Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ПРОПОРЦИОНАЛИЙГ “НУХАХ” БУУ, ШИЙДЭМ БЭЛТГЭЖ БАЙНА

Сонгуулийн ерөнхий хороо вэб сайтаараа сонгуулийн тогтолцооны аль хувилбарыг дэмжиж байна вэ гэсэн санал асуулга явуулах болсоор нэлээд хугацаа өнгөрч буй. Өчигдрийн байдлаар 1220 хүн оролцсоноос 72 хувь буюу 878 нь пропорциональ, 342 буюу 28 хувь нь л одоогийн мажоритар хувилбарыг хэвээр хадгалахын төлөө санал өгчээ. Дашрамд дурдахад, энэ сайтад боловсролтой, ажил хэрэгч, өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, сурч буй монголчууд голдуу ханддагийг хэлэхэд илүүдэхгүй.

 

УИХ-д сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг судалж, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулж, Парламентад суудалтай бүх намын төлөөллийг УИХ-ын даргын захирамжаар түүнд багтаасан. Намуудаас ирүүлсэн саналыг тэнд бас нэгтгээд байгаа юм. Бараг бүх нам пропорциональ хувилбарыг дэмжсэн санал ирүүлсэн юм билээ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч АНын дарга, УИХ-ын гишүүн байхдаа сонгуулийн өнөөгийн тогтолцооноос татгалзах мэдэгдэл хийж, Ерөнхий сайд асан, МАХН-ын дарга С.Баяр сонгуулийн төгөлдөршлийн талаар УИХ-д байр сууриа тодорхой илэрхийлж, түүнийг нь олон түмэн дэмжиж байв. 2007 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, М.Энхсайхан, М.Зоригт, А.Цанжид, Г.Адьяа нар УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, пропорциональ тогтолцоог санал болгосон ч ээлжит сонгууль дөхсөн гээд хэлэлцэхээс хойшлуулсан. Эндээс үзэхүл монголчууд, улс төрийн намууд жалга довын, мөнгөтэй хэн гуай ч худалдаж авах, худалдагдахад хялбар жижиг тойргийн тогтолцооноос салахыг хүсэж байгаа нь илт харагдана. Ард түмэн, улс төр, төрийн лидерүүд ийн хүсэл зоригоо илэрхийлж байна. Гэтэл энэ санаачилга эрмэлзэл явцуу сонирхолтнуудын өмнө бүдэрч мэдэх тухай таавар, болгоомжлол хууль тогтоогчдын зүгээс дуулдаж эхэллээ. Мажоритарыг авч үлдэхийн төлөө улайрч байгаа хэсгийнхэн хэн бэ, ямар хүрээнийхэн бэ гээд харахаар улс төрд хожуу орж ирсэн, бизнес эрхлэгч, тэр тусмаа олны дунд нэр хүнд нь унасан, хувийн ашиг сонирхлоороо бүлэглэл үүсгэсэн, элдэв тендер, авлигын хэрэгт нэр холбогдогсод байх аж. Учир нь мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн жижигхэн тойргийг тэд худалдаж аваад сурчихсан, тэгснийхээ дараа эрх мэдлээрээ дарамтлан төсвөөс шархаа нөхдөг, ашигтай тендер авдаг, тийм л нөхцөлийг сонгуулийн тогтолцоо бий болгочихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийтээрээ хүртэх баялгийг нийлсэн хэсэг нөхөд “цуслах” эдийн засгийн боломжийг сонгуулийн тогтолцооны гажуудал бий болгоод байна гэсэн үг юм. Мажоритар тогтолцоог авч үлдэхийн төлөө улайрах болсон МАХН-ын бүлгийн нэгэн гишүүнээс санамсаргүй байдлаар ам алдуулав. Намын удирдах түвшинд пропорциональ хувилбарыг дэмжиж байгаа. Түүнийг нь бүлэг дээр унагах бодолтой гэсэн санааг тэр цухалзуулав. Төрийн байгууллагад, тэр тусмаа сонгуулийн хууль тогтоомжийг боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, МАХН-ын бас нэгэн гишүүнээс энэ талаарх байр суурийг нь сонирхвол, “Пропорционалийг анхнаасаа дэмжсэн. Гэвч шахалт их байна” гэв. Цааш сураг тавибал, улс төр, төрийн ажлын туршлагатай эрхмүүд мажоритар тогтолцооны сул талыг хэдийнэ ойлгох болж, МАХН, АН зөвшилцлийн энэ үедээ сонгуулийн шинэчлэл хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байна. Гэвч тэдэнд шахалт, дарамт багагүй ирж байгаа нь ярианаас нь, энэ талаар хэвлэлээр нэрээ зарлахаас бэргэж буйгаас нь илт анзаарагдана. Улс