Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.НҮРЗЭД: АН бол лидер төрүүлдэг нам. Шинэ лидерүүдээ тодруулна

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй ярилцлаа.

-АН-ын их хурлыг гишүүд, дэмжигчид нь төдийгүй энэ намын үйл ажиллагааг ажиглаж, сонирхож байдаг олон хүн хүлээж байсан болов уу. Их хурал хэдий хугацаагаар хойшлов?

-Бид энэ сарын 15-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, 16, 17-нд аравдугаар их хурлаа хийхээр төлөвлөсөн байсан. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн намын хорооны дарга нартайгаа цахимаар хуралдаж, хүмүүсийн дунд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн уг хурлуудаа хэрхэх вэ гэдэг талаар ярилцлаа. Их хурлаа цахимаар хийе, гишүүд, дэмжигчид, олон нийтэд хүлээлт бий болсон, намын дүрмийн өөрчлөлтөө хойшлуулахгүй явуулах ёстой гэсэн санал олон хүнээс гарч байна.

Цахим хурал хийх сонголт байж болох ч хатуу хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед АН шиг үндэсний хэмжээний нам их хурлаа хийх нь нийгэмд тодорхой хэмжээний хөдөлгөөн, бужигнаан үүсгэнэ. Улс орны аюулгүй байдал, монгол түмний эрүүл мэндтэй холбоотой асуудал нэгдүгээрт байх ёстой. Тиймээс дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орныг түгшээж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон үед АН их хурлаа хийнэ гэж дайраад байж болохгүй гэж үзэж, товлосон хурлуудаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Монгол түмний эрүүл, аюулгүй байх тухай асуудалтай харьцуулахад АН-ын хурал, дүрэм журмын өөрчлөлт тэгтлээ аминд тулсан, хойшлуулшгүй ажил биш.

-АН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялагдсаныхаа дараа “Ялагдалдаа дүгнэлт хийж, намаа шинэчилнэ” гэж баахан явсан. Гэтэл 2020 оны сонгуульд дахиад үнэмлэхүй ялагдлаа. Алдаагаа юу гэж дүгнэж байгаа вэ?

-Хамгийн эхний алдаа бол АН-ын даргыг нийт гишүүнээсээ сонгосон явдал. АН 180 мянган гишүүнтэй. Намын даргыг бүх гишүүнээс сонгосон нь гишүүд, дэмжигчдийг үзэл санаагаар нь нэгтгэх биш, хувь хүнд ханддаг хандлагаар нь хуваах алхам болсон. Таван нэр дэвшигч хоорондоо өрсөлдөх нэрээр намыг бүх шатанд нь хэд хуваагаад хаячихсан. Энэ нь эргээд намын гишүүдийн эвлэлдэн нэгдэх, сонгуульд эв түнжинтэй орох боломжийг үгүй болгосон. Нууж хаагаад байх зүйлгүй, болсон явдал нь энэ. Үүнийг манай намыг ялагдалд хүргэсэн хамгийн том шалтгаан гэж үзэж байгаа. Дараагийн шалтгаан нь бид өөрсдөө эв түнжинтэй байж лидерүүдээ, намын удирдлагаа хүлээн зөвшөөрч чадаагүй.

Саяын орон нутгийн сонгуулиар АН шат шатандаа эрвийх дэрвийхээрээ ажилласан, бүгдээрээ хичээсэн, эвтэй байсан. Үр дүнд нь орон нутгийн сонгуульд боломжийн хэмжээнд оролцлоо. Энэ бол өөр өөрийнхөө хийх ёстой ажлыг тухай бүрт нь хариуцлагатайгаар, чин сэтгэлээсээ хийснийх. Бидэнд ялах боломж байна. Хамгийн гол нь зохион байгуулалт, эв найрамдал, бие биенээ хүлээн зөвшөөрөх чадвар хэрэгтэй гэдгийг орон нутгийн сонгууль харууллаа шүү дээ.

-Та бүхэн одоо бас л намаа шинэчилнэ гэж байна. Тэр шинэчлэл нь юу байх вэ. Олон нийтийн дунд яригдаж буй зүйлс, дүрэмд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлтийн талаар сонсоход өнгөрсөн удаа хийснээ буцаах гэж байгаа юм шиг л санагдсан?

