Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.ТУНГАЛАГ: Өндөр цолтой мэргэжлийн тамирчдад го даам амьдралынх нь баталгаа болдог

ОУХМ Р.Тунгалаг удам дамжсан тамирчин. Тэднийнхэн гэр бүлээрээ оюуны спортоор хичээллэдэг. Түүний аав Ч.Равжир даамын спортын мастер, ах Р.Манлай нь Олон улсын их мастер цолтой. Тэрбээр го даамаар хичээллэсэн цагаасаа гадаадын томоохон тэмцээнүүдэд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Гаргасан амжилтаараа III дан зэрэгтэй. Хүүхэд байхаасаа сонирхсон спортдоо үнэнч үлдэж, өдгөө Монголд хөгжүүлэн, шилдэг тамирчид төрүүлэхээр бэлдэж буй түүнmэй ярилцлаа.

-Монголын го даамын дунд, доод лигийн тэмцээнийг энэ сарын сүүлчээр цахимаар зохион байгуулах сураг сонслоо. Та тэмцээнд оролцохоор бэлтгэл хэр базааж байна вэ?
-Лигийн тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа нь эх орондоо го даамыг сурталчлан хөгжүүлэхээс гадна олон тамирчин бэлтгэх зорилготой. Доод лигийн тэмцээнд шинэ тамирчид оролцдог. Шалгарсан нь дунд лигт тоглоно. Миний хувьд шинэ тамирчдаа дэмжиж, өөрийн сурсан, мэдсэн зүйлээсээ харамгүй зааж байгаа.
-Хөлөг дээр тоглодгоос го даам юугаараа ялгаатай вэ. Тоглох арга барил, дүрэм, цол нь хүртэл өөр байдаг юм билээ.
-Го-гийн хөлгийн хэмжээ том, 361 нүдтэй. Тоглолт эхлэхэд хөлөг хоосон байж байгаад дуусахад дүүрдэг. Хэн талбай илүү эзэлж тоглосон нь хождог. Төлөвлөгөө, тактик хослуулдаг хөлөгт тоглоом юм. Энэ даамыг сурахад их амархан, дүрэм нь ч цөөн. Үүгээрээ бусад хөлөгт тоглоомоос ялгардаг. Бусад оюуны спортоос ялгарах нэг онцлог нь хос тоглолтын ДАШТ болдог. Эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин нэг баг болж, хоорондоо ярилцахгүйгээр өрсөлдөгчидтэйгөө тоглодог.
Олон улсад сонирхогчийн болон мэргэжлийн тамирчдын тэмцээн зохион байгуулдаг. Кюү, дан зэрэгтэй тамирчид гадаадын нэр хүндтэй, томоохон тэмцээнд өрсөлддөг. Тухайлбал, ДАШТ-д сонирхогчийн кюү, дан зэрэгтэй тамирчин тоглоно. Анх тоглож байгаа тамирчин сонирхогчийн 30 дугаар кюүгээс эхлэн амжилт, ур чадвараа ахиулсаар нэгдүгээр кюү хүртэл зэрэг авдаг. Үүний дараа нэгдүгээр дангаас эхлээд есдүгээр дан хүртэл зэрэг ахиулж тоглоно. Товчхон хэлбэл, сонирхогчийн есдүгээр дантай тамирчин мэргэжлийн болоход ойртлоо гэсэн үг. Мэргэжлийн тамирчин болбол нэгдүгээр данаас есдүгээр дан хүртэл зэргээ ахиулна. Мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулдаг өндөр шагналын сантай тэмцээнээс шалгарсан нь цолны төлөөх тэмцээнд оролцоно. Амжилттай өрсөлдөж тэргүүлсэн нь эхлээд жудан, дараа нь госей, оза, тэнгэн, хонинбо, мэйжин, кисей гэсэн цол хүртдэг юм.
-Эдгээрээс хамгийн өндөр цолыг ямар улсын тамирчин хүртсэн байдаг юм бол?
-Хамгийн өндөр буюу кисей цолыг Японы тамирчин И Яма Юта 2013- 2020 он хүртэл эзэмшсэн. Энэ цолыг шагнал болох 45 сая иен буюу 550,000 орчим ам.доллар дагалддаг.Тиймээс өндөр цолтой мэргэжлийн тамирчин болох гэж олон хүн хичээдэг. Тэр ч хэрээрээ тэмцээн өрсөлдөөн ихтэй. Азийн орнуудаас Япон, БНСУ, Хятад, Тайвань, Хонконгийн өндөр цолтой тамирчид го даамыг өөрийн нэр хүнд, амьдралынхаа баталгаа болгодог.
