Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Эрдэнэцогтод Монгол Улсын хууль яагаад үйлчилдэггүй юм бэ

 Улиран одож буй 2011 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр металлын харшилтай сэтгүүлч би “Ард түмэнтэйгээ хамт явахаа” андгайлан байж Төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улсын хамгийн өндөр албанд сонгогдсоноос хойш юу хийж яваа, үнэхээр ард түмэнтэйгээ хамт байж эх орныхоо эрх ашгийг дээдэлж буй эсэхийг хоёр муу дэлдэнгээрээ сонсох санаатай “Монгол орны металлын аж үйлдвэрийн өнөөгийн хөгжил, цаашдын зорилт” гэсэн семинарыг тандаж ирээд урам хугарснаа уншигч олонд хүргэхгүй бол алуурчин ч хариуцлагаас мултарч магадгүй гэж бодогдон эмзэглэлээ бичихээр зориглов. Миний бичсэн юманд эмзэглэж дуугүй байлгахыг хичээдэг хүмүүс байдгийг би сайн мэднэ. Гэхдээ Монгол эх орныхоо эрх ашгаас урван тэрслэх эрх иргэнд, тэр дундаа сэтгүүлч надад байж таарахгүйг сайн мэдэхийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ зэрэг эдлэхийг хичээн, өгүүллээ ард түмэнд хүргэх гэсэн юм аа.

Би Дархан, Сэлэнгийн нутгаар явж төмрийн хүдрийн ордуудыг авлигач, мөнгөний донтонгууд урд хөрш рүү өдөр шөнөгүй вагон, вагоноор зөөж байгааг өнгөрсөн зун бичсэн боловч байдал өөрчлөгдөөгүй, эх орон ард түмний эрх ашгаас урвагчид хулгайн үйлдлээ зогсоох нь бүү хэл улам шунахайран хийж байгааг тэвчих аргагүй болоод уг асуудлыг дахин бичихэд хүрээд байна. Зөвлөлгөөнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий технологич, үйлдвэрлэл-техникийн хэлтсийн дарга М.Авирмэд хэмээх намайг бодвол Нью-Йоркийн тэнгэр баганадагч гэж нэрийддэг барилгууд шиг өндөр нуруутай нэгэн тавьсан илтгэлдээ "Манай үйлдвэр Төмөртэйн ордыг эзэмшээд 170 мянган тонн хүдэр гаргачихсан, түүнчлэн төмрийн хүдэр боловсруулан баяжуулахдаа Герман улсын “Лурьги” пүүсийн “Корекс” технологийг сонгочихсон, энэ талаар техник эдийн засгийн үндэслэл хийлгэсэн гэж ярьсан юм. Авирмэдийг би 13 жилийн тэртээгээс мэднэ.

Монголын радиод редактороор ажиллан, “Монгол ган” нэртэй цуврал нэвтрүүлэг хийх үедээ Эрдэнэтийн үйлдвэрийн үйл ажиллагааг сурвалжлан, Дарханд төмөрлөгийн комбинат барих төлөвлөгөө сураггүй алга болсныг нэхэж байх үедээ уулзсан удаатай. Хуучин танил Авирмэд “Манай үйлдвэрийг “Эрдэнэт МГЛ”-д шилжүүлчихвэл бид ард түмэндээ хувь хишиг хүртээх шиг л болно” гэх мэтээр шүгэлдэж гардаг байгаа. Гэтэл танхимаас хэн нэг хүн “Танайх төмөр утас цувих уу, хэзээ бидэнд тэр утас олдох вэ?” гэсэн асуулт тавихад Авирмэд “Утас бэлэн, төлөвлөгөөнд туссан” гэлээ. Бас нэг золигийн нөхөр танхимын нөгөө булангаас “Хаанахын хөрөнгөөр тендер зарлагдаж, хэний шийдвэрээр ийм нүсэр техник эдийн засгийн үндэслэл хийгдэж, ийм мундаг техник технологийн сонголт хийгдсэн юм бэ? Хэн шинэ үйлдвэр барих хөрөнгө мөнгийг гаргах юм бэ?” “30 саяас дээш үнэтэй бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмжийг тендер зарлан сонгодог хувилбар хэвээрээ юү” гэх зэргийн асуултаар илтгэгчийг бөмбөгдөж эхэлдэг байгаа.

