Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.БАЯРТУЛГА: Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслыг дэлхийн түвшинд хийж байна

Эрүүл мэндийн салбарт анагаахын оргил эмчилгээнүүдийг нэвтрүүлсэн үндэсний дөрвөн багт сар шинийн босгон дээр Төрийн шагнал хүртээсэн билээ. Тодруулбал, хиймэл үе, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, уруул, тагнайн төрөлхийн гажгийн эмчилгээг эх орондоо нутагшуулан, гадаадад эмчлүүлэгсдийн тоо, хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бууруулсан эмч нарын хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас тийнхүү үнэлсэн юм. Тэдний нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын багийнхан бөгөөд “Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол Улсад нутагшуулсан нь” бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ. Тус багийн гишүүн, Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн их эмч, клиникийн профессор Рэгзэнгийн Баяртулгыг бид “Өнөөдөр”-ийн зочноороо урилаа. Тэрбээр гэмтлийн удам дамжсан эмч бөгөөд гэмтэл, согогийн мэс засал, хиймэл үе шилжүүлэн суулгах эмчилгээний арга, техникийг гадаад, дотооддоо эзэмшсэн, чадварлаг, залуу боловсон хүчин юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таны ээж ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр олон жил ажилласан. Та гэмтлийн эмч болсон нь үүнтэй холбоотой юу?
-Тийм ээ. Миний ээж Д.Даваажав ГССҮТ-д насаараа ажилласан. Тэтгэвэртээ ч гарч амжилгүй өөд болсон доо, хөөрхий. Би гурван хүүтэй айлын отгон нь. Миний бага нас энэ эмнэлэгтэй салшгүй холбоотой. ГССҮТ бол миний хоёр дахь гэр. Ээжийгээ дагаад, байнга шахам энд өнждөг байв. Гэрийнхэн хүртэл намайг багаас минь дэмжиж, “манай эмч” гэж дууддаг байсан. Тэгээд л өөрийн хүсэл, сонирхол бас ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр суралцсан. Аав, ээж минь Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын уугуул. Аав эдийн засагч мэргэжилтэй, Арьс, ширний үйлдвэрийн нэгдэлд насаараа ажиллаад, гавьяаныхаа амралтад суусан.
-Гэмтлийн эмч болоод цаашлаад өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах хүртэл олон жил сурч, боловсордог. Та хаана, ямар сургууль төгссөн бэ?
-Мэдээж их сургууль төгсөөд шууд гэмтлийн эмч болохгүй л дээ. Би 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2001 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, 2001-2002 онд ерөнхий мэс засалч, 2002-2003 онд Франц улсын Парис хотын “Парис-6” их сургуулийн эмнэлэгт гэмтэл, согогийн нарийн мэргэжил эзэмшсэн. Үндсэндээ тус сургуулийн профессор Жирард Саян багшийнхаа удирдлага дор хоёр удаа мэргэжлээ дээшлүүлсэн. “Парис-6” их сургууль нь Европын хэмжээнд бүх чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг юм.
Ингээд ГССҮТ-д 2003 оноос хойш ажиллаж байна. Эл хугацаандаа буюу 2016, 2017 онд БНСУ-д өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, дурангийн мэс заслын чиглэлээр сурсан. Мөн 2019 онд Германд мэргэжил дээшлүүлэхдээ “Өвдөгний үе солих мэс заслын эмчилгээнд компьютерын “Navigation“ систем ашиглан, яс тайрах аргачлал”-ыг сурч, улсынхаа гэмтэл, согогийн мэс заслын салбарт энэхүү сүүлийн үеийн дэвшилт технологийг нэвтрүүлээд байна. Түрүүнд хэлсэнчлэн, хиймэл үе суулгах мэс заслыг дөнгөж сургууль төгсөөд хийх боломжгүй. Наад зах нь гэмтэл, согогийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэний дараа эхлээд ясны хугарлуудыг шохойдож, хадаж сурна. Тухайн яс нь хэдий хугацааны дараа бороолдог, үений хөдөлгөөнүүдэд хэрхэн оролцдог зэргийг хүртэл нарийн мэддэг байх хэрэгтэй. Амар ажил биш шүү. Удаан хугацааны хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд хүнд мэс хүргэх эрхтэй болно гэсэн үг.
