Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парламентад суудалгүй намуудын тоглолт

Их засварт орсон Сонгуулийн хуулийг УИХ дөнгөж гараас гаргахтай зэрэгцээд гомдол, шүүмжлэл цував. Гурван жилийн турш хэлэлцэж, тохиролцож байж баталсан юм болохоор УИХ-ын Ажлын хэсгийнхэн түүнд хир халдаах дург үй байгаа нь мэдээж. Аливаа хуульд хориг тавих эрх ганц Ерөнхийлөгчид бий. Сонгуулийн хууль шүүмжлээд байгаа шиг муу, Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзвэл Төрийн тэргүүн энэ эрхээ эдэлнэ. Энэ хугацаа нь маргааш дуусах юм. Сонгуулийн хуулийг “Улстөрчдийн сайтар найруулсан жүжиг” хэмээн нэрлээд Цэцэд өгөхөө хэд хэдэн ч нам мэдэгдэв. Тэд энэ ажилдаа нэгэнт оржээ. Сонгууль дөхөхөөр л сураг нь дуулддаг намуудын хувьд энэ нь өөрийгөө “сурталчлах” том завшаан болоод байна.

Сонгуулийн хуулиар Цэцэд хоёр гомдол ирүүлжээ

Хууль баталсны маргааш нь шахам ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх Цэцэд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр намынхаа Удирдах зөвлөлийн гишүүн П.Алтан-Эрдэнэ, Б.Баярсайхан нарын хамт өнгөрсөн мягмар гаригт Цэцэд өргөдөл бичсэн байна. Уг хуулийн 3.14.5-д “Тойргийн ба салбар хэсгийн хороодод зөвхөн төрийн жинхэнэ ба үйлчилгээний албан хаагч томилон ажиллуулна”, 6.26.6-д “Төрийн болон улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшвэл албанаасаа түр хугацаагаар татгалзана” гэсэн нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх болон албан тушаал, боловсролоор нь ялгаварлахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзжээ. Мөн баасан гаригт өөр нэгэн иргэн Сонгуулийн хуулиар Цэцэд хандсан аж. Ингээд Үндсэн хуулийн цэц дээр Сонгуулийн хуульд хаягласан хоёр ч өргөдөл очсон байх нь. Одоогоор эдгээр өргөдлийг хэлэлцэх үндэслэлтэй эсэхийг хянах Цэцийн гишүүнийг томилоогүй байгаа гэнэ. Тэр гишүүний нэр өнөөдрөөс тодорхой болох бололтой.

Жижиг намууд хоорондоо зөрчилтэй байна

Сонгуулийн хуулийг жижиг намууд бүгд ч шүүмжлээгүй бололтой. Хувь тэнцүүлсэн элемент бага боловч оруулсан, намуудад тавьсан босгыг долоогоос тавь болгож бууруулсан гэх мэт зохицуулалтад зарим нь ам сайтай байна. Тогтолцооны өөрчлөлт хийсэн нь бага зүйл биш, өмнөх хуулиас ямар ч байсан дэвшил гарсан гэж МУНН зэрэг улс төрийн зарим хүчин үзэж буй гэнэ. Тиймээс дэвшлийг олж харалгүй шүүмжлэхээ урьтал болгосон гэж ЭЧХН-ыхныг шүүмжилсэн байна. Сонгуулийн хуулийг шууд шүүмжлэх, эсвэл дэмжих хэсэг байхад “бөөрөнхий” байр суурь баримтлан сэм “түлхэгчид” ч бий. Гуравдагч хүчнийхэн дундаа арай дөмөг байр суурьтай, хуучин лидерүүдтэй МАХН, МҮАН-ынхан ийм хэсэгт орж байна. Тэд Сонгуулийн хуулийг маш муу болсон хэмээн дүгнэж байгаа ч “хуучнаасаа дээр” гэдгийг үгүйсгэхгүй байна. Тиймээс “Бусад нь Цэцэд өгвөл өгнө биз, бидэнд тийм бодол алга” гэсхийгээд сууж байна. Мөн УИХ-д суудалгүй намууд цуглаж энэ талаар хэлэлцүүлэг ч хийгээд авсан. Сайн муу хэлүүлж буй Сонгуулийн хуулийг тойрон жижиг намууд энэ мэтээр бужигнаж байна. Сонгуулийн хууль хэмээх сэдэвтэй “жүжиг” мэдээж үргэлжилнэ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.