Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.УУГАН-ЭРДЭНЭ: Олон тэтгэлэгт хүч сорих хэрэгтэй

Өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд суралцах сонирхолтой залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэр хэрээр эртнээс бэлтгэлээ базаах болсон. Ийм зорилготой сурагч, залууст Японы Хоккайдо мужийн “Томакомай” коллежийг биологийн инженер мэргэжлээр төгсөж, Токиогийн технологийн их сургуульд элссэн П.Ууган-Эрдэнийн зөвлөгөөг хүргэе.

-Гадаадад суралцахаар шийдсэн бол юунд анхаарах ёстой вэ?

-Би Японд ирээд гурван жил боллоо. Ахлах сургуулиа төгсөөд “Томакомай” коллежид элссэн. Бие даан шийдвэр гаргах, бусдын нутагт таних хүнгүй гэх мэт олон асуудалтай тулгарав. Тухайн үед япон хэл сураагүй байлаа. Харин англи хэлний мэдлэгтэй байсан учир хүмүүстэй ойлголцоход дөхөм байв. Япончууд англи хэлээр тийм ч сайн ярьдаггүй. Тиймээс япон хэл хурдан сурч, ангийнхантайгаа танилцах шаардлагатай болсон. Гадаадад сурахаар төлөвлөсөн бол тухайн орны хэлийг эх орондоо бага ч гэсэн эзэмшээд, сургуульд элсэн орсныхоо дараа гүнзгийрүүлж эзэмшвэл тохиромжтой.

-Монголоос Японд очсоны дараа амьдрах орчин солигдоход ямар бэрхшээл тулгарч байв?

-Сурахаар очиж буй улсынхаа ёс заншил, хүмүүсийн аж амьдрал, бие биетэйгээ хэрхэн харилцдаг талаар судлах зайлшгүй шаардлагатай. Ахмад хүмүүстэй хүндэтгэлтэй харилцах, хоолоо соёлтой идэх гэх мэт өдөр тутмын амьдралд хэрэг болох зүйлсийг өмнө нь тухайн улсад сурч, ажиллаж, амьдарч байсан хүмүүсээс тодруулах хэрэгтэй.

-Их, дээд сургуульд тэтгэлгийн хүсэлт гаргахдаа юунд анхаарах хэрэгтэй юм бол?

-Би Японы Засгийн газрын тэтгэлгээр сурдаг. Тэтгэлэгт хамрагдахын тулд мундаг, онц сурлагатай, бүхий л зүйлээр шилдэг байх ёстой гэж бидний үеийн залуус ойлгодог. Манай улсад гадаад, дотоодын маш олон тэтгэлэг зарлагддаг шүү дээ. Тэтгэлэг бүр тавигдах шаардлага, төлбөрийн хэмжээнээсээ шалтгаалан өөр өөрийн онцлогтой. Тиймээс залуус эрэл хайгуул сайн хийж, өөрт тохирох тэтгэлгийг олох хэрэгтэй. Нэг биш, олон тэтгэлэгт хөтөлбөрт материал бүрдүүлж өгөх нь түүнд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн сурах улсдаа хэлний бэлтгэлд хамрагдахаар байсан ч өмнө нь эх орондоо бага ч болов сураарай гэж дахин зөвлөе. Учир нь хэлний бэлтгэлийн үеэр ч хичээлээ гадаад хэлээр заадаг учир сурахад төвөгтэй байх магадлалтай.

-Монгол болон Япон оюутнуудын хичээл хийх арга барил ялгаатай юу?

-Манай коллежид хөгжим, спорт, урлаг, ногоон цайны гээд 30 гаруй төрлийн дугуйлан хичээллэдэг байв. Хүүхдүүд хэдэн ч төрлийн дугуйланд явж болдог. Харин нэгэнд нь ч бүртгүүлэхгүй байж болохгүй. Би гар бөмбөгийн дугуйланд хамрагдаад япон хүүхдүүдээс их зүйл сурсан. Долоо хоногт 3-4 удаа, олон цагаар хичээллэдэг тул ядрах, шантрах үе их. Харин япон хүүхдүүд цагаа ягштал барьж, аливаа зүйлд тууштай ханддаг нь ажиглагдсан. Тэднийг хараад л шантарч болохгүй гэж боддог байлаа. Япончууд аливаа зүйлийг “тултал” нь хийдэг ард түмэн шүү дээ.

-Монголдоо бакалаврын зэрэг хамгаалах нь оновчтой гэдэгтэй санал нийлэх үү?

-Ямар мэргэжил сонгож байна вэ гэдгээс хамаарах байх. Хүмүүнлэг, нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшихээр бол Монголд сурах нь оновчтой. Зардал багатайгаас гадна нийгэмтэйгээ илүү ойр. Харин инженерээр сурах бол гадаадын их, дээд сургуулийг сонгосон нь дээр болов уу. Манай улсад сүүлийн үеийн тоног төхөөрөмж, туршилт хийх стандартад нийцсэн лаборатори хүрэлцээгүй. Тэгэхээр инженер болох мөрөөдөлтэй хүүхдүүд гадаадад суралцсан нь давуу талтай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.