-АН-ын гишүүд, дэмжигч, манай намыг сонирхож хардаг хүмүүст хандаж хэлэхэд бид үргэлж урагшаа тэмүүлж байх болно. Ухарсан шийдвэр хэзээ ч гаргахгүй. Мөн өнгөрсөн үетэйгээ зууралдахгүй, басхүү гурван үеийн хэлхээг таслахгүй.

Бид гаргасан алдаагаа засахын тулд АН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн. Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс олон санал ирсэн. Тэр дунд хамгийн олон давтагдсан нь “Намын даргыг сунгаагаар сонгохоо больё. Үүнээс болоод намын гишүүд анхан шатандаа хагарч, хуваагдаж байна” гэсэн санал. Мөн татвар хураамжийн асуудал их яригдаж байгаа. Гишүүд, дэмжигчид санал нэгтэй байгаа энэ мэтийн өөрчлөлтийг дүрэмд оруулахаар ярьж байна. Энэ бол ухралт биш, амьдралаар шалгагдсан зүйлс. Бид АН-ын 30 жилийн алдаа, онооноос сургамж авч, Монголын ардчиллын хөрсөнд бууж, бойжиж буй зөв хандлагуудыг дүрэмдээ оруулахыг зорьж байгаа.

Манай намын хувьд нээлттэй байдаг нь маш том давуу тал, үнэт зүйл. Бидэнд нууж хаагаад байх зүйл байхгүй. АН олон ургалч үзлийг дэмждэг нам. Тэр утгаараа янз бүрийн үзэл бодолтой хүмүүст нээлттэй байдаг. АН-д өрнөж буй бүхнийг бүгд мэдэж, шүүмжлэх нь шүүмжилж, дэмжих нь дэмжиж байдаг. Цаашид улам ил тод байна. Санхүүгийн хувьд шилэн болно. Бидэнд гишүүд, дэмжигчдээсээ нууж хаах юм байхгүй.

Намын дүрмийн өөрчлөлт, бодлого шийдвэрт санаа бодлоо тусгах бүх боломж хэн бүхэнд бий. Бид ажил хэрэгч шүүмжлэлийг хүлээж авахад хэзээд бэлэн. Гишүүд, дэмжигчдэдээ хандаж хэлэхэд, битгий хойш суу, намынхаа ажилд идэвхтэй оролц. Ямар нэг хардалт сэрдэлт тээгээд суухын оронд үйл ажиллагаанд нь оролцож, өөрчилж, шинэчлэхийн төлөө зүтгээрэй.

-Намын даргаа сунгаагаар тодруулахаа болих юм байна. Тэгээд яаж сонгох вэ?

-Намын их хурлаас даргаа сонгодог болно. Их хуралд нь намын бүх нэгжийн төлөөллийг багтаадаг учраас даргаа сонгох бүрэн чадамжтай байгууллага.

-Өнгөрсөн дөрвөн жилд намын дотоод сонгууль болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хураамж, татварын асуудлыг нэлээд ярьсан. Үүнийг яах вэ?

-Үндэсний бодлогын хорооны, аймаг, нийслэл, дүүргийн гишүүдийн татвар, хураамжийг бодитой, ойлгомжтой, шилэн болгоё. Бүртгэлийн хураамж, татвар гэх мэтийн зүйлсийг ойлгомжтой болгоё. Санхүүгийн хувьд ил тод, шударга болгоё гэж байгаа.

лс төрийн намын санхүүжилт гэж эх үүсвэр нь тодорхойгүй, хэцүү асуудал байдаг. Нэр дэвшигчдээс татвар, хураамж авах асуудлыг дүрэмдээ тусгаж, ил болгосноор намаа зөв замаар санхүүжүүлэхэд чиглэсэн том алхам хийлээ гэж өмнөх удирдлага тань тайлбарлаж байсан. Үүнийг буцаая гэж байгаа юм уу. Яаж өөрчлөх юм бэ?