-Таны хүү бас гэмтлийн эмч болохоор суралцаж байгаа гэсэн үү?
-Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна. Том хүү минь АШУҮИС-д их эмчээр суралцаж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөн, гэмтлийн эмч болно гэсэн. Би ч дэмжиж, бас энэ чиглэлээр мэргэшээсэй гэж битүүхэндээ хүсэж л байна. Гэхдээ сонголтоо хүү минь хийнэ. Гэмтлийн эмч болно гэдэг хэцүү ч чадвартай боловсон хүчин болоод ядарч, зовсон олныг өргөөд явбал хэрэгтэй сэн.
-ГССҮТ-ийн Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Та энэ багт хэзээнээс, ямар үүрэгтэй оролцох болов?
-Би насанд хүрэгчдийн гэмтэл, согогийн эмчилгээ, хагалгааг дагнан хийдэг. Өвдөг, түнх гэхээр хүний доод мөчдийн ясны гэмтэл, согогийн эмчилгээнүүд багтана. Гэмтлийн гаралтай нь ойлгомжтой, янз бүрийн ослын улмаас болон өндрөөс унаж бэртсэн тохиолдолд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Харин согог гэдэгт нь төрөлхийн болон олдмол гажгууд хамаарна. Миний хувьд их азтай. Францад гэмтэл, согогийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж ирээд, хамтран зүтгэгч, найз С.Сүхбаттайгаа хамт Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын багт ажиллах болсон. С.Сүхбат одоо бол ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч л дээ. Бид одоо ч нэгэндээ дэм болж, бүх хагалгаанд хамтран ордог. Манай багийн ахлагч С.Отгонгэрэл салбарын гэмтэл, согогийн ерөнхий мэргэжилтэн бөгөөд ГССҮТ-ийн зөвлөх, Гавьяат эмч хүн бий. Тухайн үед Насанд хүрэгчдийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч нь Б.Батзориг байлаа. С.Сүхбат бид хоёр анх эдгээр хүний удирдлагад ажиллан, одоо ч суралцсаар явна. Б.Батзориг жилийн өмнөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжин ажиллаж байгаа ч багийн гишүүн хэвээр. Мөн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Түмэн-Өлзий нарын таван хүн Төрийн шагнал хүртсэн юм. Анагаахын шинжлэх ухаанд орчин үеийн дэвшилт технологи болох хиймэл үе суулгах эмчилгээний арга нутагшуулан, шинэ шатанд гаргаснаас хойш зөвхөн манай багийнхан өвдөг, түнхний үе солих 3000 гаруй мэс засал хийжээ. Хэдийгээр шагнуулсан нь бид тав боловч ГССҮТ-ийг үүсгэн байгуулсан, үе үеийн ахмад багш, эмч, сувилагч, асрагч нарын минь гавьяа юм. Хиймэл үе суулгах эмчилгээг нутагшуулаад цөөнгүй жил болсон учраас манай багт олон хүн харьяалагддаг. Олон ч эмч энэ чиглэлээр суралцсан. Сувилагч, асрагч нарын тухайд төлөвлөгөөний дагуу багт ээлжээр ажиллана. Нэг хагалгааг дунджаар 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хийдэг.

Өнгөрсөн онд ГССҮТ 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Манай эмнэлгийн хөгжлийн эхний 60 жилийн түүхэнд Монголд гэмтэл, согогийн албыг үүсгэн байгуулсан Н.Даш тэргүүтэй зургаан эмч “Ясны хугарлыг голомтоос зайдуу шахах, сунгах аргаар бэхлэх” эмчилгээний технологиороо 1996 онд Төрийн шагнал хүртсэн байдаг. Харин одоо ГССҮТ-ийнхөн дараагийн жарныхаа түүхийг ийнхүү бичиж байна. Ээж минь хүүгээ тэнгэрээс харж байгаа учраас би урваж, шарвахгүйгээр эндээ л “насыг барна” гэж боддог доо.

-Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслыг Монголд 1960-1970-аад онд хийж байсан тухай баримт байна. Тэгвэл уг эмчилгээг хэзээнээс тогтвортой хийж эхэлсэн юм бол?
-Манай ахмад үеийн эмч нар хиймэл үеийг солихдоо төрөл бүрийн орлуулах арга ашиглаж байсан түүх бий. 1960-1970 онд анагаах ухааны хөгжил одоогийнх шиг байсангүй. Багаж, тоног төхөөрөмжөөс өгсүүлээд өдгөө ашигладаг эмчилгээний гол хэрэгсэл болох хиймэл үе гэж нэрлээд буй инплант, суулгац ч байгаагүй. Тиймээс тухайн үед эмч нар дунд чөмөгний толгойн хэсгийг тэмээний ясаар орлуулж байжээ. Уг эмчилгээний замналыг авч үзвэл тэр цагаас эхлэлтэй. Харин түнхэнд “ориг” хиймэл үе шилжүүлэн суулгаж эхэлсэн нь 1998 он. Өвдөгнийхийг 2007 оноос нутагшуулсан. Түүнээс хойш өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах эмчилгээ улсын хэмжээнд бүрэн нэвтэрсэн гэж хэлж болно. Учир нь өдгөө манайхаас гадна Улсын I, II болон Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, орон нутагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд хиймэл үе солих мэс засал хийж байна. Мөн хувийн эмнэлгүүд уг эмчилгээг өргөн нэвтрүүлжээ. Эдгээр эмнэлэгт ажиллаж буй эмч нарыг манайхан сургаж, салаалж хөгжүүлсэн. Бүгд л ГССҮТ-д сурч, ажиллаж, дадлагажиж байсан хүмүүс гэхээр бахархахгүй байхын аргагүй. Тун удахгүй 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд хиймэл үе суулгах хагалгааг бие даан хийдэг болно гэхээр бүр ч сайхан байна.

Гэхдээ хиймэл үе шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах хүртэл хөгжлийн явц нь тийм ч дардан байгаагүй. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй шинэ арга, техник учир 1998-аас 2000-аад оны эхний хэдэн жилд төр, засгаас биднийг төдийлөн дэмждэггүй байсан. Харин франц эмч Жак Нэгри хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр манай улсад аялал, жуулчлалын шугамаар ирээд, эмнэлгийнхэнтэй санамсаргүй танилцаж, холбоо тогтоосон ачтан. Тухайн үед ГССҮТ Гэмтэл, согогийн эмнэлэг нэртэй байлаа. Жак Нэгри гэмтэл, согогийн мэс засалч бөгөөд 1998 онд манай эмч нартай хамтран түнхэнд хиймэл үе суулгах эмчилгээг анх удаа хийсэн. Тэр үед хиймэл үе буюу суулгац өндөр өртөгтэй тул франц эмч маань нэг ирэхдээ 4-5, заримдаа 10 хүнд хэрэглэх инплант оруулж ирнэ. Хүний биеийн хөгжлөөс шалтгаалаад ясны бүтэц нь том, жижиг янз бүрийн хэмжээтэй тул размер нь таарахгүйн зовлон их. Техник, технологи ч сайн хөгжөөгүй байсан учраас манайхан энгийн рентгенээр өвчтөний зургийг авч, үений тайралтуудыг гар аргаар хэмжин, хагалгаа хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүний түнхний үений рентген зургаар дунд чөмөгнийх нь хэмжээг авч, хэдэн номерын үе суулгахыг хэмжиж, ажиллавараа эхлүүлнэ. Одоо бол дижитал рентген болон “Navigation“ систем ашиглан ясны тайрах хэсгүүд болон хэдэн номерын үе суулгахыг компьютерын тусламжтайгаар бодитоор хэмждэг болсон. Энэ нь эмч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна хүний эрхтнийг тайрахад илүү шинжлэх ухаанчаар хандаж буйгаараа давуу талтай. Гэхдээ тусгай программаар хэмжилтүүдийг хийж байгаа ч бүх эмчилгээг эмч нар хянаж, удирдан явуулна. Ерөнхийдөө хагалгааны явцад тухайн хүнд таарах үений хэмжээ тодорхой болдог. Үе солих эмчилгээний эхэн үед эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд цөөн тооны инплант оруулж ирэн, хувь хүмүүст зардаг байв. Харин одоо бол эмнэлгүүд тендер зарлан, бүх размераар нь нөөц бүрдүүлдэг болсон. Ингэж явсаар түнхэнд хиймэл үе суулгах мэс засал 2008 оноос тогтмолжсон. Одоо бол өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах хагалгаа ГССҮТ-ийн өдөр тутмын эмчилгээ болж өргөжжээ. Жилд дунджаар 500 орчим хүнд уг мэс заслыг хийж байна.
