Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П. Одгэрэл Энэ тэмцээнийг би уран бүтээл гэж нэрлэмээр байна

“Universe Best songs” нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэл өмнө минь сууж байна. Өнөөдөр бусдаас онцгойрч, эрч хүчтэй харагдахыг хүссэн болохоороо улаан өнгийг сонгосон гэнэ. Түүний өмссөн улаан корсет этгээд загварын, гоёмсог ээмэгтэй нь хэрхэн хосолж байгааг ажиж суухдаа өчигдөр орой мэдээ уншиж байсан костюмтай, албархуу төрхийг нь бодлоо. Тэрбээр “Би дүр төрхөө өөрчлөх дуртай шигээ дотоод ертөнцөө ч бас өөрчилж сурсан хүн байх аа” гэж ярьж байлаа
-Одгэрэл телевизтэй, тэр дундаа дэлгэцтэй хэрхэн холбогдов?
-Би МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Оюутан байхдаа азаар ч юм уу, тавилангаар ч юм уу UBS телевизэд ажилд орсон. Сэтгүүлч, редакторын алба хашдаг байсан боловч яваандаа дадлагажаад хөтлөгчийн ажилд хүчээ сорьсон доо.

-“Universe Best songs” нэвтрүүлэг монголчуудыг сэргээдэг гэж Долгион хэлж байсан. Үүнд таны оролцоо ч бас их байх аа…
-Энэ нэвтрүүлэг улам л өргөжөөд байгаа. Өнгөрсөн жил 400 оролцогчтой байсан бол энэ жил 730 болсон. “Universe Best songs” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд манай хамт олны хичээл зүтгэл юу юунаас чухал. Бид яг л нэг хүн шиг бүх зүйлийг урьдчилан төлөвлөсний дагуу явуулсаар ирсэн. Мэдээж гэнэтийн зүйл гардаг ч тэр болгонд манай хамт олон үр гэлж бэлэн байж чаддагт сэтгэл хангалуун явдаг.
-“Universe Best songs” нэвтрүүлэг бол… гээд бодлоо хэлээч.
-“Universe Best songs” нэвт рүүлэг миний амьдралын хам гийн сайхан дурсамжтай үе байх болно. Харин ажил мэргэжилтэйгээ холбох юм бол өөрийгөө нээх нэг алхам болсон. Бидний хичээл зүтгэл ч талаар болоогүй гэдэгт итгэл тэй бай гаа. Монголын авьяас билигтнүүд маш олон болох болтугай. Тэдэнгүйгээр тэмцээн уралдаан гэж үгүй.. Яг тэр журмаар олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл л уран бүтээлийг амилуулж байгаа. Энэ тэмцээнийг би уран бүтээл гэж нэрлэмээр болдог юм.
-Чи сэтгэл хөдлөл ихтэй хүн юм аа. Дэлгэцээр гарч байгаа юм шиг ярьж байна…
-Сэтгэл хөдлөлөө барихыг хүсдэггүй болохоор үзэгчдэд миний сэтгэл хөдлөл тэр чигтээ хүрдэг байх. Ярилцлага хийж байхдаа сэтгэл хөдлөлөө нуучихвал би хуурамч харагдана шүү дээ. Ярилцаж байгаа хүнд маань ч гэсэн таагүй сэтгэгдэл төрөх байх. Тийм болохоор л би сэтгэл хөдлөлөө хорьдоггүй. Догдлохоороо хашгирч, орилж ч чадна. Хэрвээ уйлмаар байвал уйлж л орхино. Дурангийн өмн ө байгаа гэж бодоод нулимсаа хязгаарладаггүй. Гэхдээ нэвтрүүлгийн онцлогоос л хамаардаг юм. Мэдээ уншиж байхдаа сэтгэл хөдлөл гаргаж болохгүй л дээ. Өрөвдөлтэй санагдсан үедээ мэлмэрээд, хөгжилтэй санагдсан мэдээг инээж уншаад байвал муухай биз дээ. Харин шоу нэвтрүүлэг хөтлөхөд сэтгэлийн хөдөлгөөн заавал байх хэрэгтэй.
-Эмэгтэй хүнд сайхан харагдах боломж нэг, сэтгэл татах боломж түм бум гэдэг шүү дээ. Тэгвэл дэлгэцээр хүний сэтгэлийг хэрхэн татдаг вэ?