-Тодорхой болгоё гэж байгаа юм. Татвар, хураамжийн асуудал яг таг тодорхой биш, сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүн байлаа гэхэд цагийг нь тулгаж байгаад биелүүлэх аргагүй нөхцөл тулгадаг, “Ингэвэл ингэ, үгүй бол боль” гэсэн байдлаар ханддаг явдлыг халж, бүх зүйл ойлгомжтой, тодорхой байдаг тогтолцоог бий болгоё. Тоглоомын дүрмээ тодорхой болгочихвол оролцож буй хүмүүст ч, тэдний төлөө ажиллах, дэмжих багт ч ойлгомжтой, хэн хэндээ амар шүү дээ. Сонгуулийн өмнөх хэд хоногт намын удирдлага тэдэн зуун сая төгрөг өгч нэр дэвшвэл дэвш, үгүй бол боль гэж, гишүүд нь тийм мөнгө өгч чадахгүй гэж муудалцдаггүй баймаар байна. Дөрвөн жилийн өмнөөс л тэр бүхэн нь тодорхой, дүрэм нь хүн бүрт тэгш үйлчилж байвал хэн хэндээ амар, гомдолгүй шүү дээ. Ийм нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.

Шинэ цаг үед бид ухарсан шийдвэр гаргахгүй, урагшаа л зүтгэнэ. Үүнд итгээрэй.

-АН даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг багагүй хугацааг үдлээ. Энэ байдал цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх нь ээ.

-УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, намын үйл ажиллагаа хэвийн явж байна. Бид бүх зүйлд бэлэн байгаа. Сая бол их хурлын бэлтгэлээ жин тан болгоод, төлөөлөгч нараа угтаж, хурлаа хийхэд бэлэн болсон байлаа.

-Их хурал хуралдвал дүрмээ өөрчлөөд, шууд даргаа сонгочих юм уу?

-Эхлээд дүрмээ өөрчлөх ёстой. Бид дүрмээ шинэчлэх гээгүй, нэмэлт, өөрчлөлт оруулна. Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь намын гишүүд, дэмжигчдийн зүгээс санал нэгтэй байгаа тодорхой заалтууд учраас хүндрэл, бэрхшээл гарч цаг авахгүй болов уу гэж бодож байна.

Дүрмийн өөрчлөлтөө батлаад, дараагийн их хурлаа зарлаж, намын даргын асуудлаа ярилцана.

-Намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн нэлээд хэдэн хүн бий. Тэднийг бүгдийг нэр дэвшүүлэх үү. Намын даргыг ер нь ямар байдлаар сонгох бол?

-АН-ын даргад нэр дэвшихээ олон нийтэд илэрхийлээд буй хэдэн хүн бий. Гэхдээ энэ бол хувь хүн өөрөө л “Би дэвшмээр байна” гэж буй хэлбэр. Дотоод сонгуулийн хороо ч юм уу, АН-ын эрх бүхий албан байгууллага тогтоол шийдвэр гаргаж албажуулсан, бүртгэж авсан зүйл байхгүй. Энэ бол дүрмийн өөрчлөлтийн дараа яригдах асуудал.

Намын даргыг хэрхэн сонгохыг Дотоод сонгуулийн хороо шийдвэрлэнэ. Одоо хүний асуудал ярихад эрт, энэ талаар ярих процесс нь ч болоогүй. Дүрмийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа хүний асуудал ярих боломжтой болно. Тиймээс ямар нэг нэр дэвшигч, нэр дэвшүүлэх ажиллагааны талаар ярихгүй, дотоод зохион байгуулалт буюу Үндсэн дүрмийн өөрчлөлтүүд, өдөр тутмын үйл ажиллагаагаа ярьж байна.

-Үндэсний бодлогын хорооны ротац явуулах хугацаа өнгөрсөн, хүчин төгөлдөр бус гэх шүүмжлэл гарч байгаа?

-Ротацыг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах шийдвэр гарсан. Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн дараа асуудал нь ярина. Өдөр хоног хойшлох тусам тэр хугацаа руу дөхөж байна гэсэн үг.

-Гаднаас нь харахад АН үндэсний хэмжээний нам гэдэг үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь улам унаад байх шиг санагдаж байна. Дотор нь байгаа хүнд ийм зүйл мэдрэгдэж байна уу?

-Бид уналтынхаа хамгийн доод түвшинд хүрсэн, үүнээс доош унана гэж байхгүй. Тиймээс гишүүд, дэмжигчдийнхээ урмыг үүнээс илүү хугалахгүй. Хамгийн доод цэгээс өндийж босохын тулд хичээн зүтгэж байна. Бид өөр болно оо. Бидэнд алдаа, оноо байсан. Гэхдээ үүнийгээ засаж, сайжруулна. Яг одоо бол бид шинэ, хуучин хоёрын яг завсарт байна.

