл, согогийн мэс заслын салбарын ноён нуруу болсон Н.Даш (ГССҮТ түүний нэрэмжит), Г.Дэмид багш энэ дамжааг нээсэн юм. Ингээд орон нутагт гэмтлийн эмчилгээ, хагалгаа хийж байгаад 1978 онд ГССҮТ-ийн харьяанд ирснээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манайх Нэгдүгээр эмнэлгийн Гэмтлийн тасаг байснаа сүүлд 1976 онд эмнэлэг болж “тусдаа гарсан” юм билээ. 1991 оноос одоогийн энэ байрандаа нүүж ирээд, III шатлалын тусламж үзүүлж байна. Тэр үед осол, гэмтэл ч бага гардаг байж. Өдөрт 25-30 хүн гэмтлийн тусламж авдаг байсан бол өдгөө энэ тоо 500-д хүрчээ.

-Монголын сэтгүүл зүйд “Балдорж школ” гэж бий. Үүний адил та гэмтэл, согогийн мэс заслын салбартаа дэг сургууль бий болгосон юм байна. Таны дэг сургууль ямар онцлогтой вэ?

-Монголын анагаахын шинжлэх ухаанд дөрвөн чиглэлээр хувь нэмэр оруулжээ гэж өөрийгөө дүгнэе. Түүний нэг нь гэмтлийн мэс заслын салбарт орчин үеийн дэг сургууль тогтоосон гэлцдэг. Өмнө нь Н.Даш, Г.Дэмид багшийн школоор гэмтэл, согогийн мэс засалчид эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байлаа. Алдартай хоёр багш маань 1982 онд “Гэмтэл, согогийн өвчин” хэмээх ном бичсэн. Бүгд үүнийг баримтална. Гэвч 1990 он гараад энэ бүхэн өөрчлөгдсөн. Барууны орнууд гэмтэл, согог судлалын эмчилгээний олон арга нэвтрүүллээ. Манай улсын хүн ам ч өсөж, түүнийг дагаад гэмтэл бэртэл, ахуйн осол их гарах болсон. Энэ бүхэн эмчилгээний стандартыг шинэчлэхийг шаардав. Чөмөгтэй яс болон тулгуур эрхтний хугарлыг хуучин аргаараа засах гэтэл олон улсад АО тогтолцоо буюу яс хадах технологи нэвтэрчихлээ. Сайтар судалж, туршиж, суралцсаны үндсэнд энэ аргыг 2005 онд Монголдоо нутагшуулсан. Хоёр багшийнхаа уламжлал, онолыг үндэслэн, орчин үеийн арга ухаанаар баяжуулан “Гэмтэл, согог судлалын орчин үеийн үзэл баримтлал” ном бичиж, бүгд эмчилгээндээ “барьдаг” болсноор шинэ дэг сургууль тогтсон байх. Тухайн үед Швейцарын эрдэмтэд манайд ирээд “Танайх АО тогтолцоог мэдэх үү” гэж байна. “Мэдэлгүй яах вэ, ном хүртэл гаргасан. Эмчилгээ, үйлчилгээндээ ч нэвтрүүлсэн” гэхэд ихэд гайхсан сан.

16 жилийн өмнө одоогийн энэ төвдөө Эрдэм шинжилгээ, сургалтын алба байгуулж, гэмтэл, согогийн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшүүлэх хоёр жилийн резидент сургалт явуулж эхэлсэн. Өдгөө гэмтлийн нарийн мэргэжлийн 300 гаруй эмч төгсгөж, хот, хөдөөгийн эмнэлгийг хүний нөөцөөр хангаад байна. Үүнийгээ би анагаахын салбарт оруулсан хоёр дахь хувь нэмэр гэж боддог.

-Хөнөөлгүй болон бичил мэс заслын арга нэвтрүүлсэн нь таны эрүүл мэндийн салбарт оруулсан үнэлшгүй гавьяа. Хөнөөлгүй мэс засал гэдэг нь юуг хэлээд байна вэ?

