Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.ТӨРБАТ: Медаль хүртэхээс илүү амжилтын амтыг мэдрэх л сайхан

Хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй 10 спортын нэг нь мото спорт. Эрсдэл ихтэй энэ спортод амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, амжилт гаргах нь амар биш. Нисэх мэт хурдалж, сэтгэлийн таашаал авах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй гэх. “Намайг хөглөдөг ганц зүйл бол мотоцикл. Өрсөлдөөн дундаас өөрийгөө олох мөч хамгийн сайхан. Тамирчин хүний гол өрсөлдөгч бол өөрөө. Тиймээс уралдааны замд түрүүлэхээс илүү өөрийгөө ялах нь л чухал. Ямар ч тохиолдолд эргэлзэхгүй, итгэлтэй уралдах хэрэгтэй” хэмээн өгүүлэх тамирчныг П.Төрбат гэдэг. Тэрбээр Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, “GenX racing” клубийн нэр дээр уралдаж, өвөө, авга ах нарынхаа залгамж болж яваа. Хүүхэд байхаасаа мотоциклтэй нөхөрлөж, үеийхнээсээ ур чадвар, туршлагаараа цойлсон түүний амжилт чамлахааргүй. 2014 онд “Оны шилдэг тамирчин”-аар шалгарч, дараа жил нь Буриад улсын аварга шалгаруулах мотокроссын уралдаанд түрүүлж байв. Мотокроссын УАШТ-д зургаан удаа тэргүүлсэн тэрбээр “Мөнгөн өвөл 2018” цасан замын уралдааны мэргэжлийн тамирчдын ангилалд анх удаа өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Мөн тэр жилээ Малайз Улсад зохион байгуулсан мотокроссын Ази тивийн АШТ-д амжилтай оролцсон юм.

-Өвөө, аавынхаа залгамж болж спортод хөл тавьсан нь тамирчин олон байдаг юм билээ. Өөрөө авга ах нартайгаа хамт уралддаг гэл үү?

-Манайх гурван үеэрээ мото спортын тамирчид. Дөрөв дэх үе нь надаар эхэлж байна. Энэ спортоор хичээллэхэд өвөө, авга ах нар минь их нөлөөлсөн. Өвөөг минь Доржийн Батхишиг гэдэг. Монголын мото спортын ууган тамирчдын нэг. Өвөөгөөс хойш авга ах нар уралдах болсон. “Чи хоёр настайдаа дугуй унаж сурсан. Гурван настайдаа авга ах Х.Тэмүүжингийнхээ уралдахыг харсан тэр үеэс мотоциклд дурласан шүү дээ” гэж аав хэлдэг байв. Би хүүхэд байхдаа хүсэл, сонирхолдоо хөтлөгдөж уралдсан. Зарим багш, хүмүүс “Спортоор хичээллээд насаараа хоолоо олж идэхгүй шүү” гэдэг байлаа. Харин би энэ ойлголтын эсрэг байдаг. Авга ахынхаа уралдахыг харж өссөн болохоор мото спорт одоо миний амьдралын зорилго болсон.

-Үеэл ах нартайгаа хамтарч, мото спортод хөл тавьснаа сонирхуулж яриач.

-Ах нарыг маань Х.Баттүшиг, Н.Итгэлхүслэн гэдэг. Бид насаар ойролцоо. Уралдах ёстой гэдэг ойлголт аль хүүхэд байхаас надад суусан. Үеэл нартайгаа уралдахаа тэмцээн гэж ойлгодог байж. Өмнө нь зүгээр л давхидаг байсан бол сүүлдээ мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн. Наймдугаар ангиасаа мото спортод хорхойсож, уралдаан, тэмцээнүүдийг үзэх болсон юм. Бид өвөө, авга ахынхаа нэрэмжит тэмцээнийг хоёр удаа зохион байгуулсан.

-Тэр үеэс л уралдаанд оролцох болсон уу?

