Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Батчулуун: 20 гаруй иргэн донор болох гэрээслэл бичиж үлдээсэн

Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны дарга, гавъяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.

25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрхтэй гэж хуульчилсан. Хуульд заасанчлан иргэд сайн дураар бусдад эрхтэнээ өгдөг үү?

– Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулж өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заасан.

 Мөн эрүүл мэндийн сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам баталсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар донорын зөвшөөрлийн картыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас өчигдөр “Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд донор болохоо зөвшөөрсөн 20 гаруй иргэнд донорын зөвшөөрлийн картыг гардууллаа. Мөн донор болохоо зөвшөөрсөн иргэд гэрээслэлээ бичиж үлдээсэн юм. Донорын зөвшөөрлийн картаа авч байгаа иргэд бодит донор бол биш. Харин ямар нэгэн азгүй тохиолдлоор тархинд цус харвах юм уу, тархиндаа гэмтэл авбал бусдын сайн сайхны төлөө донор болоход бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Зарим хүмүүс донор болох хүсэлт гаргана гэхээр шууд донор болох юм шиг ойлголттой байдаг. Энэ буруу ойлголт юм.

-Донор шилжүүлэн суулгах тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэд мэдлэг мэдээлэл дутмаг байдаг. Хуулийг хэр сурталчилдаг вэ?

-Донорын хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс манай алба маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тодруулбал, оюутнуудад донорын тухай хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор лекц ордог. Эмч, эмнэлгийн ажилтнууд, анагаахын чиглэлээр сурдаг оюутнуудад сургалт, семинар зохион байгуулж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх зорилгоор видео бэлтгэдэг. Харамсалтай тохиолдлоор бурхан болсон нэгний эрүүл эрхтэнг бусдын сайн сайханы төлөө ашиглах боломжтой гэдгийг иргэддээ зөвөөр ойлгуулахаар ажиллаж байна.

– Одоогоор хичнээн хүнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн бэ?

Монгол Улсын УИХ-аас Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталж эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан. Монгол Улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэргийг шилжүүлэн суулгадаг.

Одоогийн байдлаар тархины үхэлтэй нийт 41 донороос бөөр 224, элэг 131, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24-ийг шилжүүлэн суулгаад байна.

Дэлхий дээр амьд болон амьгүй донор гэж хоёр төрлийн донор байдаг. Монголчууд аав, ээж, ах, дүү нартаа амьд донор болох тохиолдол элбэг. Элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний 95 хувь нь амьд донороос хийгдэж байна.

-Донор хүлээх жагсаалтад одоогоор хичнээн хүн байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд донор хүлээх жагсаалтад 600 гаруй хүн байна. Эдгээр жагсаалтад бага насны хүүхэд хүртэл байдаг.

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах хэдэн баг ажилладаг вэ?

Монголд элэг, бөөр, ясны чөмөг, элэг шилжүүлэг суулгах гэсэн дөрвөн баг ажиллаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины үхэл тодорхойлдог багууд ажилладаг юм. Энэ нь тархиндаа гэмтэл авсан, тархиндаа цус харвасан энэ иргэн донор болох боломжтой юу гэдэг дээр ажилладаг. Мөн тархиндаа цус харвасан хүн болгон донор болох боломжтой гэж ойлгож болохгүй. Монголчууд суурь өвчин, халдварт өвчин их байдаг учраас ихэнх нь донорын шаардлагыг хангаж чаддаггүй.

Донор болох шаардлага хангадаг хүн маш цөөхөн. Энэ нь бурхнаас заяасан бусдад буян болохоор төрсөн хүн гэж бид бүгд хардаг. Гэтэл ар гэрийнхэн нь зөвшөөрдөггүй, бурхан шашны талаас татгалзах зүйлс гардаг. Мөн оршуулгын зардал өгөх үү гэдэг асуулт ирдэг. Үүнд бид эрхтний наймаанаас сэргийлэх үүднээс ямар нэгэн мөнгөн талын хөшүүрэг байж болохгүй гэж үздэг.

-Цаашид донорын тухай хуулийг илүү нарийвчлан шинэчлэх шаардлага байна уу?

-Одоогийн хэрэгжиж байгаа донорын тухай хуульд цусны болон эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хамтад нь тусгасан байдаг. Тэгэхээр эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хууль болгон тусад нь гарах талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна.

-Гадаадын улс орнуудад донорын тухай хуулийн хэрэгжилт ямар байдаг вэ?

-1963 оноос хойш гадаадын улс орнуудад эрхтэн шилжүүлэн суулгахыг  зөвшөөрсөн. Харин манайх 50 гаруй жилийн дараа Донорын тухай хуулийг хэрэгжүүлж буй.

-Ярилцсанд баярлалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.