-Хүн болгонд дотоод имиж байдаг гэж боддог. Гадаад төрх чухал хэдий ч дотоод сэтгэлээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. Хүн бүрийн харц юуг ч юм өгүүлж чаддаг шиг миний нүд ч гэсэн сэтгэлийг минь дэлгэдэг байх. Хэдийгээр дуу чимээ, ярианы сэдэв болон надтай ярилцаж байгаа хүнийг хараад үзэгчид нүдийг маань анзаарахгүй өнгөрдөг байх л даа. Гэхдээ нүдэнд минь гүн гуниг нуугдчихсан байвал хүмүүсийн харц тусах л болно. Тийм болохоор дотоод имиждээ анхаарал хандуулахгүй байж болохгүй. Тэгээд ч камер чинь үзэгч л гэсэн үг.
-Тэгвэл өөр хөтлөгчийн дотоод имижийг телевизийн дэлгэцээс олж хардаг уу?
-Хардаг. Ер нь тухайн хүний харц нь бүх мэдээллийг биш юм аа гэхэд дийлэнх мэдээллийг хэлээд өгчихдөг. Гэхдээ нэг хараад л мэдчих нь хаашаа юм. Байнга үздэг нэвтрүүлгийн хөтлөгч зэргийг ерөнхийд нь гадарлана гэх гэсэн юм. Яг үүн шиг үзэгчид намайг ямар хүн бэ гэдгийг бараг л хэлчих байх шүү.
-Өөрийнхөө дотоод имижийн талаар ярих уу. Та юуны орд вэ?
-Ихрийн орд. Ордоо хэлэхэд л хүмүүс надаас хоёрдмол шинж чанар хайж эхэлдэг. Дахиад л энэ асуултыг тойрч чадсангүй (инээв). Надад тийм чанар байгаа. Сайнаар яривал миний дотор хоёр хүч чадалтай эмэгтэй байгаа гэж бахархаж болно. Харин муугаар яривал мөн л хоёрын хоёр муу хүн бий. Гэхдээ би муу хүн нь баймааргүй байна. Эмээ минь намайг сайн хүн болоорой гэж ерөөдөг байсан. Би ч тэр ерөөлийг биелүүлэх гэж чадлаараа хичээдэг.

-Таны хувьд муу гэсэн ойлголт юугаар илэрхийлэгдэх вэ?
-Би итгэл үнэмшилтэй хүн л дээ. Гэхдээ мухар сүсэг биш. Эмээгийнхээ зааж сургаснаар л сайн мууг ялгаж салгаж өдий хүрлээ. Айж ичихээрээ уншдаг тарни мэгзэм цээжинд минь бий. Хүнийг гомдоож, уурлуулсан үедээ уучлалт гуйх ухамсар бас бий. Хамгийн гол нь хэн нэгний тухай муугаар бодож эхлэх мөчөөс л муу санаа эхэлдэг. Хэрвээ юманд эергээр хандвал бүх зүйл сайн болоод л хувирчихна. Тэгэхээр сайн муу, сайхан муухай санааных юм шиг санагддаг. Үйлийн үрийн зарчмаар бол гомдсон сэтгэл ч муу зүйл дагуулж болдог гэдэг. Тэгээд ч хэн ч, хэзээ ч цав цагаан өнгө шиг байдаггүй. Гэхдээ бие биенийхээ сэтгэл рүү хар өнгө цацахгүй байхад л болно.
-Та өөрөө ямар өнгөөр илэрхийлэгдэх хүн бэ?
-Би олон өнгөний холимог байх аа. Бүх зүйл цогцолсон. Сайн муу, сайхан муухай, жаргалтай гунигтай гээд л… Амьдрал чинь дардан зам биш болохоор хүмүүс ч гэсэн нэг янзаараа байдаггүй. Би ч гэсэн нэг өнгөөр өөрийгөө хязгаарлахыг хүсдэггүй.