-Азийн орнуудаас ямар улсын тамирчид энэ даамаар амжилт илүү гаргадаг вэ?
-Дээр дурдсан орнууд мэргэжлийн тамирчидтай. Сүүлийн жилүүдэд Европын улсууд мэргэжлийн тамирчинтай болж байгаа нь дэлхийд энэ спорт хурдацтай хөгжиж буйн жишээ. Го-г өндөр түвшинд хөгжүүлсэн улс олон бий. Тухайлбал, БНСУ сурагчдаа багаас нь хичээллүүлж, их сургуульд гүнзгийрүүлэн зааж, мэргэжлийн тамирчин бэлтгэдэг. Энэ улс го даамын сургалтыг 4-5 телевизээр зааж, тэмцээнийг шууд дамжуулдаг. Дэлхийн олон улс энэ даамыг олимпын наадмын нэг төрөл болгохоор зорьж байгаа. Тиймээс БНХАУ-д ирэх жил зохион байгуулах “Ханжоу-2022” Азийн XIX наадмын спортын төрөлд оруулсан.
-ОУИМ Р.Манлай таны төрсөн ах. Өөрийг тань го даамаар хичээллэж, амжилт гаргахад аав, ах тань хэр нөлөөлөв?
-Спортын ямар ч төрлөөр хичээллэхэд хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг шүү дээ. Би оюуны спортоор хичээллэдэг гэр бүлд төрж, өссөндөө их баярладаг. Аав, ах нар минь даамаар амжилт гаргасан нь надад нөлөөлсөн. Аав, ээж минь биднийг дэмжиж, гэртээ шатар, даамын тэмцээн зохион байгуулдаг байсан нь хожим амжилтын эхлэл болсон гэж боддог. Дөрвөн хүүхдээ хичээлийнх нь хажуугаар секц, дугуйланд хамруулж, тэмцээнд оролцуулан, гаргасан амжилтаар нь бахархдаг байлаа. Аав даам тоглодог болохоор тамирчин хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх хэрэгтэйг хэлж зөвлөдөг. Ээж гойд тоглодоггүй ч дэмжсээр ирсэн. Одоо ээж минь ач, зээ нартаа даам, шатрын нүүдэл заадаг.

-Та БНСУ-д 2017 онд зохион байгуулсан Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, ОУХМ цолны болзол хангасан байх аа?
-Тийм ээ, Азийн эмэгтэйчүүдийн багийн болон ганцаарчилсан төрлийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Би ганцаарчилсан төрөлд III байр эзлэн, ОУХМ цол хүртэж байлаа. Миний бэлтгэсэн гурван шавь багийн төрөлд анх удаа оролцсон гэхэд чамлахааргүй тоглосон. Намайг энэ тэмцээнд оролцоход хамт олон минь бүх талаар тусалсан. Энэ ташрамд, оюуны спортын тамирчдаа үргэлж дэмждэг “Кали Хаккин” компанийн удирдлага, хамт олондоо талархсанаа илэрхийлье.
-Таныг БНСУ-д нэг хэсэг бэлтгэл хийж, ур чадвараа хөгжүүлсэн тухай сонссон.
-Япон судлаач Д.Төмөрбаатар ах намайг дэмжин, БНСУ руу 2009 онд явуулж, энэ спортоор гүнзгийрүүлэн хичээллэх боломж олгосон юм. Тэнд суралцаж байхдаа өдөрт 12 цаг бэлтгэл хийж, мэргэжлийн тамирчин болохоор лигт өрсөлдсөн. Солонгосчууд энэ спортыг дэлхийд сурталчлан, хөгжүүлэхийн тулд “Kings baduk education center”-т нэг улсаас нэг оюутныг го даамын сургалтад хамруулж байв. Польш, Словакийн 15, 16 настай хоёр хүүхэд тэр сургалтад сууж, хожим мэргэжлийн тамирчин болсон.
-Аав тань даамын спортын мастер, ах Р.Наранмандах тань Якутын Сахад болсон Азийн хүүхдийн наадамд түрүүлж аваргаар шалгарсан гээд танайхан оюуны спортын удам дамжсан тамирчин даа.