-Аав минь автомашины засварчин. Нэг өдөр авга ахын мотоциклийг засаж, сэлбээд надад өгсөн. Мото спортод намайг анх хөл тавихад цөөн тамирчин уралддаг байлаа. Би 2007 оноос өсвөр насны ангилалд уралдаж, дурсгалын медалиар шагналынхаа салхийг хагалсан. Түүнээс хойш мотокроссын УАШТ-д зургаан удаа түрүүллээ. Аав намайг дэмждэг ч ээж уралдахыг айгаад үздэггүй. Намайг мотоциклтэй олон жил нөхөрлөснийг мэддэг болохоор “Одоо боль” гэж хорьдоггүй байв. Тууштай зүтгэж, амжилт гаргах үеэс гэрийнхэн минь дэмждэг болсон. Мото спорт үзэгч олонтой, тэр хэрээрээ сэтгэл догдлуулдаг. Миний хувьд уралдана гэдэг өдөр бүр хийж сурсан ажлаас ялгаагүй санагддаг. Медаль хүртэхээс илүү амжилтын амтыг мэдэрч, сэтгэлийн таашаал авах надад хамгийн сайхан.

-Тэмцээний өмнө хэр догдолж, сандардаг вэ?

-Сэтгэл их догдолж, яардаг ч уралдааны өмнө үзэгчдийг хараад өөртөө итгэлтэй болж, тайвширдаг. Гараанаас гараад барианд ортлоо боловсруулсан тактикаараа уралдана. Анх уралдсан цагаасаа өнөөг хүртэл 13 мотоцикл сольжээ. 2012 онд Монголын автомашин, мотоциклийн холбооноос өгсөн Японы “Ямаха” фирмийн мотоциклээр уралддаг болсон. Мотоцикл томрох бүрт бүхнийг эхнээс нь сурдаг. Хүчин чадал нь өмнөх мотоциклээс өөр тул унаж сурахын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэг гарна. Олон жил уралдсан тамирчид туршлага хуримтлуулж, өөрийн арга барилаар уралдаж сурсан байдаг. Миний мотоцикл ойролцоогоор 110 кг. Мото спорт хүч шаардахаас гадна биеийн бүх булчинг ажиллуулдаг. Тиймээс уралдаангүй үед хүчний бэлтгэлээс гадна гар, хөлийнхөө мэдрэмжийг сайжруулах зорилгоор гүйж, үсэрч, дугуй унаж, хөлбөмбөг ч тоглодог.

-Хүүхэд байхдаа уралдана гэхээр хөөрч, онгирдог байв уу?

-Би хүүхэд байхдаа уралдаанд сэтгэл хөдлөлөө их гаргадаг байсан. Тэр үеэ бодвол одоо ухаантай уралддаг болсон. Дасгалжуулагч маань бидэнд “Та нар амжилттай уралд, барианд орсон хойноо л орилж, хашхир” гэдэг юм. Монголд мото спортын мэргэжлийн дасгалжуулагч бараг байхгүй гэхэд болно. Мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийсэн тамирчин уралдахдаа арга барил, мотоциклээ жолоодож байгаа байдал гээд бүх талаараа ялгардаг. Европын орнууд тамирчдаа хүүхэд байхаас нь бэлдэж, бэлтгэл сургуулилалтыг нь системтэй хийлгэдэг. Тэгвэл Монголын тамирчид сурч, ажиллахынхаа хажуугаар бэлтгэл хийж, уралдах жишээтэй.

СУРСАН Ч, АЖИЛЛАСАН Ч ДУРТАЙ ЗҮЙЛЭЭСЭЭ ХОЛДОХГҮЙ

-Дасгалжуулагч багш тань авга ах чинь гэв үү?

-Тийм ээ. Хүүхэд байхдаа уралдаанд дасгалжуулагч ямар үүрэг гүйцэтгэдгийг нэг их боддоггүй байж. Харин одоо тэр их сэтгэл, хүч хөдөлмөрийг нь ойлгодог болсон. Авга ах минь ажилтай, амьдралтай хэрнээ биднийг бэлтгэл хийлгэж, уралдаанд оролцуулдаг байсан. Алсыг харсан ухаан, итгэл, найдвар нь биднийг шилдэг тамирчин болгосон юм шүү дээ.

-Авга ах нар тань одоогоор уралдахгүй байгаа гэсэн. Мото спортоос зодог тайлахаар шийдсэн үү?