Төмөртэйн орд газрын 939А тоот лицензийг “Эрдэнэт МГЛ” компаниас 2009 онд хууль бусаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү гулсуулсан булхай гарч ирлээ. Энэ лиценз Эрдэнэтээс Дарханд ирж болсон юм чинь би авна гэж хятадаас хээл хахууль авчихсан, “БЛТ” гэгч Хятадын хөрөнгөөр бий болсон, хятадуудаас зоос өвөрлөдөг этгээдийн бууны нохой бологч буюу Ардчилсан намын тохоон томилсон П.Эрдэнэцогт гэх хууль хяналтынханд ч захирагддагг үй дур зоргоороо авирлагч этгээд ТӨХ, МХЕГ-ын эрх мэдлийн хүрээнд шийддэг асуудлыг үл тоож, лац ломбыг нь эвдэн уурхай руу дайрч орж, нэг хүний амь бүрэлгэн, 170 мянган тонн төмрийн хүдрийг Хятад руу сорчлон гаргасан гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Хятадын нэг компанитай хэний ч зөвшөөрөлгүй гэрээ хийж, 100 сая америк доллар авахаар гэрээ хийж орхисон чинь Эрдэнэтээс 939А тоот лиценз Дарханд өөрөө ороод ирсэн юм чинь би авна гэж “БЛТ” компани улайран дайрчээ. Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглуулахгүй гэж Монгол Улсын Дээд шүүх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг очиж лацадсан атал Эрдэнэцогт энэ хоёр газрын шийдвэр, хоригийг үл тоомсорлон, лац ломбыг эвдэн дайрч орсон байна.

Дайрагч П.Эрдэнэцогт нэг хүний амь хөнөөгөөд зогсохгүй Английн Олон улсын шүүхэд зарга мэдүүлжээ. Английн шүүх энэ заргыг хэлэлцэж шийдээгүй байхад Эрдэнэцогт төмрийн хүдрийн ордыг Хятад руу сорчлон зөөж, мөнгө цагаан, нүд улаан гэдэг монгол ардын зүйр үгийн үнэн бодитойг нотолсоор байгаа бөгөөд Монголын ард түмний өмчийг дээрэмдэгчид энэ бусармаг үйлдлээ зогсоохгүй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгааг металлын харшилтай өвгөн би огт ойлгохгүй явсаар Монголын баялаг хулгайч нарын түрийвчийг түнтийлгэсээр байгааг тэвчиж чадахгүйн улмаас үүнийг бичиж байгаа бөгөөд бичлээ гээд айж хулчийх юм алга аа. Би монгол аав, ээжийн хүү болж эх орондоо төрсөн монгол хүн. Эх орондоо боловсрол эзэмшиж гавиагүй, гадаадад боловсрол эзэмшсэн хэдий ч эх орон, утаа униартай, тоос шороотой Улаанбаатартаа идээшсэн боргил нэгэн.

Харьд олон жил сурч амьдарсан ч эх нутаг элгэн саднаа зориод л ирдэг монгол үндэстэн. Хоёр хөршөө шүтэхгүй ч бөхөлз өж долигонох сэтгэлд автаж үзээгүй жинхэнэ монгол үндэстэн. Үр хүүхдээ ч Монголынхоо утаа тоосноос салгахыг үл хүсэгч аминчхан монгол хүн. Миний зан араншин монгол болоод ч тэр үү, бялдуучид, өнгө мөнгөнд шунагчдыг ердөө ч ойлгодоггүй явсаар өтөлж буй мангар ч юм шиг монгол хүн билээ, би гэдэг хүн. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗийн даргаар Хэрлэн гэдэг нэртэй монгол хүн ажилладаг юм гэнэ билээ. Хэрлэн дарга Дарханы Төмөрлөгийн комбинатын мэдэлд Засгийн газраас оноож өгсөн төмрийн хүдрийн ордуудыг хэний шийдвэрээр, яаж ашиглахыг мэдэхийн дээдээр мэддэг нь лавтай.

П.Эрдэнэцогт өндөр цалинтай ажилд намынхаа ач ивээлээр томилогдсон төрийн захиргааны албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 15 дугаар зүйлийн 6-рт зааснаар “албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгж үүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг” хориглуулсан этгээд бөгөөд энэ зүйлийг зөрчс өн тохиолдолд хуулийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх заалттайг сануулан миний бичсэн сурвалжлага сонинд хэвлэгдсэний дараа намайг шүүхээр шийтгүүлэх гэж хөөцөлдсөнийг мэдэхийн хувьд өөрийн толгой дээрх ноосыг харахгүй байж, хүний толгой дээрх хялгасыг харав гэгч болсонд нь дургүйцэн, түүний булай үйлдлийг мэдээд бичихгүй өнгөрвөл сэтгүүлчийн ёс зүйд харш гэдгийг санан дахин бичихэд хүрсэн минь энэ.