-Манай гэрийнхэн оюуны спортод амжилт гаргаж, хичээллэсэн спортынхоо үр шимийг олонд түгээн дэлгэрүүлэхээр зүтгэж яваа. Хүүхэд байхаасаа даамаар амьсгалж өссөн бидэнд бусад гэр бүлээс ялгарах нэг онцлог нь энэ байх. ОУИМ Р.Манлай ах 100 буудалт даамын “Алтан хүү”, би го-г хөгжүүлэхээр “Гокали” нэртэй клуб байгуулан ирээдүйн тамирчдыг бэлтгэж байгаа.
-Та Р.Гэрэлмаа эгчтэйгээ шатрын дугуйланд явж байгаад го даам руу урвасан гэдэг. Хэн танд хичээллэх санал тавьсан юм?
-Хоёр ах зуун буудалт даам, би эгчтэйгээ шатраар хичээллэдэг байлаа. Манлай ах 2003 онд го даамын спортын талаар анх мэдэж, сонирхон сурсан. Япон судлаач Д.Төмөрбаатар ах Япон руу го даамын хос тоглолтын ДАШТ-д оролцох эмэгтэй тамирчин бэлдмээр байна гэхэд нь ах надад санал болгосноор өдийг хүртэл хичээллэн, хүүхдүүдэд зааж байна.
-Анх хичээллэхэд хамгийн хэцүү санагдсан зүйл нь юү байв?
-Эхэлж сурахад маш амархан санагдсан. Харин ур чадвараа ахиулах тусам хичээл зүтгэл их шаардсан. Надад шантрахаас илүү сайн сурах хүсэл, тэмүүлэл төрж билээ.
-Сэтгэлд тань дурсамж үлдээсэн сонирхолтой тэмцээнийхээ тухай яриач. Ямар улсын тамирчинтай тоглож байхдаа өөрт байгаа бүх хүчээ шавхан гаргасан бэ?
-БНСУ-д 2017 онд болсон Азийн АШТ-д Тайландын тамирчныг хожсон хожил шагналын тавцанд зогсоход их нөлөөлсөн. Тэр ялалтын дараа өөртөө итгэх итгэл өмнөхөөсөө илүү нэмэгдсэн шүү.
-Го даамын УАШТ-д өнгөрсөн жил та түрүүлсэн санагдана. Монголд энэ даамаар хичээллэдэг тамирчин олон. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Монголд го даам сонирхдог 1000 гаруй тоглогч бий. Одоогоор идэвхтэй тоглодог 100 орчим тамирчин байдаг. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ц.Сансар (V дан), Ц.Оюутбилэг (III дан) нар.
-Тамирчид сурах, ажиллахын хажуугаар бэлтгэл хийж тэмцээнд оролцдог. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Го даамыг өнөө үед цахимаар сурахад хамгийн тохиромжтой. Энэ спортын тамирчид ажиллахын зэрэгцээ цахимаар тоглож, бодлого бодож, бэлтгэл хийдэг юм. Хамт олны маань хүүхдүүд нь хүртэл хичээллэдэг.
-Танай хүү ахын тань шавь гэл үү?
-Зургаан настай охин минь “Го даам сурмаар байна, надад заагаад өгөөч” гэдэг. Би ажлынхаа зав чөлөөгөөр зааж байгаа. Харин хүү минь “Манлай ахаар заалгана” гээд 100 буудалт даамаар хичээллэж, I зэрэгтэй болсон.
-Гадаадын томоохон тэмцээнүүдээс хамгийн их мэдэрсэн зүйл юу байв?
-Монголын тамирчид хичээвэл олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргах боломжтой. Бидэнд гадаадын тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх ур чадвар, авьяас, туршлага бий.
-Го даам сонирхож хичээллэдэг залууст туршлагатай тамирчны хувьд өөрийн зөвлөгөөг уламжлаач?
-Ямар ч спортыг сурах амархан, харин ур чадвараа хөгжүүлж, ахиулах амаргүй. Сонирхож буй спортдоо чин сэтгэлээсээ дурлаж, уйгагүй хичээж зүтгэвэл амжилтаас атгадаг. Энэ спортыг сонирхож буй залуус манай клубийн цахим сургалтад хамрагдах боломжтой.

15
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Р.ТУНГАЛАГ: Өндөр цолтой мэргэжлийн тамирчдад го даам амьдралынх нь баталгаа болдог