-Хуучин цагт хагалгаа хийхдээ хүний эд эрхтнийг том хэмжээтэй зүсэж, сорви үлдээдэг байсан. Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс үүнийг эсэргүүцэж, болж өгвөл шарх, сорвигүй хагалгаа хийхийг чухалчлах болов. Үүнд дурангийн мэс заслууд орно. АО тогтолцоо нь хор хөнөөлгүй хагалгаа хийхийг зорьсон арга. Одоо манай төвийн эмчилгээний гол “зэвсэг” болсон. Атгаал, дунд чөмөг, шилбэ зэрэг чөмөгт ясны хугарлын үед голомтыг хөндөхгүйгээр хоёр талаас нь хаддаг арга юм. Чөмөгний голоор дээд, доод хэсэгт нь эрэгдээд, бэхэлдэг. Өвчтөн хагалгаа хийлгүүлснийхээ маргаашаас идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Гөлтгөнөн боолт (шохой) хийх шаардлагагүй. Би энэ арга ухааныг БНХАУ-д суралцаж, эх орондоо нэвтрүүлсэн төдий. Харин манай эмч нар дотоод, гадаадад сурч, мэргэшсэн.

-Тэгвэл бичил мэс засал хийж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-“Морьтой ч болоосой” киноны Дондог буюу Д.Лувсанчимэд “Шуугаа санаандгүй шилээр зүсчихлээ” гээд ирсэн. Шарх нь ясандаа тулаад, судас, мэдрэл нь тасарчихаж. Танил орос эмчээ дуудаж, “Хамт мэс засал хийе” гэтэл боломжгүй гээд цусыг нь тогтоогоод боочихсон юм. Гэтэл нөгөөх нь эдгэхдээ мурийж, хатингар гартай болсон доо, хөөрхий. Тэр үед манайд бичил мэс засал хөгжөөгүй, “Ямар ч байсан хүнийг ийм байдалд оруулж болохгүй” гэсэн бодол толгойд зурсхийсэн. Жижиг мэс ажилбар нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг. Нүдэнд харагдахгүй шөрмөс, мэдрэлийн судлуудыг залгадаг болохоор тэр. Ерөөс үүнийг хийж суръя гэж зориглоод 1982 онд Болгарт гар, сарвууны бичил мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Тухайн улсад энэ мэс заслыг хийдэггүй байсныг гайхдаг юм. Би тэнд нэг ч хагалгаа хийгээгүй. Гэхдээ энэ мэс засалд шаардлагатай зүйлсийг багтаасан сэтгүүл олж ирсэн. Баруун Германы бичил мэс заслын дуран, багаж, нүдэнд үл үзэгдэх утас зэргийг түүнээс мэдэж авав. 1980-аад онд Монголд ноосны болон жижиг, дунд үйлдвэр ид хөгжиж, осол, гэмтлийн олонхыг гар, сарвууных эзлэх болсон.

Удалгүй Намын төв хорооноос дуудаад “Ослоос шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтыг яаж бууруулах вэ” гэж асуув. “Бичил мэс заслын арга нэвтрүүлбэл л энэ бүхэн багасна” гэлээ. Ингэхийн тулд тусгай багаж, төхөөрөмж шаардлагатайгаа ч хэлээдэхэв. Гэтэл “Таны хэлсэн багаж, дуранг захиалахад ЭМЯ-ны төсөв хүрэлцэхгүй. 40 000 ам.долларын үнэтэй тул Засгийн газрын төсвөөс гаргуулахаар боллоо” гэв. Үгүй ээ, мөн сайхан үйл явдал байж билээ. Тэр үеийн ажил ч гэж түргэн бүтдэг байж. Мэс заслын утас, багаж ирэнгүүт гар, сарвууны долоон ортой тасаг нээж, удалгүй шөрмөс шилжүүлэн суулгадаг болов. 1991 оноос Гар сарвуу, бичил мэс засал, хэвлий, цээжний мэс заслын тасаг байгуулж, ямартай ч өөр эмнэлгээс эмч дуудахаа больсон. Миний бичил дуран эд, эсийг 24 дахин томруулдаг, 27 жил надтай хамт өтөлж байна. Энэ чиглэлээр олон шавь бэлтгэсэний анхных нь Гавьяат эмч болжээ. Бичил мэс заслын аргыг Монголд нэвтрүүлснээр энэ төрлийн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдах явдал 95 хувь буурсан шүү.

-Шинжлэх ухааны академич гэх энэхүү үнэ, хүндтэй шагналыг эзэндээ авчирсан дөрөв дэх ололт амжилт тань юу байв?

-ГССҮТ-д Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар дөрвөн жил ажиллахдаа сургалтын албаа давхар хариуцсан. Сургалтын багаж, төхөөрөмж байхгүй. Францчуудтай хамт төсөл хэрэгжүүлж, нэг гэрэлтүүлэг, хувилагч машин, хоёр компьютертой болсон. Сургалтын өрөөндөө байрлуулаад удаагүй байтал өнөөхийг маань “Анагаах ухааны сургуулийн өмч” гээд буцаагаад авчихсан, би уйлаад л хоцорлоо. Академич П.Нямдаваа тухайн үед яамны сайд байхдаа намайг дуудаад “Чи яагаад францчуудтай таардаггүй юм бэ” гэхээр нь “Хуучин компьютер авах гэж франц эмэгтэйд гурван жил “нулимуулж” байгаа шүү дээ, сайдаа. Зовлон их байна” гээд хэлчихсэн юм. Гэтэл мань хүн шаал өөр юм ярих гэж дуудсан болж таарав. “Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр боловсруулаадах” гэлээ. 2002 онд Засгийн газраар үндэсний хөтөлбөрөө батлуулсан. 

Удалгүй ДЭМБ хяналтдаа авч, “Танайд 20 000 ам.доллар өгье” гэхэд би мэл гайхсан. ДЭМБ буурай хөгжилтэй орны үндэсний хөтөлбөрүүдийг дэмжиж, төсөв хуваарилдаг юм билээ. Тэгэнгүүт нь сургалтын албаа өөр хүнд хариуцуулаад, Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгааны төв байгуулсан. Намайг дагаж, гар, сарвууны эмч болно гэж зөрүүдэлдэг охиноо гуйж, нийгмийн эрүүл мэндийн эмч болгосон. Аавыгаа бодвол гадаадад мэргэжил эзэмшсэн, гурван хэлтэй юм. 20 000 ам.доллароороо хоёр гэрэлтүүлэг, хувилагч машин, компьютер, сургалтын хэрэглэгдэхүүн авчихаад өнөөхийгөө тэврээд уйлж билээ. Сурсан мэдсэнээ эмч нарт зааж, гэмтэл согогийн мэс засалч бэлтгэх нь миний мөрөөдөл байсан юм. Үүнийг бий болгохын тулд сайн, муу зовлон их үзсэн. Мэргэжлийн бус дарга нар томилогдож ирэнгүүтээ л нурааж, устгана. Хонгилын өрөөнд хүртэл хичээлээ зааж явлаа. 2002 онд байгуулсан Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төв өдгөө нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбартай. 2016 оноос улсын хэмжээнд осол, гэмтлийн статистик мэдээллийг манайх нэгтгэдэг болсон. Миний цол хэргэм яах вэ, хамгийн гол нь Монголын анагаах ухаанд гэмтэл, согогийн мэс засал тодорхой байр суурь эзэлсэнд баяртай байдаг.

-Та аль нутгийнх вэ. Эрүүл энхийн манаанд 52 жил зүтгэхэд ар талыг тань найдвартай дааж байсан гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Би Завханы Дөрвөлжин сумынх. Анагаах ухааны дунд сургууль төгсөөд аймагтаа эмийн сан байгуулж, эрхлэгчээр нь ажилласан. Зургаан жил эм найруулсан даа. Дараа нь буюу 1968 онд Анагаахын дээд мэргэжил дээшлүүлж, 1973 оноос хойш өдий хүртэл Улаанбаатарт ажиллаж байна. Эхээс зургуулаа. Манай аав хүрээ хийдийн лам, ээж минь хоршоонд гуталчин. Хамгийн том ах маань Монголын анхны мэс засалчдын нэг Р.Цэрэндоо гэж тэргүүлэх зэргийн эмч байлаа. Дүү Р.Сандуйжав ХСҮТ-ийн зөвлөх, анагаах ухааны академич, Гавьяат эмч. Эгч минь мөн хүний их эмч, бага дүү саяхан Гавьяат эдийн засагч болсон. Эцэг, эх, хамт олны минь л буян юм даа. Энэ их ажлын хажуугаар манайх гэдэг айл хоёр хүүхэдтэй л болж. Нэг нь эмч, нөгөө нь зураач. Охинтойгоо өдгөө хамт ажиллаж байна. Гэргий минь насаараа халдвартын эмчээр ажиллаад, гавьяаны амралтаа авсан.

-Энэ олон жил сонин содон үйл явдалтай бишгүй л таарсан байх. Санаанаас тань гардаггүй мэс засал бий юү?

-Нэлээд хэд байна. 10 000 вольтын цахилгаанд цохиулсан гээд нэг залуу ирлээ. Гарынх нь хуруунууд, өрөөсөн тал нь мөр хүртлээ үхэжсэн, шуунаас нь их хэмжээний зөөлөн эд, ястайгаа булгарсан, нүд хальтирам. Өрөөсөн мөрийг нь тайрч, жил гаруйн хугацаанд үе шаттай хагалгаа хийсний дүнд эдгэрч, англи хэлний багш болсон. Бас нэг цагдаа залуу авто осолд өртөж, дөрвөн мөч нь хугарч, тархины хүнд бэртэлтэй, хэвлийдээ олон эрхтэн нь гэмтсэн ирсэн. Орчин үеийн мэс заслын аргуудыг хослуулж, үе шаттай эмчилсэн. Сүүлд ажилдаа орчихсон, эхнэр дагуулаад над дээр ирээд баярлалаа гэж хэлсэн. Үнэхээр сайхан санагдсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Р.ШАГДАРСҮРЭН: Яс хадах арга нутагшуулсныг дуулаад гадаадын эрдэмтэд гайхсан

  • Avatar Zochin says:

    Tand az jargal,eruul enh,sain saihan buhniig husen erooye.

  • Avatar Зочин says:

    Tom dashaa ahdaa urt udaan naslaj eruul enh baihiig husiie

  • Avatar Зочин says:

    emchdee ervvl enhiig hvsie ta mini yostoi hvnleg hvn shvv amjilt

  • Avatar Зочин says:

    Баншаараа бахархаж байна.Маш мундаг хүн .Маш сайн мэс засалч. Тѳр засаг маань ийм хүмүүсээ л дэмжиж үнэлэж баймаар юм даа.

  • tand eryyl enh urt udaan naslahiig hysen eruue

  • Avatar Зочин says:

    Гавъяат их эмч Шагдарсүрэн гауй бол залуу эмч нарын хамгийн түрүүнд туршлага судлах эрдэмтэн дээ… Эмчдээ болон гэр бүлд нь урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе

  • Эрдэм номтой, ажилч хичээнгүй, даруу төлөв зантай, жинхэнэ академич хүн байна. Таньд эрүүл энх, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе! Манай анагаах ухаанд ийм хүн олон байх болтугай!

  • Avatar Зочин says:

    Жинхэнэ эх оронч, хөдөлмөрийн баатар хүн байна да

  • 1973 он гэхэд чинь Доноговь мэсийн эмч хэд хэдтэй олгойг бол ѳргѳс авах шаруу юм боддог байсан үе санагдах юм Ясийг ч яахав шохойддог л байсан байх

  • Дорноговийн гавъат эмч Амгалан 1964-5 онд тѳгсч очсон сайн эмч байсан . Чухам мэсээр тѳгссѳн юм уу хожимоо мэсээр мэргэшсэн юм уу сайн мэдэхгүй юм аа Ямартй я Соц Нийгмийн үед мэс , эмэгтэйчүүд хоёроор хотруу хүн явуулдгүй байсан. Харин хотоос эмч ирж тархинаас сум авч байсан юм байна

  • Avatar Зочин says:

    маш их гавьяатай, буянтай, алтан гартай, их эрдэмтэй, хүний төлөө гэсэн чинь сэтгэлтэй танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

  • Avatar Зочин says:

    Дуртай ажлаа хийне гэдэг хүний аз жаргал гэж үнэн юм даа.
    Бурхан шиг эмч байнаа, баяр хүргэж! Бахархаж байнаа

  • Avatar Зочин says:

    tanid mash ih bayarlalaa. iim saihan setgel ajil meregjilee zalgamj halaagaa beldeed ard tumendee buyan hiij yawaad bayalaj bna baharhaj bna. Mongol uls taniar baharhaj bgaa shuu

  • 1985 онд АУДэС ийн бэлтгэл ангийн оюутан болж 1жил асрагчийн дадлага хийхэд маань Гэмтэл согог судлалын эмнэлгийн гар сарвууны тасгийн эрхлэгч байсан эмч болох анхны багш …..бид нар мөн ч их юм сурсан даа рентген зураг уншихаас эхлээд .г м Танартаа эрүүл энх аз жаргалын дээдийг хүсье