Монголын нэг сайхан мөрний нэрийг булингартуулсан Хэрлэн гуайн булай явдал, буруу замаар олсон мөнгө буюу эх орноосоо урвасан үйлдэл туйлын жигшилтэй бөгөөд эх орныхоо эрх ашгийг мөнгөөр худалдсан жигшүүрт гэмт хэрэг нь шударгаар амьдрахын төлөө энэ яваа насаа элээж яваа надад сонсоод л өнгөрүүлж болохгүй ялт үйлдэл юм шүү. Би ядуу хүн, улс эх орон, ард түмнийхээ тусын тулд хийж чадах зүйлээ л хийнэ. Харин эх орноо харийнханд мөнгөөр худалдаж л лав чадахгүй. Урвагчдын эсрэг амьд байгаа цагтаа л хайр найргүй тэмцэнэ. Эрдэнэцогтын буруугаар амиа алдсан тэр нэг хүний ард хэдэн хүн зовж, хэдэн хүн уй гашууд нэрвэгдээ бол оо. Хэрлэн Ашигт малтмалын Ерөнхий газрын Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа “БЛТ” гэдэг Хятадын мөнгөний компанид Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг Хятадад урвасан хэдэн монгол луйварчдад олгосон алга дарам цаас нэг хүний аминд хүрч, нэлээд олон хүнийг хагацлын зовлонд унагажээ. Монголын эгэл нэгэн сэтгүүлч би П.Эрдэнэцогтод Монгол Улсын хууль яагаад үйлчилдэггүй юм бол доо гэж гайхаж л сууна.

Эрдэнэцогт гэдэг хүн хууль хяналтын газрын хориг саад тавьсан лац ломбыг эвдэн уурхайд нэвтэрсэн, Монголын стратегийн ордод хулгайн аргаар олборлолт хийж Хятад руу олон вагон ашигт малтмал ачуулсан, ямар ч тендергүйгээр техник технологийн сонголт хийсэн, улсын үйлдвэрт хэний ч зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтыг авлигын журмаар хийсэн, Хятадтай үлэмж хэмжээний хээл хахууль авч хуурамч ч бай, үнэн ч бай хууль бус гэрээг олон удаа хийсэн, жилийн ихэнх хугацааг гадаад улсаар тэнэж өнгөрүүлдэг зэрэг гэмт хэргүүд шил шилээ даран хөвөрч байгаа юм. Энэ тухай би өмнө нь “Өнөөдөр” сонинд тоо баримттай, хүртсэн шан харамжтай нь нийтлүүлсэн боловч Төрийн өмчийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яам арга хэмжээ авалгүй өдий хүрсэнд маш их гайхаж, энэ хоёр хүчирхэг газрын удирдлага Хятадын талд ажиллаж, эх орноосоо урвасан юм биш биз гэж бодоход хүрээд байна.

Хаалга үүднийхээ лац ломбыг эвдүүлсэн байгууллага, иргэнээ алуулсан улс, өмчөө (ашигт малтмалаа) хулгайд алдсан ард түмэн биднийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга П.Эрдэнэцогт даапаалан, бидний өөдөөс салаавч үзүүлсээр явна. Гайхаж бачимдсан би цааш судлахыг хичээвэл Эрдэнэцогтын орлогч нь Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын эгчийн хүүхэд Сайннямбуу юм байна. Тиймээс ч Эрдэнэцогт ямар нэгэн зорилгогүйгээр түүнийг ХБНГУ зэрэг улс орноор дагуулан тэнүүлчилдэг нь бузар булай бүхнээ, эх орноос урвасан үйлдлээ Улсын ерөнхий прокуророор аргалуулах гэсэн санаа байж болохыг би үгүйсгэж чадахгүй юм байна. П.Эрдэнэцогтын гаргасан бас нэгэн хачирхалтай бөгөөд уучилж өршөөх үндэсгүй шийдвэр бол лац эвдэж орсон Төмөртэйн уурхайд машинтайгаа нүхэнд унаж нас барсан залууг хэнд ч мэдэгдэлгүй нууж өдий хүрсэн үйлдэл гэдгийг энд хэлэх учиртай. Энэ тухай тэрбээр “Энэ тухай МХЕГ, Онцгой байдлын газар мэдвэл би хэрэгт орох болоод байгаа юм” гэж үйлдвэрийнхээ удирдлагад ярьсан нь миний дэлдгэрт сонсогдож орхисон билээ.

Төмөрлөгийн үйлдвэрт төрийн нүд чих болох хүнгүй болсны нарийн учир энд байгаа юм биш үү гэсэн бодол ч миний бөндгөрт орж ирсэн юм. Социализмын үед МАХН-ын программд тусгаж олон инженер, мэргэжилтнүүдээ хэлмэгдүүлэн байж байгуулсан, намынх нь сүр сүлд болж байсан Монгол Улсын Төмөрлөгийн анхны үйлдвэр, сэтгүүлч миний “Монгол ган” нэвтрүүлгийн бодит үр дүн болсон үйлдвэрийг Ардчилсан намын зальжин юмнуудад алдан, хайран үйлдвэрээ яйрин болгож байгаа Монгол Ардын Намын удирдлагын үхээнц байдал ямар үр дүнд хүргэхийг би үнэхээр мэдэхгүй байна. Дарханы төмөрлөгийн комбинатыг барьж байгуулах, Монголд хүнд аж үйлдвэрийн тулгын чулууг тулах гавьяат үйлсийг бүтээсэн шударга үнэнч хүмүүс, "Монгол ган"-гийн эзэд арай дуусаагүй л байх гэсэн итгэлээр нэхэл хатуутай тэмдэглэлдээ цэг тавья даа.

Инженер, сэтгүүлч Нанж.Лхагва

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.