-Хоёр ах боловсролдоо анхаарч байгаа. Тэд ШУТИС-д сурдаг. Харин миний сонголт бол мотоцикл. Би мотоциклийг амьдралынхаа зорилго болгож яваа. Сурсан ч, ажилласан ч дуртай зүйлээсээ холдохгүй. Мотоциклтэй байгаа цагт хаана ч аз жаргалтай байдаг. Зарим хүнд мотоцикл хобби нь бол надад ирээдүйд эрхлэх томоохон бизнес байх болно. Амьдралынхаа хором бүрт бодож явдаг зүйл бол мотоцикл, өөр юу ч биш, зөвхөн үүгээр амжилт гаргаж, амьдрах гэж төрсөн юм шиг л санагддаг.

-Та сүүлийн үед инстаграм, цахим хуудсаараа мото спорт, эндуро төрлийн уралдааны талаар залууст зөвлөдөг болсон байна.

-Томоохон компаниуд надтай, манай багийхантай хамтарч ажиллах санал тавьдаг. Энэ нь нэг талаар мото спорт хөгжиж, үзэгчдийн хүлээж авах хүрээ тэлж байгааг харуулж байна. Ч.Батнасан ах анх “Хэдүүлээ нэгнээ дэмжиж ажиллая, би ивээн тэтгэе” гэж санал тавьсан нь биднийг урагшлуулах том түлхэц, урам авах эхлэл болсон. Тэрбээр мото спортод хоббитой. Бидэнд гурван шинэ мотоцикл бэлэглэж, спонсорлосон. Өмнө нь уулзаагүй хэрнээ тийм том боломж өгөхөд нь гайхаж, бас баярлан хүлээж авсан мөч одоо ч мартагддаггүй юм. Шинэ мотоциклтэй уралдахыг мөрөөддөг байсан минь нэг өдөр ингэж биелж билээ.

-Зорилгоо тодорхойлчихсон уу?

-Хоёр жилийн өмнө зорилгоо тодорхойлсон. Мөрөөдөл хоосон байж болохгүй, бодитой байх ёстой. Би мото спортын эндуро төрлөөр ДАШТ-д оролцохыг хүсдэг. Үүнийг тамирчин болгон хүсдэг шүү дээ. Хамгийн гол нь зорилгоо амьдралынхаа баталгаа болгох хэрэгтэй. Миний хувьд өнгөрсөн жилээс эндуро төрлийн уралдаанд түлхүү анхаарч байна. Монголд эндурогийн УАШТ зохион байгуулахад түрүүлж, аварга боллоо. Залууст энэ төрлийн уралдааны онцлог, давуу талыг цахим хуудсаараа дамжуулан сурталчилдаг гэх үү дээ. Миний хувьд энэ төрөлд дэлхийн шилдэг 20 тамирчны нэг болж, жижиг гэлтгүй үйлдвэрийн нэг багийн дэмжлэг авахыг зорьж байгаа. Мото спортынхон автокроссын тамирчид шиг олонд танигдах нь бага. Монголын тамирчид Дакарт уралдаж, олны танил болж байсан. Энэ спортыг үздэггүй хүмүүс хүртэл Дакар раллиг телевизийн сувгуудаар үзээд сонирхдог болсон байх жишээтэй.

-Залуус эндуро төрлийн тэмцээн үзэх дуртай болжээ. Мотокроссыг бодвол эрсдэл багатай ч бэлтгэл хийх арга барилаараа адилхан гэж ярих юм билээ.

-Энэ төрлийн уралдаан эрсдэл багатай. Үзэгчид сонирхсон спортоо судлахдаа цахим хуудас, инстаграмаар зочлох дуртай байдаг. Эндуро нь мотокроссоос өөр. Байгалийн бартааг ашиглаж бүтээсэн, мод, чулуутай өгсүүр замд хурд сорьдог бол мотокросс шороон зам дээр уралддаг. Хэрвээ мото спортоор хичээллэхээр бол мотоциклээ зөв сонгож, хөдөлгүүрийнх нь багтаамжийг судлах хэрэгтэй. Уралдаанд оролцохдоо 250, 350-тай бага хүчин чадалтай мотоцикл сонгох нь зөв. Зөвхөн өнгө үзэмжийг нь хараад сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Хүмүүс хүч ихтэй нь сайн гэж сонгоод уралдааны замд гэмтдэг тохиолдол цөөнгүй.

