Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.ЦЭРЭНЧИМЭД: Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс гадна зан чанарыг чухалчлах хэрэгтэй

Залуу үеийнхэн улс төрийн нам, тэдгээрийн үзэл баримтлалын тухай мэдлэг, ойлголттой болж, үзэл баримтлалаа тодорхойлох үүрэгтэй. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлдэг залуучуудын сонгуулийн идэвх, оролцоо улсын ирээдүй, тогтвортой хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор О.Цэрэнчимэдтэй ярилцлаа.

-2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуучуудын идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгсөн гэж дүгнэсэн. Залуус сонгуульд идэвхгүй оролцдог шалтгаан нь юу вэ?

-Залуу үеийнхний сонгуулийн идэвх муу байгаа нь хоёр шалтгаантай. Тэдэнд улс төрийн соёл дутагдаж байгаа хэрэг. Нийгмийн соёлд ардчилал гэдгийг иргэдийн оролцоо гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, оролцоо бол ардчиллын гол үзүүлэлт. Өнөөгийн ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо хараахан төлөвшөөгүй бөгөөд улс төрийн соёл дутагдаж байгаа нь нэгдүгээр шалтгаан нь. Хоёрдугаарт, залуу үеийнхний оролцоо чухал гэж ярьдгаас биш, яагаад оролцох нь чухал вэ гэдгийг тэдэнд ойлгуулалгүй өдий хүрчээ. Энэ нь ч мөн соёлтой холбоотой. Улс төрийн соёлын асуудалд дэлхий нийт сүүлийн 100 гаруй жил анхаарал хандууллаа. Зарим нь хайж байсан асуултынхаа хариуг олж, хэрэгжүүлээд удаж байна. Жишээлбэл, дэлхийн II дайны дараа Герман улс төрийн буюу ардчиллын боловсролоо хоёр чиглэлээр олгож эхэлсэн байдаг. Ардчиллын тухай ойлголт, суурь зарчмууд, онолын ерөнхий мэдлэгийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зааж, насанд хүрэхээр нь иргэний нийгмийн байгууллага буюу ТББ-уудаар дамжуулан улс төрийн боловсрол олгодог. Ингэж бэлтгэгдсэн 18 настнууд сонгуульд оролцохдоо өөрсдийн гэсэн үнэт зүйл, үзэл баримтлалтай, нийгмийн хандлага нь тодорхой болсон байдаг юм. Ийм төлөвшилд гэр бүл, сургуулийн боловсрол, нийгмийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Манай улсын хувьд дээрх гурван хүчин зүйл үүргээ биелүүлж чаддаггүй гэхэд хилсдэхгүй. Бид 1992 онд ардчилсан засаглалд шилжихдээ “Иргэдийн оролцоотой, хяналттай байх ёстой” гэдэг ойлголтыг бүрэн нийгэмшүүлж чадаагүйн уршгаар залуу үеийнхнийг багаас нь улс төрийн боловсролд сургаж чадаагүй. Тиймээс л өдгөө сонгуульд хамгийн идэвх муутай нь залуучууд болжээ.

-Оролцоо чухал гэдгийг хэрхэн ойлгуулах вэ?

