Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.ХАТАНБААТАР: Үйлчилгээний гавьяат ажилтан болсноо хамгийн эхэнд аавдаа дуулгасан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хоёр алба хаагчийг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан билээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн цагдаа, ахлах ахлагч П.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч П.Хатанбаатар нар Цагаан сарын өмнө Төрийн тэргүүнээс шагналаа гардан авсан юм. Хоёр “баатар”-ын нэг Палангийн Хатанбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан шинэлсэн үү. Танай нутагт сар шинийн баяр хэрхэн болж өнгөрөв?

-Баярлалаа. Та бүхэнд сар шинийн мэнд хүргэе. Цар тахлын улмаас Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу манай сумынхан хөл хөдөлгөөн сийрэг, нам гүмхэн шинэллээ. Хорио цээрийн дэглэмээ сайн сахилаа. Манай ШинэИдэр сум нутаг дэвсгэрийнхээ зургаан газарт хяналтын цэг гаргасан. Баярын өдрүүдэд хэсгийн төлөөлөгчийнхөө хамт би эргүүл хийлээ.

-Та Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат ажилтан болсон. Орон нутаг дахь цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Гавьяат гэв үү?

-Тийм ээ. Би цагдаагийн байгууллагад 2000 оноос хойш ажиллаж байна. 20 гаруй жилийн минь хөдөлмөрийг үнэлж, ийм “том” шагнал олголоо. Энэ шагнал бол ганц миний бус, орон нутагт ажиллаж буй цагдаагийн бие бүрэлдэх үүнийх гэж ойлгож байгаа. Үйлчилгээний гавьяат ажилтан болсондоо маш их баярласан. Цагдаагийн ерөнхий газар болон Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрынхаа үе үеийн удирдлага, хошууч Пүрэвсүрэн даргатай Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийнхан, төрөлх нутгийнхаа зон олон, одоо ажиллаж, амьдарч буй Шинэ-Идэр сумын ЗДТГ-ынхан, бүх ах дүү, гэр бүлдээ дахин талархал илэрхийлье.

-Сайхан мэдээ сонсоод итгэж чадахгүй байсан гэсэн. Сумын төвөөс Улаанбаатар луу ирэх гэж их л яарсан байх даа?

-Манай сум аймгийн төвөөс 120 км зайтай. Хэрэг, зөрчлийн тайлан мэдээгээ өгөх гээд Мөр өнд оччихсон байв. Хоёрдугаар сарын 6-ны 16.00 цагийн үед “Та Гавьяат боллоо” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу ярьсан. Эхлээд итгээгүй. “Би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт ажилладаг Хатанбаатар гэж хүн шүү дээ” гэж хэлж билээ. Тэгтэл “Танд баяр хүргэе ээ, Гавьяат ажилтан болжээ” гэсэн. Энэ мэдээг сонсоод гэр бүлийнхэн, хамт олон минь надаас илүү баярласан. Маргааш өглөө нь даргынхаа хамт машинд нь суугаад Улаанбаатар хот руу гарлаа. Хотод ирмэгцээ коронавирусийн шинжилгээ өгсөн дөө.

-Гавьяат ажилтан болсноо хамгийн түрүүнд аавдаа дуулгасан гэсэн. Таны аав юу гэж байх юм?

-Тийм ээ. Хамгийн эхэнд аавдаа дуулгасан. “Ард олныхоо итгэлийг алдаж болохгүй шүү, ажил төрлөө илүү сайн хийгээрэй, аав нь маш их баяртай байна” гэж хэлсэн.

-Таны гэр бүл, ах дүү нараас цагдаагийн байгууллагад ажилладаг хүн бий юү?

-Байхгүй ээ. Аав, ээж минь насаараа мал малласан. Миний аавыг Н.Палан гэдэг, 80 гарч яваа хүн бий. Ээж минь намайг багад өөд болсон юм. Би ах дүү тавуулаа. Хөвсгөл аймагтаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд цагдаагийн дамжаанд суралцсан. Сургуулиа төгсөөд төр өлх нутаг Алаг-Эрдэнэ сумаасаа ажлынхаа гарааг эхэлсэн. Намайг очиход хэсгийн төл өөл өгч, цагдаагийн ахмад Түвшинжаргал угтан авч байлаа. Сайн хүнтэй гар нийлэн ажиллаж, түүнээс их зүйл сурсан даа. Дараа нь дэслэгч Р.Эрдэнэбат гэж хэсгийн төлөөлөгчтэй хамт үүрэг гүйцэтгэж байв. Түүнээс хойш зургаан сумд ажиллажээ.