-Тэгэхээр тамирчид уралдахдаа хамгаалалт, хувцсаа сайтар бэлдэх ёстой байх нь.

-Чанаргүй хувцас, хамгаалалттай бол бэртэх аюултай. Хувцсаа бүрэн өмсөөд, бие халаалт хийж байж уралдах нь зүйтэй. Энэ спортод эргэж буцахааргүй хөл тавьсан бол сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй уралдах ёстой. Хоёр сая төгрөгөөр хамгаалалт, хувцас аваад өмссөн дээр үү, 20 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэх үү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Шинэ мотоциклийн эд ангид асуудал байдаггүй тул өөрт тохирсон фирмийнхийг албан ёсны дистрибьютерээс нь сонгох зөв. Хуучныг сонгохдоо хөдөлгүүрийн дуу, яндангаас утаа их ялгарч байгаа, мөн эд ангийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах шаардлагатай. Монголд мото спортын олон клуб бий. Сонирхсон клубийнхээ цахим хуудаст нэгдэж, тамирчидтай хамт бэлтгэл хийвэл үр дүнтэй. Миний харьяалагддаг клуб “GenX racing”. Мотоцикл унаж сурахдаа найз, эсвэл дасгалжуулагчтайгаа хамт байх хэрэгтэй. Учир нь ганцаараа бэлтгэл хийх үед гэмтвэл тусламж үзүүлэх хүн дэргэд чинь заавал байх ёстой.

МОТО СПОРТ ЭРСДЭЛТЭЙ Ч, АМЖИЛТАД ХҮРЭХ БОЛОМЖ БИЙ

-Мото спорт хэдий олимпын төрөл биш ч үзэгч олонтой. Монголд энэ спортыг дэмждэг байгууллага цөөн. Тамирчид өөрсдийн зардлаар тэмцээнд оролцдог биз.

-Мото спорт эрсдэлтэй ч алдар, амжилтад хүрэх боломж бий. Цэнгэлдэхэд зохион байгуулдаг мотокроссын ДАШТ олимпын наадмаас дутахааргүй өргөн хүрээг хамардаг. Монголд мото спортын тамирчид уралдаанаас уралдаанд оролцож, олны танил болох хэцүү. 2015 онд цасан замын уралдаан зохион байгуулахад Х.Тэмүүжин ах түрүүлж, би удаалсан. Тэр тэмцээний дараа хамтарч ажиллах анхны санал ирсэн. Ямар ч дэмжлэггүй бор зүрхээрээ уралддаг надад бол сайхан санал байв. Тэр үеэс л өөрийгөө хүмүүст мэр сэр танигдаж эхэлсэн гэж боддог. Х.Тэмүүжин ах бэртлийн улмаас зодог тайлаад хоёр жил болж байна. 2000 оноос хойш 17-н жил хуралдахдаа Монголд төдийгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргасан.

-Та уралдаанд шинэ мотоциклтэй уралдаж харагдсан. Амжилт гаргахад тань нөлөөлөв үү?

-Би Амундра ахтай хамтарч ажиллаад гурван жил болж байна. Надад уралдааны гурван ч мотоцикл бэлэглэсэн. Ийм том боломж олгосон нь дараагийн зорилго руугаа тэмүүлэхэд нэг алхам ойртуулсан гэж боддог. Миний хувьд маш их талархах ёстой хүний нэг. Монголд эндуро төрлөөр жилд гурван удаа уралдаан зохион байгуулдаг юм. Сүүлийн үед энэ төрөл олон үзэгчтэй болж байгаа. Монголд мотокроссын УАШТ сонирхолгүй болчихсон тал бий. Тамирчид нэгнийхээ уралдах арга барилыг сайн мэднэ. Уралдаанаас таашаал авдаг нь сайхан болохоос түрүүлэхэд шагнал багатай байдаг нь тамирчдад таалагддаггүй. Манай холбоонд улсаас мөнгө төсөвлөдөг юм гэсэн. Харин тэр мөнгө хаачдаг нь мэдэгддэггүй. Тамирчид энэ талаар ярилцдаг ч үр дүнд хүрдэггүй. Мотокроссын УАШТ-д оролцсоноос экстрим, эндуро, клубүүдийн зохион байгуулсан тэмцээнд өрсөлдөх нь илүү сонирхолтой.

