Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“РУБЛЁВКАД НЭГ УДАА” буюу олигархийн GLAMOUR НУЛИМС

 ОХУ-ын нийслэл Москвагаас хойшоо Рублёво-Успенскийн замын дагуух Одинцово дүүрэг. Хуучин ЗХУын төрийн эрхтэн дархтнуудын өргөө сүндэрлэсэн энэ газрыг Америкийн “Forbes” сэтгүүлээс хамгийн үнэтэй таван газрын нэгээр шалгаруулсан байна билээ.

Шинэ оросууд, улс төр, урлагийн алдартнуудын амьдардаг энэ хороолол бол товчхондоо дээдсийн хүрээлэн. Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг дээ. Мөнгөөр цалгисан, эрх мэдлээр халгисан энэ ертөнцөд хүмүүс хэрхэн ганцаарддагийг, уй гашуугаа яаж тайлдгийг үзүүлсэн зохиолчийг Оксана Робски гэдэг. Рублёвкагийн амьдралын хөшигний цаадхийг энгийнээр хүүрнэж чадсан түүнийг Оросын утга зохиолын “акулууд”-тай харьцуулах аргагүй ч, гаргаж тавьсан санаагаараа тэрбээр орчин үеийн романчдаас ялгарсан юм.

ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН АМЬДРАЛЫН НАМТАР БУЮУ “CASUAL”

…Олигарх нөхөртэй, бяцхан охинтой, “жирийн” л нэг бүсгүй. Рублёвкагийн тансаг харш, булган хүрэм, хэд хэдэн машин, Клеопатрагийн жороор найруулсан сүүтэй ваннаар эхэлдэг түүний өдөр тутмын амьдрал. Араар нь тавьдаг нөхөр, хөгшрөлтөөс эмээн гоо сайхны салон хэсэж өдрийг өнгөрүүлдгийг нь эс тооцвол тэр бараг л жаргалтай байлаа. Гэрийнхээ босгон дээр буудуулсан нөхрийнхөө цогцсыг ол сон тэр өдрөөс л жаргалтай үнсгэлжингийн бараан өдрүүд эхэлнэ.

Бүсгүй бизнес эрхэлж, өөрийнх нь араас хэдэн жил гүйсэн хархүүтэй болзож үзнэ… Гэхдээ энэ бүхэн сэтгэлийг нь эзэлдсэн их хоосныг дүүргэж чадахгүйг мэдэрлээ… “Casual”. Тавилгын дэлгүүрийн эзэн явсан, гурван ч удаа нөхөрт гарсан Оксана амьдралынхаа түүхээр роман бичиж, түүнийг нь “Росмэн” хэвлэлийн компани сайтар сурталчилсны хүчинд хамгийн их уншдаг Оросын ард түмэнд магтуулсан, зүхүүлсэн, шоолуулсан нэг зохиолч мэндэлжээ. Дээдсийн реализм гэж нэрлэмээр түүний зохиолууд Жаклин Колинзийн романуудыг санагдуулам. Харин Жеки Холливудын алдартнуудыг битүүхэн шоглодог бол Оксана Оросын олигархуудын тухай бичдэг.

Элдэв арга хэмжээ, улаан хивсний ёслол, энд тэндхийн үдэшлэг хэсэн баян залуу дэгээдэхийг хүсдэг урт хөлт, шаргал үстнүүдэд өгсөн нэг ёсны зөвлөгөө бол “Casual” байлаа. Оросын номын дэлгүүрүүдээр худалдаалагдсан энэ номыг голдуу л урт хөлт, шаргал үстнүүд худалдан авч байсныг шоглосон нэвтрүүлэг үзэж байснаа санаж байна. Оксана мөн л энэ сэдвээр “Аз жаргалын өдөр-маргааш”, “Про ЛюбOFF/ON”, “Happy Book. Технология совершенства” зэрэг ном гаргажээ.

Телевизээр, хэвлэлээр л хардаг, дандаа инээмсэглэсэн одууд, баячуудын амьдрал, Рублёвкагийн бичигдээгүй хуулийг дотроос нь мэддэг Оксанагийн glamour романууд эзэндээ ихээхэн ашиг авчирсан аж. Романых нь баатар (тэр өөрөө) яаж дэлгүүр хэсэж, хэрхэн гоо сайханд орж, юу идэж, ямрыг өмсөж байгаа хэсэг номынх нь ихэнх талыг эзэлчихдэг, харин энэ бүхний завсраар л сэтгэл хөдлөлийг нь гаргадагтаа тэр үү, Оксанагийн зохиолыг гуравдугаар ангийн хүүхдийн цээж бичгийн түвшинд үнэлэх хүмүүс зөндөө. Элитийн хүрээлэнгээс Робски одоо өөр сэдэв рүү орж байна. Санаанд оромгүй юм, түүний шинэ роман сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдийн тухай гэнэ ээ.

НАМАЙГ БИТГИЙ ШҮҮМЖИЛ

…Намайг битгий шүүмжил, би зүгээр л өөрийгөөө олох гэж, бас ашиг олох гэж роман бичсэн юм. Гэхдээ Рублёвкагийн түүх бүгдэд л сонирхолтой байдаг юмаа даа? Магадгүй галзуугийн эмнэлэг ч хүмүүсийн хувьд сонин байх ч юм бил үү? Надад дээдсийн хороолол, галзуугийн эмнэлэг хоёр хоорондоо төстэй юм шиг санагдаад байдаг юм. Хоёулаа хаалттай, доторх хүмүүс нь золгүй… гэж тэрбээр ярьжээ. Сайхан харагддагийн тань нууц юу вэ гэсэн асуулт түүнийг их уурлуулдаг.

“Олигархуудын эхнэрүүд яагаад ботокс шахуулдгийг мэдэх үү, яагаад гэвэл тэд нөхрийг нь булаахад хэзээд бэлэн найз бүсгүйчүүдээсээ айдаг юм” гэх нь ч бий. Та ядуу атлаа сайхан сэтгэлтэй залуутай гэрлэж чадах уу гэхэд “Хэрэв тэр 20 настай, тэгээд ухаалаг бол яахав ээ, болно. Харин 20- тойдоо тракторчин байгаад арван жилийн дараа тэр хэвээрээ үлдсэн бол чадахгүй” хэмээнэ. Glamour хариултууд байгаа биз?

Х.ЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.