Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Путингүйгээр”

Михаил Касьяновын “Путингүйгээр” ном худалдаанд гараад удаагүй байна. “Энэ бол Путингүйгээр төсөөлж боломгүй мэт санагдах бидний оршин байгаа цаг үеийн тухай ном. Улс орон тэр чигээрээ Ленин, Сталин, Горбачев, Ельцингүйгээр амьдраад л ирсэн. Ийм учраас энэ номыг Путингүйгээр гэж нэрлэхээр шийдсэн” гэж ном эхэлдэг.
Оросын түүхийн ээдрээтэй мөчлөгүүд болох 1996 оны сонгууль, бие даасан телевизийн хувь заяа, ард түмэндээ тавьсан дотоодын өрийг төлөхөөс төр нь татгалзсан, Б.Ельцин хэрхэн алтан торонд суусан хоригдол болсон, Путин гарч ирснээр Оросын улс төрийн амьдралд ямар эргэлт гарсан, Ходорковский нарын бизнесменүүд яагаад шоронгийн хаалга татсан, Орос орон гадаадын өрийн дарамтаас яаж чөлөөлөгдсөн зэрэг түүхийн онцгой мөчлөгүүдийг шүүн тунгаах оролдлого хийсэн байна.
Зөвлөлт засгийн жилүүдэд боловсрол, хүмүүжил олж авсан Михаил Касьянов, Евгений Киселев өөрсдийн амьдралын түүх болон Ерөнхий сайд, нэртэй сэтгүүлч хүртэл туулсан замналынхаа талаар хүүрнэн ярилцсан нь улстөрчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад сургамжтай, сонирхол татахуйц ном болжээ.
М.Касьянов цэргийн алба хааж, дээд сургууль дүүргэж, төлөвлөгөөний комиссын жирийн ажилтнаас Ерөнхий сайд хүртэл нийгмийн хоёр өөр системийг дамжин М.Горбачев, Б.Ельцин, В.Путины үед ажиллаж байх үед нь тохиолдсон онцлог үйл явдлын тухай тодорхой дурдсан нь ихээхэн сургамжтай, санаа авууштай зүйлийг багтаажээ. Түүгээр ч тогтохгүй улс төр, нийгмийн асуудал сонирхдог залуу зүтгэлтнүүд, эх орондоо хайртай, улс орныхоо төлөө хүчин зүтгэх хүсэлтэй хэн бүхний уншвал зохих номын тоонд зүй ёсоор багтана гэдэгт эргэлзэхгүй байна.
М.Касьянов өрийн асуудлаар мэргэшсэн хүн бөгөөд ЗХУ-аас өвлөж үлдсэн өрийг хүчингүй болгох талаар Парис болон Лондонгийн клубүүдтэй хэрхэн ажиллаж байсан тухайгаа дэлгэрэнгүй дурдсан байх бөгөөд түүнийг Ерөнхий сайд байх үед Монголын их өр тэглэгдсэн. Тэгэхдээ бага ч болов хувийг чангааж үлдээсэн нь В.Путины мэргэжилтэй холбоотой гох дэгээ байж болохоор ойлгогдоно. Энэ ном эдийн засгийн ухааны доктор В.Сандагдоржийн орчуулсан 20 дахь ном бөгөөд “Соёмбо принтинг” хэвлэлийн газарт хэвлэсэн байна. Ардчилал өрнөөд 20 жил болсон хэдий ч “Орос ханиалгахад Монгол найтаадаг” гэсэн социализмын үед үүссэн хэлц үг өдгөө ч гэсэн утгаа бүрэн алдаагүй байгаа нь энэ номын санаанаас өөрийн эрхгүй цухалзах юм. Та өөрөө уншаад үзээрэй.

1913 онд нисэх оролдлого хийсэн Х.Гэлэнхүүгийн хөшөө өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх онгоцны буудалд бий. Сайн Ноёнхан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд амьдарч байсан тэрбээр хийдэд шавилан суусан боловч, аливааг танин мэдэх, зохион бүтээх хүсэлдээ хөтлөгдөн ном, судраас хөндийрсөн гэдэг. Удалгүй дархны урлал хийн амь зуух болсон нь зохион бүтээх хүслийг нь нэмж, үсэрдэг буу хийж туршсан байна. Түүгээр барахгүй нисэх хүсэлд автаж, шувуу ажигласаар, эцэст нь бүргэдийн өд, үхрийн шир зөөллөн элдэж далавч хийн, 20 метр өндөр Дүнтэрийн цохионоос үсэрсэн аж. Нисэх оролдлого нь амжилтгүй болбол зөөлөвч хийх зорилгоор хясааны бэлд 600 орчим хонь бэлчээж, буусан бөгөөд хожим “Нисэж болмоор юм. Толгой хүнддэх бололтой” гэж дурссан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг. Тэрбээр “Зөвхөн тэнгэрийн амьтан нисэх ёстой” гэсэн шашны номлолыг зөрчсөн тул нүглээ наманчлахаар суварга босгосон байдаг нь эдүгээ Жаргалант сумын төвөөс холгүй байдаг.

MongolNews.mn "Өнөөдөр"
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.