Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Энхжаргалд 20 жил, Э.Оюунболд,Г.Лхагважав, М.Тулгаа нарт цаазаар авах ял оноолоо

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гурван хүний амь насыг хөнөөн, нэг хүнийг шархдуулж, зургаан хүн барьцаалан оргосон хэрэг гарсан билээ.

Уг хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх хаалттай хэлэлцлээ. Тус дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагч Ц.Насанбат, хохирогч болон сэжигтнүүдийн өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэйгээр 10.00 цагт эхэлсэн шүүх хурлыг “Хилийн цэргийн ангийн байрлал, улсын нууцад хамаарах зүйл ярих учраас хаалттай хэлэлцэнэ” гээд хэвлэл мэдээллийнхнийг хурлын танхимаас гаргав.

Нийслэлийн прокурорын газраас байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нарт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын амь насыг санаатай хороосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан шунахайн сэдэлтээр, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, бусдыг барьцаалсан, бүлэглэсэн, нийтэд аюултай онц харгис хэрцгий аргаар олон хүнийг хөнөөсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 112, 147 дугаар зүйлд заасан “Хүний амь насанд заналхийлж зэвсэг ашиглан олон хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгө болон байлдааны галт зэвсэг хууль бусаар олж авсан, авч явсан, цэргийн албанаас зайлсхийсэн, эд хөрөнгө дээрэмдсэн” гэсэн үндэслэлээр тэднийг яллахаар прокурор саналаа бичжээ.

Байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар ха руу лын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгаланг буудаж, амь насыг хохироогоод улмаар 02.00 цагийн үед заставтаа ирж, заставын орлогчоор даргыг түр орлож байсан ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг хөнөөж, дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм. Улмаар заставын холбоог тасалж, зургаан байлдагч, нэг ахлагчийн хамт барьцаалж “Фермер” маркийн автомашинтайгаар зугтсан. Замд автомашины дугуй нь хагарч, тэд ахлагч О.Итгэлтөгсийг барьцаалан төмөр зам даган явж байгаад Доргноговь аймгийн Өргөн сумын нутаг “Түшлэг” зөрлөгөөс баруун тийш “Өлзийт” гэдэг газарт саатуулагдсан. .

Тэднээс байлдааны АКМ маркийн буу зургаа, дөрвөн магазинтай 91 ширхэг сум, АПС маркийн гар буу гурав, 19 ширхэг сум, СВД буюу мэргэн буудагчийн винтов болон дохионы буу тус бүр хоёр, дохионы пуужин 18, хутган жад гурвыг хураажээ. Шүүх хуралд Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байлдагч нар гэрчээр оролцож байсан. Харин улсын нууцад хамаарах зүйл хэлэлцэнэ гэсэн шалтгаанаар зарим хохирогчийн ар гэрийнхнийг ч оруулаагүй юм.

Шүүх хурлаар тэдэнд үйлдсэн гэмт хэрэгт нь Р.Энхжаргалд 20 жил, Э.Оюунболд,Г.Лхагважав, М.Тулгаа нарт цаазаар авах ял оноосон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.