-Тэгвэл хязгаарладаг зүйл бий юү? Мэдээж байлгүй яахав дээ. Үргэлж л амаа мэдээд давхиад байвал хэцүү ш дээ. Би өөрийнхөө хувьд махан бүтээгдэхүүнийг хязгаарладаг. Бас муу бодол, муу сэтгэл өвөрлөх вий гэж өөрийгөө хязгаарладаг. Хүн л юм хойно алдаа гаргаж, хэн нэгнийг гомдоох үе алхам тутамд л таарч байдаг…
-Тэр хязгаараас давсан тохиолдол бий юү? -Би цагаан хоолтон байхаас хэзээ ч татгалзахгүй. Харин бусад зүйл дээр хязгаараас халих тохиолдол гардаг л байлгүй дээ. Би яг юуг онцолж хэлэхээ үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан алдаа хийх юм бол буруугаа залруулж, цаашдаа алдахгүйг хичээж явахаа л мэдэж байна.
Бид нэг л мэдэхэд ярианы сэдвээ хазайлгаж орхив. П.Одгэрэл юм нууж чаддаггүй хүн байлаа. Тиймдээ ч хэлэхийг хүсээгүй зүйлээ ярьчихаад, “Би уг нь нуумаар л байна” гэж эрхлэнгүй хэлж байсан юм. Үнэхээр түүний хэлснээр хүний харцнаас “үг” уншиж болдог ажээ. Түүний нүд нууцаа авч үлдсэн юм шүү… П.Одгэрэл “Universe Best songs” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэхийн тулд өглөөнөөс орой болтол оролцогчидтой хамт байдаг. Заримдаа 02.00 цагт ч ажлаа хийж байхтай нь таарч байлаа. Тэрбээр ажил эхлэхээс 30 минутын өмнө телевиз дээрээ бэлэн байх гэж XIII хорооллоос гараад Чингис зочид буудал, МУИС-ийн хоёрдугаар байр, Гэсэр сүм гэж нэрлэдэг замаар явж ирдэг.
-Энэ жил харьцангуй бага ачаалалтай байна. Заримдаа бид шөнө дөл хүртэл ажилладаг ч гэлээ амрах цаг гардаг л юм. Сайхан дуулдаг хүүхдүүдээс эрч хүч авч байгаа учраас нэг их ядардаггүй. Ер нь ядарна гэдэг сэтгэлийн асуудал юм шиг санагдаад байгаа. Би ядарч байна гээд бодчихвол л биеэ даахгүй болчихно гээч…
-Сэтгэл санаа чинь бие организмд нөлөөлдөг гэж үү?
-Яг тийм. Өглөө эрч хүчтэй болсон шүү.
-Ер нь дуучин залуустай ажиллах ямар байна. Айхтар чимээ шуугиантай юм…
-Залуу авьяастнуудын дунд байхад ядарна гэж байхгүй. Энерги, эрч хүчээр дүүрэн залуус байгаа юм. Тэднээс эрч хүчийг л мэдэрдэг дээ.
-Та өөрөө дуулдаг уу?
-Дуулдаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Ялангуяа манай монголчууд дуулах дуртай. Харин би аавынхаа хувьд дуучин охин нь ч байж магадгүй ээ. Жаахан байхдаа аавдаа зориулж “Нутаг амьтай аав” гэдэг дууг дуулдаг байлаа. Одоо бол найзуудтайгаа караокед орж л дуулдаг юм. Гэхдээ чадварлаг дуучин биш ээ. Миний хажууханд ийм олон мундаг дуучид “төрж” байхад би өөрийгөө дуулдаг гээд ч яах билээ. Universe Best songs” нэвтрүүлгийг хамт хөтөлж буй Ануш буюу Гантулгадаа их баярлаж явдаг. Надад их тусалдаг юм. Хэл халтирахад залруулж, эвгүй гишгэхэд тохойноос түшээд авдаг юм. Анушаас өөр хүнтэй би энэ нэвтрүүлгийг хөтлөх талаар огт төсөөлж байгаагүй.
“Universe Best songs” нэвтрүүлгийн шалгаруулалт дуусмагц, П.Одгэрэлтэй ийнхүү ярилцсан юм. Тэрбээр өдрийн цайны цагаа надад зориулчихаад, оройн мэдээгээ бэлтгэхээр яаран явлаа. Явахдаа баяртай гэхийн оронд “Сэтгүүлчийн цаг наргүй ажлыг чи ямар мэдэхгүй биш дээ” гэж хэлээд орой болгон намайг дэлгэцийн урд уячихдаг инээмсэглэлээрээ мялаасан юм…
Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.