-Шинэ-Идэр сумд хамгийн олон жил ажиллаж байгаа гэсэн. Нэг газар олон жил ажиллахын давуу тал юу байна. Хот, суурин газар бараадъя гэж боддог уу?

-Дассан газрын даавуу зөөлөн гэдэг. Хотод ажиллая гэж бодож байсангүй. Нэг газар олон жил ажиллахаар иргэдээ бүгдийг таньдаг болж, амар байдаг юм. Малын хулгайн хэрэг гарлаа гэхэд “Тэр л болов уу” гэсэн баримжаа таамаг байдаг учраас хэргийг шуурхай илрүүлэхэд дөх өмтэй. Архи ууж, агсам согтуу тавьж, зөрчил гаргасан үед ч хэн ийм хэрэг өдүүлэх вэ гэдгийг бараг гадарладаг байх жишээтэй.

-Ялангуяа хэрэг төвөг тарьдаг, “бүтэхг үй” нөхдийг гарын арван хуруу шигээ мэдэх байх. Зарим нь буруу зүйл хийчихээд танимхайрч, тал засах гэж үзэх үү?

-Сум маань 3000 гаруй хүн амтай. Бүгдийг нь танина. Тэр тийшээ явсан, нөгөө нөхөр л томоог үйтэж гэхэд яг л байдаг юм. Шударга, ёс зүйтэй байх нь ажилдаа баримталдаг миний гол зарчим. Тиймээс таньж мэддэг гэхгүй буруу зүйл хийсэн бол хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Үүнээс болоод зарим нь намайг “Сэнтэг” гэж нэрлэдэг л юм. Хууль ёсны дагуу ажиллаж байна гэхээр олонх нь ойлгож хүлээж авдаг болсон. Манай сумд захиргааны зөрчлийн хэрэг түлхүү гардаг. Мөн малын хулгайн хэрэг мэр сэр үйлдэгддэг. Бусад сумыг бодоход ноцтой хэрэг гарах нь гайгүй шүү.

-Ажиллах хугацаандаа хэчнээн хэрэг илрүүлсэн байдаг бол. Хүнд хэцүү нөхцөлд орж байсан үе бишгүй биз. Уншигчдад сонирхуулж болох уу?

-Орон байр, малын хулгай зэрэг 160 орчим хэрэг илрүүлсэн гэдэг баримжаа тоо бий. Согтуу хөлчүү хүмүүстэй барилцаж авахыг алийг тэр гэх вэ. 2019 онд эхнэрээ гэртэйгээ шатаасан хэргийн газарт ажиллаж байлаа. Хэрэг үйлдсэн этгээдийг дараагийн шатны байгууллагад хүргэж, шүүхээр баривчлуулж байв.

-Малын хулгайн хэрэг мэр сэр гардаг гэлээ. Эл хэргийг ихэндээ айл саахалт, таньж мэддэг хүн нь үйлддэг гэх юм.

-Хүний эрх гэж “том” юм бий. Хулгай хийсэн хүний талаар ч хамаагүй ярьж болохгүй байх. Танихгүй хэн нэгэн хол газраас зорьж очиж хулгай хийх нь бараг үгүй. Ихэвчлэн нутгийн улс нь нэгнийхээ малыг “зуучлах” ажил гүйцэтгэдэг болсон. Техник хөгжсөн энэ үед янз бүрийн аргаар холбоо барьж, өөр нутаг, цаашлаад хил давуулж байна. Малын толгой, шийр, гэдэс дотрыг нь ил хаяад явсан тохиолдол ч байдаг.

-Та аймгийнхаа Цагдаагийн газрын тэрг үүний ажилтнаар найман удаа шалгарсан юм билээ. Ямар шалгуураар олгодог юм бэ?

-Хэчнээн зөрчил, хэрэг илрүүлсэн зэрэг цөөнгүй болзол хангасан тохиолдолд тэргүүний ажилтан болдог юм. Олон жил ажлаа үр бүтээлтэй хийж яваагийн минь бас нэг шалгуур юм даа. Заримдаа залуу үеэ дэмжиж, урам хайрлан, аварга болоход нь дэмжлэг үзүүлдэг.