Дараалсан уналт, ялагдалд ч сайн тал байдаг юм байна. Энэ их уналт АН-ыг улам сайн төлөвшүүлж байгаа. Ялагдлуудынхаа ачаар бид байр байрандаа очиж, хэн юу ярьж, юунд тэмүүлдэг, юу хийдэг нь тодорхой боллоо.

-АН өөр болоосой, хүчтэй байгаасай гэж боддог хүмүүс АН-ын гишүүний батлах өвөртлөөгүй, нам бус иргэдийн дунд ч бий.

-Өөр болно, гишүүд, дэмжигчдийнхээ урмыг дахиж хугалахгүй. АН-д одоо булаацалдаж тэмцэлдээд байх зүйл байхгүй. Тиймээс энэ унасан цэгээсээ эв найрамдалтай, бие биенээ ойлгож, нэгдсэн цоо шинэ, хүчтэй улс төрийн хүчин болон босохын төлөө явна.

-Хуучинтайгаа зууралдахгүй гэдэг үг таны ярианд нэг бус сонсогдлоо. Энэ нь хуучин лидерүүдтэйгээ зууралдахгүй гэсэн үг үү. Хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээ оруулахгүй байгаа нь тийм ч зөв зүйл биш, үгийг нь сонсож дагах хүнгүй болчихлоо гэх шүүмжлэл байгаа?

-Жишээ нь хэн?

-Ц.Элбэгдоржоос эхлээд намын гадна байгаа олон хүн бий.

-Тэр хүмүүс АН-ын нэгэн цаг үеийн лидерүүд. 30 жилийн түүхэнд бүгдэд нь оролцож, бүх шатны албан тушаалд нь ажилласан хүмүүс. Тиймээс тэднийг би үгүйсгэж чадахгүй. Тэдний дүнг ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчид тавина. АН-ын хуучин лидерүүд ардчиллын 30 жилийн түүхэнд үүргээ гүйцэтгэж, алдаа, оноо нь дэнслэгдсэн. Ард түмэн, цаг хугацаа дүгнэнэ. Ямар доллар биш, байнга бүх хүнд таалагдаж, байнга ашиглагддаг зүйл гэж үгүй шүү дээ. Одоо бол ард түмэн шинэ үеийг, дараагийн лидерүүдийг хүсэж байна. Энэ хүлээлтэд АН нийцнэ, дараагийн лидерүүдээ гаргаж тавина. АН үндэсний хэмжээний нам, хүний нөөц хангалттай. Бүх салбарын шилдэг залуус АН-д бий. Тэднийхээ хүч чадвар, мэргэжил, боловсролыг ашиглах, тэднийгээ дэмжиж гаргах, бодлого үйл ажиллагаандаа оролцуулах цаг болсон. АН бол лидер төрүүлдэг нам. Лидерүүдээ төрүүлнэ. Шинэ цаг үед шинэ хүмүүс л юм хийнэ. Хуучин хүмүүстэйгээ зууралдвал шинэчлэлийн тухай ярих хэрэггүй. Тиймээс шинэ лидер тодруулна, шинэ бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа юм.

Ер нь АН бодлого, үйл ажиллагаагаа нэлээд тэлж явуулъя гэсэн чиглэл баримталж байгаа.

-АН-ыг эвгүй харагдуулдаг гол хүчин зүйл нь өөр өөрийнхөөрөө зүтгэсэн олон фракц. С.Эрдэнэ АН-ын дарга болоод фракцгүй нам болгоно гэж зарлаж байсан. Фракцууд одоо байгаа юу?

-АН-ын фракцууд байхгүй болсон гэж худлаа яриад яах вэ. Байгаа. Гэхдээ тэр фракцууд хүний тухай ярихаа больсон, бодлогын зөвлөл болж хуваагдсан. Бодлого ярьдаг болсон. АН олон ургалч үзлийг дэмждэг нам шүү дээ. Тиймээс бодлогын зөвлөлүүдээ, олон янзын санаа бодол илэрхийлдэг хүмүүсээ дэмжинэ. Энэ чинь АН шүү дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.