төр дэх энэ ялгарал, эрх ашгийн зөрөлдөөнд аль тал нь ялахаас МАХН, АН-ын эвслийн үнэн төрх харагдах юм. Үнэхээр явцуу эрх ашгаар нэгдсэн бол сонгуулийн тогтолцоог өөрчилж чадахгүй. Оюутолгойн гэрээг мухардлаас гаргаж чадсан шигээ улсынхаа эрх ашгийн төлөө хамтарч байгаа нь үнэн аваас мажоритар тогтолцооноос салах учиртай юм. Ер нь тийм л үүрэг хүлээж, улс төрийн хоёр том хүчнийг хамтарсан гэж ойлгож байгаа. Улс төрийн дээд түвшиндээ ч ийм тохиролцоог хийж, зөвшилцлийн гэрээ байгуулсныг олон түмэн мэдэж буй. Бид өөрсдийгөө ардчилсан улс гэдэг. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг улс даяараа, бүтэн нэг жилийн турш тэмдэглэж байх хойгуур ардчилал маань хэврэгшиж эхэллээ. Олонх нь засаглах, тэгш эрх хэм хэмжээндээ байх, шударга ёс нийгэмд ноёрхох нь ардчиллын тулгуур зарчим гэдэг. Тэгвэл эдгээр тулах багана үгүй болсноос ардчиллын амьсгал хураах мөч өдөр өдрөөр ойртож байна гэхэд хилсдэхгүй болов. Ингэж хэлэх учир юун болохыг үзэж өнгөрүүлсэн бодит баримтаар харуулахыг хичээлээ. Олонх засагладаг, тэгш эрх, шударга ёсонд тулгуурласан ардчилал манай сонгуулийн түүхэнд л лав байгаагүйг дор жишээ болгон өгүүлье. Мажоритар хувилбараар тоолсон санал сонгогчдын эрх ашгийг хэрхэн хохироож ирсэнд анхаарлаа хандуулна уу. 1992 он. УИХ-ын 76 гишүүн нийт сонгогчдын 57.8 хувийг төлөөлж, 42.2 хувийн санал мандат хуваарилахад хамрагдаагүй. Энэ удаагийн сонгуульд 56.9 хувийн санал авсан МАХН УИХ-д 70 суудал буюу 92.1 хувийг бүрдүүлсэн. Гэтэл нийт саналын 43.1 хувийг авсан бусад намд ердөө зургаан суудал ногдсон нь шударга биш байв. 1996 он. УИХ-д сонгогдсон 76 гишүүн нийт сонгогчдын зөвхөн 53.7 хувийг төлөөлж байсан. 46.3 хувийн санал “салхинд” хийссэн. Энэ сонгуулиар ”Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулж, нийт сонгогчдын 47 хувийн санал авсан мөртлөө УИХ-д 50 суудал эзлэв. Харин 40.5 хувийн санал авсан МАХН-д 25 суудал ногджээ. 2000 он. 76 гишүүн сонгогчдын 52.2 хувийг төлөөлж, сонгуульд оролцсон иргэдийн 47.8 хувийн санал УИХ-ын гадаа үлдсэн. Нийт саналын 51.6 хувийг авсан МАХН 72 суудалтай байсан нь мажоритор тогтолцооны гажгийг дахин нотлон харуулав. Гэтэл үлдсэн 48.4 хувьд ердөө л дөрвөн суудал ногдож байгаа нь дэндүү шударга биш байв. 1992 оны УИХ-ын 76 гишүүн сонгогчдын 57 хувийг төлөөлж байсан бол 2000 онд 52 хувь болж, УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 95 хувь нь 1992 оны сонгуульд санал өгсөн бол 2008 онд 76.4 хувь болж буурчээ. Сонгуулийн ардчиллын хамгийн чухал нь сонгуулийн үр дүнд бий болсон Парламент сонгогчдын хэдэн хувийг төлөөлж байна вэ гэдэгт оршдог. 1992 оноос хойших Монголын Парламентын сонгуулиудад өгсөн санал болон УИХ-д авсан суудал хоорондын асар их зөрүү нь гадаадын улс төрийн намууд, судлаачдын гайхшийг төрүүлж ирсэн гэдэг. Эндээс үзвэл олонх нь засагладаг ардчилсан зарчим алдагдсан гэж үзэж болохоор байна. Санал өгсөн сонгогчдын 42.2-47.7 хувийн төлөөлөл Парламентад орж чадаагүйгээс үзвэл ардчиллын хоёр тулгуур болох тэгш эрх, шударга ёсны зарчим мажоритар тогтолцооны гадна үлдсэн байна. Тэгэхээр Монголын ардчиллыг бататгахын тулд МАХН, АН-ынхан ухаалаг, зоригтой алхам хийх цаг нь ирлээ. Ийм нийгмийн хүлээлт байна. Улс төрийн түвшиндээ нэгэнт тохиролцсон зөвшилцлөө иргэний зориг гаргаж хэрэгжүүлэх үлдлээ. Пропорционалийг “нухах” буу, шийдэм бэлтгэж байгаа хэсгийн санаархлыг таслан зогсоох нь Монголын ардчиллын захиалга болоод байгааг “эрүүл” гишүүд эрхбиш анзаарч буй биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.