-Сургагч ахлагч гэдэг таны цол уу?

-Тийм ээ. 2017 оноос ийм цол олгодог болсон. Аймаг, дүүргээс тус бүр нэг цагдаад ийм цол олгосон юм. Сургагч ахлагч баг бүрэлдэхүүнээ удирдаж ажилладаг. Шинэ цагдаа нарт зааж сургах, санаа тавих, тайлан мэдээлэл гаргахад нь туслах үүрэгтэй. Ойролцоо сумынхаа цагдаа нарт заавар зөвлөгөө өгч байгаа. Сумдаа одоо ахмад Д.Бат-Очир гэж хэсгийн төлөөл өгчийн хамт ажиллаж байна.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу. Ам бүл хэдүүлээ билээ?

-Манай эхнэрийг Төмөрбаатарын Энхжаргал гэдэг. Эзологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй. Бид нэг сум, нэг сургуулийнх. 1996 онд гэрлэж, ам бүл тавуул болсон. Том охин АШУҮИС-ийн VI курсийн оюутан, дунд охин 12 дугаар анги төгсөнө, хүү хоёрдугаар ангийн сурагч.

-Цагдаа хүний байр байдал, өмссөн хувцаснаас нь “сүрдмээр” санагддаг. Гэртээ байхдаа л энэ “ачаа”-гаа мартдаг байх. Та хэр сайн нөхөр, бас аав бэ?

-Чөлөө зав гарвал аль болох үр хүүхдэдээ зориулахыг хичээдэг учир гайгүй сайн аав байх шүү. “Сайн сурч, мэргэжил, мэдлэгтэй болж, ажлын хамт олонтойгоо эв найртай, шударга ажиллаарай” гэж хүүхдүүддээ захидаг. Намайг шагнал авах мөчид тэд минь уйлаад, тэврээд л сүйд болсон шүү.

-Тухайн үеийн шинэхэн цагдаа, одоогийн хашир туршлагатай цагдаа хоёрын дунд хэр их ялгаа байна вэ. Залгамж халаа болох залуу цагдаа нартаа хандаж юу хэлэх бол. Ялангуяа орон нутагт ажиллаж буй залууст.

-Их ялгаа байлгүй яах вэ. Анх цагдаа болж ирээд учраа ч олохгүй явдаг байв. Согтуурч танхайрсан гэсэн дуудлагаар очоод зөрчил гаргасан хүнтэй яаж харилцах, гэр бүлийг нь хэрхэн хамгаалах вэ гэдгээ ч мэддэггүй байлаа. Одоо бол ажил гарт ороод амар болсон. Хүнтэй, ялангуяа гэмт хэрэг үйлдсэн, танхайрсан, агсам согтуу тавьдаг нөхөдтэй харилцах арга эвээ олсон. Согтуу хүнийг ар гэр, ах дүүст нь хүлээлгэж өгөх, болохгүй бол дараагийн шатны арга хэмжээ авах нь хүртэл туршлага байдаг юм.

-Цагдаа нэг талаар иргэдэд үйлчлэх, тэдний амар тайвны төлөө зүтгэх үүрэгтэй мэт боловч төрийн алба хашдаг. Төр, иргэн хоёрын дунд “хавчуулах” үе гарна биз?

-Зарим үед гарна. Одоо иргэд хүний эрх гээд цагдаагийн байгууллагын ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, элдвээр хэлж доромжлох, дайрч давшлах нь цөөнгүй болж. Ажлын нөхцөлөөс шалтгаалж хүнтэй муудах, сайдах, буруу, зөв ойлголцохын алийг тэр гэх вэ. Тэр бүрээс няцна гэж юу байх вэ. Хуульд бүгдийг нь тодорхой заагаад өгчихсөн учраас тэр дагуу ажиллахад асуудал бага гарна. Хүнтэй зөв, боловсон харилцах нь чухал. Түүнээс цагдаа гэдгээрээ түрээ барьж, айлган сүрдүүлж болохгүй. Хөгшин, залуу гэлгүй адилхан харилцдаг байх хэрэгтэй. Ялангуяа ахмадынхаа үгийг сонсож, тэдэнтэй ярилцахад олон зүйл сурч, мэддэг юм шүү гэж залуустаа хэлье. Мөн хоёргүй сэтгэлээр тууштай ажиллахад үр шимийг нь заавал хүртдэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.