-Э.Халиунболд, Х.Тэмүүжин та гурвыг Азийн болоод Европын томоохон тэмцээнүүдэд оролцож байсан тухай сонссон.

-Үгүй ээ, манай тамирчид Ази тивдээ дээгүүрт ордог нь үнэн. Би Азийн АШТ-д нэг удаа оролцсон. Өнгөрсөн жил Хятадад гурван сар бэлтгэл хийж, уралдсан юм. Өмнөд хөршийн уралдаанд оролцсон гурван тамирчин байдаг. Надаас өмнө Э.Халиунболд, Х.Тэмүүжин ах нар бэлтгэл хийж, уралдсан. Тэд Хятадын шилдэг тамирчдаас илүү ур чадвартай. Хятадын хүн амтай харьцуулахад Монголын гурван сая хүнээс тэднээс дутахгүй ур чадвартай тамирчид бэлтгэгдсэнээрээ давуу. Өмнөд хөрш спортын төрлүүдээ бодлогоор хөгжүүлж, тамирчдаа дэлхийд гаргахаар бэлтгэж байгаа нь уралдаан, тэмцээнээс харагддаг. Тамирчидтай нь харьцуулахад манайхан бие, сэтгэл зүйн бэлтгэл сайтай. Тэдний шилдгүүд бидний өмнө одоо ч гарч чадаагүй л байна. Санхүүгийн чадвартай, олон ивээн тэтгэгчтэй хэрнээ монголчуудыг гүйцдэггүй. Манайх техникээрээ дэлхийн мото спортын хөгжлөөс хоцорч яваа. Үүнийг гүйцэхэд ихээхэн хөрөнгө, санхүү хэрэг болно.

-Энэ спортыг дурлаж үздэг хүн олон. Нэг нь хоббигоо болгож уралддаг байхад нөгөө нь хичээллэхийг хүсдэг ч эрсдлээс айдаг бололтой. Тэдэнд хандаж өөдрөг үгээр урам хайрлаач?

-Цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хоббитой болох нь зүйтэй. Хобби маань миний ажил, амьдрал болсон. Надад мотоциклээс холдсон өдөр ховор. Залуус сэтгэлээр унаж, сархадтай нөхөрлөж байхын оронд мотоцикл унаад хотоос гарч давхи, амьдралаа сонирхолтой байлгая гэвэл аялж, байгалийн сайхныг мэдэр. Мотоцикл хэрэглээ бас гоёл ч болдог. АНУ-ын нэг алдартай тамирчин “Эрсдэл бол байдаг. Айх, айхгүй нь чиний сонголт” гэж хэлсэн байдаг юм. Уралдах сонирхолтой бол эрсдэлийг хүндээр хүлээж авах хэрэггүй. Хамгийн гол нь тэвчээртэй, ухаантай байх хэрэгтэй. Энэ спорт тамирчнаас маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Спортын бүх төрөлд өрсөлдөөн, тэмцэл бий. Тэмцэл, тэвчээрээс эмээвэл амжилт хэзээ ч гаргахгүй. Өвдөлтийг давж гарах сэтгэлийн хат, тэнхээ мото спортын тамирчдад хамгийн чухал. Спортын талбарт энэ бүхэн байж уралдаан, тэмцээнийг сонирхолтой болгож, үзэгчтэй байлгадаг. Тамирчин хүн дэмжлэг, туслалцаагүйгээр амжилтад хүрэх амаргүй. Энэ ташрамд, намайг олон жил дэмжиж, амжилт гаргах боломж олгож байгаа Амундра, Ч.Батнасан ах нартаа, мөн гэр бүл, авга ах нар, багийнхаа тамирчдад баярлаж явдгаа уламжилъя.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.