-Социалист нийгмээс ардчилалд шилжих үед монголчууд гурван салбарт шинэчлэл хийсэн. Улс төр нь олон намын тогтолцоотой болж, нийгмийн чөлөөт зах зээл өрсөлдөөнд суурилж, эдийн засагт хувийн хэвшлийнхэн томоохон үүрэг гүйцэтгэдэг болсон юм. Дээрх гурван салбарын шилжилтийн үед “хожсон” хүмүүс нь ихэвчлэн 1950-1960-аад оныхон. Тэд самбаа гаргаснаар эрх мэдэлд хүрсэн. Улс төрийн эрх мэдэлтнүүд дунд энэ үеийнхэн ч бий. Өдгөө үе хоорондын зөрчлийн асуудал улс төрийн намаар илэрдэг болжээ. Жишээлбэл, дундаас дээш насны буюу нэг нийгмээс нөгөөд шилжсэн хүмүүс хуучин сургалтын арга барилдаа дасчихсан байдаг. Тэдний удирдах арга барил нь босс буюу захиран тушаах, албадан хийлгэхэд чиглэдэг. Сур, сур дахин сур буюу давтан сургалтын арга барилаар захиран тушаах хэв шинжээр төлөвшчихсөн учир аргагүй. Харин орчин үеийн залуус хамтран бүтээх хэв шинжийг илүү чухалчилдаг. Харамсалтай нь, тэдний хүсэж байгаа үзэл бодол, үнэт зүйлтэй улстөрч байхгүй учир сонгуульд идэвхгүй байгаа юм. Тэглээ гээд сонгууль өгөхгүй байж болохгүй. Учир нь өнөөх шилжсэн нийгмийн удирдагчид залуус руу чиглэсэн бодлогод анхаарахгүй шүү дээ. Тиймээс өөрсдийн төлөөллийг гаргаж, залууст чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд сонгуульд идэвхтэй оролцох ёстой.

-Тэгвэл залуу үеийнхэн өөрсдийг нь төлөөлөх хүнд ямар шаардлага тавих ёстой юм бол?

-Адилхан залуу хүн л байвал биднийг төлөөлж чадна гэж бодож болохгүй. 28 настайдаа УИХ-ын гишүүн болсон боловч залуучуудын оролцоог нийгэмд сөргөөр ойлгуулаад, огцорчихсон тохиолдол бий. Тиймээс хэд хэдэн шаардлага тавьж, түүнд нийцсэн улстөрчийг сонгох хэрэгтэй. Нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрөөс гадна хувь хүний зан чанар илүү чухал. Залуу улстөрчид эрдэж, бардаж алдаа гаргадаг юм. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах нь элбэг учир хувь хүний төлөвшлийг харах хэрэгтэй. УИХ-ын гишүүн буюу хуульчлагдсан эрх мэдэлтэй болсон хойноо нийгмийн аль нэг давхарга, салбарт чиглэсэн бодлого гаргаж чадах хүн мөн үү, мөрийн хөтөлбөр нь алсын хараатай байна уу, ухамсар болон хариуцлагын ёс зүй нь хэр вэ гэдгийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд төрөөс бодлогоор ямар нэг арга хэмжээ авч болох уу?

-Төр гэхээс илүү СЕХ үүнд анхаарах хэрэгтэй. Тус хороо үүргээ биелүүлээгүйгээс болоод хараат бус байдал алдагдаж байна гэхэд хилсдэхгүй. Хөдөлгөөнт буюу тогтсон ажилгүй, боловсролын түвшин ялгаатай иргэдээ судлаад тэдэнд тохирсон сонгуулийн арга барил ашиглах хэрэгтэй. Гэвч ийм судалгаа, бодлого байхгүйгээс залуучууд саналаа худалдаж, санхүүгийн хараат бус байдал алдагдаж байгаа юм. СЕХ-ны ажиллах зарчим гэж бий. Нэгдүгээрт, уг хороонд ажиллаж буй боловсон хүчин улс төржөөгүй, чадвартай байх хэрэгтэй. Ингэснээр аль нэг намд давуу байдал олгохгүй, сонгогчдод чиглэсэн ажил хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, хүний нөөц нь менежментийн ур чадвар сайтай байх ёстой. Дижитал эрин үед амьдарч буй залуу үеийнхэн нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөр гэх сэтгүүлийг уншаад суухгүй нь ойлгомжтой. Тиймээс тэдэнд зориулж, сонирхолтой, ойлгомжтой контент бүтээж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Орчин үеийн манлайлагчдын арга барил таалагдахгүй байгаа учир залуус сонгуульд идэвхгүй байна. 2010 оноос хойш ардчиллын хэлбэр, хэв маяг нэлээд өөрчлөгдсөн. Шилжилтийн энэ үед улс төрийн намууд ч дагаж өөрчлөгдөх ёстой. Гэвч тэд хуучин арга барилдаа гацчихсан. Улс төрийн намууд шинэчлэгдэж чадахгүй, боловсон хүчин сул байгаа учраас нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байна. Дижитал ертөнцөөр дамжуулан үзэл баримтлалаа хялбар, ойлгомжтой хүргэх нь энэхүү үүрэгт багтдаг. Магадгүй идэвхтэй сонгогчид нь дундаас дээш насныхан учир залууст чиглэсэн бодлогоо орхигдуулдаг байх.

