Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оюутолгой” дахь монгол ажилтнууд техникийн спиртэд хордож, нэг нь амиа алдав

“Оюутолгой” төслийн гэрээт компанийн монгол ажилтнууд энэ сарын 16-нд спиртэд хорджээ. Тухайн үед тус компанийн таван ажилтан спиртийн хольцтой шингэн уусны улмаас нэг нь амиа алдсан байна. Талийгаачтай нэг гэрт байрладаг залуу өглөөний 06.18 цагт дуудлага өгчээ. Яаралтай тусламжийн багийнхан дуудлагын дагуу очсон боловч залууд тусламж үзүүлэхэд хожимдсон байв. Хордсон хоёр хүнийг “SOS” эмнэлгийн хяналтад эмчилж байгаад тусгай нислэгээр Улаанбаатарт авчирч, эрчимт эмчилгээнд оруулжээ. Харин тэнд үлдсэн хоёр хүний бие гайгүй болсон тул эмнэлгээс гарсан гэнэ.

“Оюутолгой” ХХК-иас өгч буй мэдээллээр тэндхийн ажилтнууд пүрэв гарагийн орой ажил тарсны дараа спиртийн хольцтой шингэн уусан нь тогтоогдсон гэнэ. Мөн талийгаачийн биед хүч хэрэглэсэн буюу гэмт хэргийн ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Болсон явдлын талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтохоос тодруулахад “Тус компанийнхан бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Хэргийн талаар цагдаагийн байгууллага илүү мэдээлэл өгөх болов уу. Миний сонссоноор архинд хордсон хүмүүс тус компанийн жолооч нар байсан гэсэн. Тэд техникийн спиртийг усаар найруулж уусан юм байна.

Техникийн спирт хэдийгээр олдоц бага ч томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт бол машин техник царцаж хөлдсөн үед хэрэглэх зориулалтаар аваачдаг байхыг үгүйсгэхгүй” гэлээ. Харин тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн “Оюутолгойд манайхаас Ажлын хэсэг очиж, энэхүү хэргийг шалгаж эхэлсэн. Одоохондоо Ажлын хэсэг хэргийн газраас ирээгүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв. “Оюутолгой” ХХК-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ц.Ганзоригоос эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн бие ямархуу байгааг асуухад “Өнөө өглөөний (өчигдөр) байдлаар хоёр хүний биеийн байдал өмнөхөөсөө дээрдэж, ерөнхийдөө хэвийн болсон. Бид шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг авч байгаа” хэмээсэн.

Дашрамд дурдахад, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө “Оюутолгой” ХХКийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг “Си Ай Эс Монголиа” компанид ажилладаг монгол залуу байрандаа амиа алдсан. Энэ хэргийн учир одоо болтол тодорхой болоогүй байгаа билээ.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.