-Ямар тохиолдолд хиймэл үе шилжүүлэн суулгаж байгаа вэ?
-Тухайлбал, дунд чөмөгний толгой, хүзүү хэсгийн хугарал, ясны согогийн улмаас түнхний үеийг сольдог. Мөн үений үрэвслийн улмаас дунд чөмөгний толгой хайлж, нүхжилт үүсэн, алхаж, гишгэж чадахаа байсан хүмүүс уг эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай. Ямар нэгэн гэмтлээс гадна ихэнхдээ үений хэвийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас ясны бүтцэд нь өөрчлөлт орсон тохиолдолд хиймэл үе суулгах эмчилгээг түлхүү хийлгэж байна.
-Монголчууд үе, мөчдийн үрэвсэлд өртөх нь олширч, уг өвчнөөр залуучууд хүртэл шаналж байгаа гэх юм. Эл өвчин ихсээд байгаа юм уу, эсвэл тархалт нь угийн л ийм байсан хэрэг үү?
-2001 оноос хойш үений үрэвсэлт өвчин ихсэж байгаа нь үнэн. Залуу үеийнхэн дунд тохиолдож байгаа нь ихэнхдээ спортын гэмтлийн шалтгаантай. Тэмцээн, уралдаан, тоглолтын явцад тухайлбал, өвдөгнийх нь жийргэвч мөгөөрс урагдаж, тасарсныг ихэнхдээ тоохгүй өнгөрүүлдэг. Тухайн үедээ шарлага эмчилгээ хийлгэсэн болоод дутуу эмчлүүлснээс тасарсан мөгөөрс нь үений дунд хавчуулагдан, гадаргууд нь өөрчлөлт орж, алсдаа үрэвсэж, 5-10 жилийн дараа гэхэд хиймэл суулгац тавиулах хэмжээнд хүрч байна. Нөгөөтээгүүр, манай орны эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор даарч хөрснөөс болж үений үрэвсэлт өвчинд өртөх нь элбэг. Мөн амьдралын буруу хэв маяг, хооллолттой холбоотойгоор яс нь эрт сийрэгжих болсон. Эдгээр шалтгааны улмаас үе солих хагалгаа хийлгэж буй хүмүүсийн нас залуужсан. 2000 оны эхэн үед 65-аас дээш насныхан л хиймэл үе суулгуулдаг байсан бол одоо 50 гараад л уг эмчилгээ хийлгэх заалт руу шилжиж байх жишээтэй. Олон улсын жишгийг харвал үе солих хагалгааг ихэвчлэн 60-аас дээш насныханд хийдэг.
-2015 оноос хиймэл үе суулгах мэс заслын зардлын 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон. Уг эмчилгээний өртөг, үр дүнг олон улсын жишигтэй харьцуулахад ямар байгаа вэ?
-Дэлхийн дундаж өртөг нь өвдөг, түнхнийх тус бүртээ 15 000-25 000 ам.долларын үнэтэй. Монголд эмчилдэггүй байхад иргэд үүнээс ч их хэмжээний мөнгө төлөөд, гадаадад эмчлүүлдэг байсан. Харин одоо иргэд 1.8-1.9 сая төгрөг төлөөд, бүрэн эдгэрч байна. Хагалгааны нийт зардал нь найман сая төгрөгт багтаж буй. Эмчилгээний чанар, үр дүнгийн тухайд манай эмч нар дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилт арга, техникийг ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, бид өвдөг, түнх солих хагалгааг дэлхийн түвшинд хийдэг болсон. Манайд ашиглаж буй техник, эмчилгээний аргуудыг яг одоо АНУ, Герман, БНСУ-д ч адилхан хэрэглэж байна.

Үе нь хөдөлгөөнт эрхтэн учраас нэг суулгаад орхичихдоггүй. Зарим нь 20 жил солиулахгүй явж байхад гэнэтийн осол, биеийн хүчний ачааллын улмаас тав, 10 жил болоод дахин инплант суулгуулж буй хүн ч бий. Энэ бүхнээс хамаараад хиймэл үе угсардаг, шилбэтэй гэхчлэн сонголттой. Хүмүүс хиймэл үе суулгах мэс заслыг амархан л гэж ойлгодог. Гэвч хэмжээг тааруулахаас эхлээд ясны хэдэн хувийг тайрч, аль хүртэл суулгах зэрэг нь маш нарийн. Тэр дундаа ясны хавдруудын үед дунд чөмгийг бүтнээр тайрч, орлуулах хэмжээнд ч яригдана. Гэхдээ эл эмчилгээний нэг давуу тал нь огт хөдөлж чадахгүй байсан хүн мэс засал хийлгэснээс хойш 24-48 цагийн дараа таяг тулаад алхана. Тодорхой гам барьж, 3-6 сарын дараа гэхэд л бүрэн эрүүлжиж, ажиллах боломжтой. Биеийн хэт их ачаалал авахгүй л бол шүү дээ. Хэрэв тэгвэл хиймэл үе учраас мултрах, зулгарах, суулгасан хэсгийн дээгүүр болон доогуурх яс хугарах эрсдэлтэй. Энэ бол тухайн хүний ажил, амьдралын дэглэмтэй шууд холбоотой. Хиймэл үе суулгах эмчилгээг нутагшуулсан бас нэг давуу тал нь иргэд ядаж л өвдөг, түнхний үрэвсэл, гэмтлийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдахааргүй болсон нь сайн хэрэг шүү.
-Ямар тохиолдолд гэмтлийн эмч байх хэцүү вэ?
-Эмчийн мэргэжил ер нь хэцүү, тэр дундаа гэмтлийнх. Ямар нэгэн эрсдэл, хүндрэлийг тооцоолдог ч мэс заслын явцыг тааварлахад бэрх. Үе солих мэс заслыг ихэвчлэн өндөр насныхан хийлгэдэг учраас олонх нь хавсарсан эмгэг, суурь өвчтэй байдаг. Тооцоолоогүй хүндрэл, бэрхшээл гарахад хүн л юм хойно сэтгэлээр уналгүй л яах вэ. Гэхдээ халширч, зугтах хэмжээний сэтгэлийн бэлтгэлгүй бол гэмтлийн эмч болох хэрэг юун. Ихэнхдээ зам, тээврийн ноцтой осол, өндрөөс унах үеийн гэмтлүүд маш хэцүү.

Хоёр дунд чөмөг нь хүзүүгээрээ хугарчихсан, шилбэ нь няцарч, дайрагдсаныг хараад яаж хөл дээр нь босгоно доо л гэж бодно. Хадаж, бэхлэх боломжтойг нь “засаад”, солихыг нь солиод мэддэг, чаддаг бүхнээ л зориулна шүү дээ. Тийм хүнд гэмтсэн хүмүүс 1-2 жилийн дараа эрүүл болчихсон орж ирэхэд мэргэжлийнхээ сайхныг илүү их мэдэрдэг.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.