-Залуус өөрсдийн саналаа худалдах, эсвэл найз нөхөд, ойр дотны хүнээ намд хүчээр элсүүлдэг жишиг тогтоод удлаа. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Манай улсад ардчилал хэд хэдэн алдаатай нутагшсан. Эрхээсээ гадна үүргээ ухамсарлах нь орхигдсон учир залуучуудын оролцоо тааруу байна. Үүргээ ухамсарлаагүй хүнийг аль нэг намд элсүүлэх амархан. 2014 онд “Залуучуудын улс төрийн оролцоо” сэдэвт судалгаа хийсэн юм. Уг судалгаанд оролцсон гурван хүн тутмын нэг нь “Улс төрийн оролцоотой байхыг хүсдэг. Гэвч сонгосон улстөрч нь амлалтаа биелүүлдэггүй учраас сонгуульд идэвхгүй оролцдог” гэж хариулсан. Итгэлийг нь даах улстөрч байхгүй учир саналаа худалдах нь элбэг. Саналаа худалдах нь залууст эргээд сөрөг үр дагавар авчирна. Улс төрийн сонгуулийн цаана засаглалын асуудал бий. Харин засаглалын цаана нийгэм дэх баялгийн хуваарилалт байдаг. Тэдний төлөөлөл байхгүй учир хүсэж буй зүйл нь дахин хуваарилалтад орохгүй гэсэн үг. Тиймээс саналаа худалдахгүй, шударгаар өөрийн төлөөлөл болж чадах хүнд өгөх хэрэгтэй.

Сонгох, сонгогдох нь хүний эрх. Энэ халдашгүй эрхэнд ямар ч хүн хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Хүчээр шахам нэгнийхээ регистрийн дугаар, овог нэрийг авч, сонгуульд ашиглах нь эрүүгийн гэмт хэрэг. Харин залуус мэдлэг, боловсролгүйгээсээ болоод бусдын эрхэд халдаж байгаа нь харамсалтай. Мөн хэн нэгний хувийн мэдээллийг авахад хүргэж буй нам, эвсэлд СЕХ хариуцлага тооцох хэрэгтэй. Хуулийн дагуу намд хариуцлага тооцвол бусдын хувийн мэдээллийг авсан хүн хамтран үйлдэгч болж, давхар хариуцлага хүлээдэг. Тиймээс аливаа эрсдэлийг бодолцон, найз нөхдөө хүндэлж, тэдний эрхэнд халдахгүй байх хэрэгтэй.

-Энэ сонгуульд санал өгөх залуу үеийнхэнд юу гэж захих вэ?

-УИХ гишүүн төрийн сүлдэнд тангараг өргөсөн тохиолдолд бүрэн эрх нь хэрэгжинэ гэж хуульд заасан байдаг. Энэ хугацаанд улсын төсвөөс цалинжих бөгөөд өөрийн эрх ашигт үйлчилбэл хариуцлага хүлээдэг. Гэвч УИХ-ын гишүүд энэ үүргээ биелүүлдэггүйгээс мөнгөтэй, эрх мэдэлтэй болдог жишиг тогтоод удлаа. Харин залуучууд ийм гишүүдтэй харилцахдаа “Надад ямар ашигтай вэ” гэж хардаг. Үүнээс болоод саналаа ч худалддаг. Бид мэдлэг боловсрол хуримтлуулснаар нийгэмд өрсөлдөх чадвар сайтай мэргэжилтэн болдог. Ийм боловсролтой хүмүүс өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай болдог бөгөөд санал бодлоо тэр бүр худалдахгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл