Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛСНЫГ УИХ-ЫН ГИШҮҮД ХҮЧИНГҮЙ ХЭМЭЭН ҮЗЭВ

Төрийн ордон  Оюутолгойгоор “амьсгалав”. Энэ асуудлаар УИХ, Засгийн газар хоорондоо “дайтсан” гэхэд болно. Засгийн газрын ээлжит хуралдаанаар үдээс өмнө Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцээд хүчин төгөлдөр болохыг нь батлав. Харин УИХын зарим гишүүн үүнийг няцааж “Хууль зөрчиж байгуулсан гэрээ хүчингүй” хэмээн мэдэгдлээ.

10.00 цаг. Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороод хамтарч хуралдахаар зарласан ч “Засгийн газрын сайд нар хуралд оролцмоор байна гэнэ” гээд 14.00 цагт болгож хойшлуулав. Гэвч хойшлуулсан шалтгаан нь зарим гишүүний оношилсноор бол Засгийн газар энэ хугацааг ашиглаж “но”-той гэрээгээ батлахыг зорьсон аж. 13.50 цаг. Засгийн газрын ээлжит хуралдаан завсарласны дараа Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзав. Тэд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлсэн тул гэрээг өнөөдрөөс мөрдөхөөр боллоо” хэмээн мэдэгдлээ. Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай 10 нөхцлийн хэрэгжилт, ТЭЗҮ- тэй нь холбоотойгоор УИХ-ын 12 гишүүнээс тавьсан зургаан зүйлийн шаардлага зэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Бүх зүйл хуулийн хүрээнд байна” гэж үзсэн байна. Урьдчилгаа төлбөрийн хоёр дахь хэсэг болох 50 сая долларыг ирэх сарын таван гэхэд манай талд шилжүүлэх аж. Гэрээнд хоёр тал өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан. Хоёр тал харилцан үүрэг хүлээсэн 10 нөхцлийг биелүүлэх хугацаа ирэх сарын 6-нд дуусна. Нэрээ солиод “Оюутолгой” ХХК болсон “Айвенхоу майнз Монголия Инк” компанийнхан “Нөхцөл биелсэн” хэмээн энэ сарын 29-нд манай Засгийн газарт албан бичгээр мэдэгдсэн байна. Сангийн сайд С.Баярцогт “Ойрын ирээдүйд эдийн засагт суурилсан уул уурхайн хурдацтай зөв бодлого явуулбал өндөр орлоготой улс болох анхны гарааг Оюутолгой тавьж байна.
Дэлхийд тавд орох том орд учир XXI зууны бүтээн байгуулалт болно. Уг ордыг ашиглаж эхэлснээр шууд утгаар 3000-4000, шууд бусаар 10 мянган ажлын байр бий болох юм. Мөн Монгол Улсын Засгийн газарт нэрлэсэн үнээр 40 их наяд төгрөг буюу манай үндэсний нийт бүтээгдэхүүнээс 67 дахин их ашиг өгнө. Нэрлэсэн үнээр 53 хувийн, өнөөгийн үнэ цэнээр 66 хувийн ашгийг эндээс хүртэнэ” гэлээ. Оюутолгойн ТЭЗҮ, гэрээтэй холбоотой сөрөг мэдээллүүдийн талаар тэрбээр “Мэдээлэл дутуу өгснөөс л болсон байх” гэсэн тайлбар хийв. Сэтгүүлчид сайд нараас зарим зүйл тодрууллаа.
-ТЭЗҮ-д 12 засвар хийхээр болсон. Үүнийг яасан бэ?
Д.Зоригт: -Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/- өөр ТЭЗҮ-ийг хэлэлцээд, сайдын хувьд би баталсан. Асуудал үүсээд байгаа хоёр хувийн роялтийг хассан. Мөн усны нөөцийг тодорхой болгож, хаягдсан гээд байгаа нөөцийн асуудлыг шийдсэн. 2009 оны долдугаар сарын 1- нд болсон ЭБМЗ-ийн хурлаар шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцээд нөөцийг 100 хувь бүртгэсэн. Оюутолгойд зэсийн 45 сая тонн нөөц бий. Үүний 25.3 сая тонныг үр ашигтай, үлдсэнийг нь тодорхой нөхцөлд үр ашигтай гэж үзсэн юм. Харин энэ сарын 25-нд болсон хурлаар тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонноос 5.7 саяыг нь авч үр ашигтай нөөцөд шилжүүлсэн. Ингэснээр 31.1 сая тонн нөөц нь үр ашигтай болж байгаа юм. Тодорхой нөхцөлд ашигтай гэдгээ бас ЭБМЗ тодорхойлсон. Үлдэж буй 14 сая орчим тонн зэсийг техник, технологийн шинэчлэл, металлын зах зээлийн үнэ, байгууллагын өөрийн үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, тодотгоно. Мөн ямар ч тохиолдолд ТЭЗҮ-д таван жил тутам тодотгол хийж байхаар шийдсэн. Үүнийг ЭБМЗ-өөр хэлэлцэж байна. 15.00 цаг. 14.00 цагт зарласан гурван байнгын хороо ны хурал арай гэж эхэллээ. Гэхдээ гишүүдийн ирц бүрдээгүй ч Аюулгүй байдал, гадаад бодло гын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт, мэдээллийг сонсох нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлэв.

Уг Ажлын хэсэг Оюутолгойн ТЭЗҮ- ийг тодруулсан, УИХ-аас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн эсэхийг хянасан аж. Гэхдээ Ажлын хэсгийн хуралдааны ирц мөн л бүрдээгүй учир дүгнэлтээ эцэслэлгүйгээр Байнгын хороодын хамтарсан хуралд оруулж иржээ. Ирэх сарын 6-нд Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болох учир ирц бүрдэхийг хүлээлгүй мэдээллээ сонсоё хэмээн УИХын даргын дэргэдэх зөвлөл шийдсэн юм байна. Энэ нь гишүүдийг маргаанд “дуудав”. З.Энхболд “Цаг хожъё л гэсэн юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ТЭЗҮ-ийг сонсохгүй байх сонирхолтой гишүүд байгаа. Мэдээлэл сонсоход болохгүй юм юу байгаа юм” гэлээ. “Тэгж яривал Ажлын хэсгээс ЭБМЗ, ЭБЭХЯ, “Оюутолгой” ХХК-д явуулсан албан бичгийн хариу ирээгүй байна” хэмээн Э.Мөнх-Очир уурсав. Олон жил Парламентад суусан Р.Гончигдорж ч Байнгын хорооны хамтарсан хурал уу, цуглаан уу гэдгийг ойлгохгүй байснаас тайлбар хийхийг Д.Дэмбэрэл даргаас хүсэв.

Хууль, тогтоол зөрчиж гэрээ байгуулсан Засгийн газрын алдааг амжиж засъя хэмээн Н.Батбаяр ухуулав. Эцэст нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Гурван Байнгын хороо хамтарч хуралдах, ажлын хэсгийн мэдээлэл сонсох нь огт гайхах зүйл биш. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор нийгэмд ямар их асуудал үүсэж байна. Ажлын хэсэг шалгалт хийсэн, тогтоолын зарим заалтыг биелүүлээгүй байна, шалгаж өгнө үү гэж надад гишүүд хандсан. Энэ ч бас гайхах зүйл биш. Асуудал байгаа учир гишүүд ТЭЗҮ-ийг хянахыг хүссэн.

Ирц бүрдүүлж, хуралдааны бэлтгэлийг хангах ёстой. Гишүүдийн 70 хувь нь нийслэлд байгаа, тэднийгээ цуглуул. Ажлын хэсэг дүгнэлтээ эцэслээгүй нь энэ хурлыг хойшлуулах үндэс болж болох юм” гэлээ. Ингэж хэлмэгц нь Сангийн сайд гараад явахад “Засгийн газрын зав чөлөөгөөр УИХ ажилладгийг болимоор байна” хэмээн Э.Мөнх-Очир бухимдав. “УИХ-ын гишүүд үг хэлж болохгүй, гадныхны хийсэн ТЭЗҮ гарцаагүй зөв болж л дээ. Сонгуулийн үед та нар ингэж ярьсан бол хүн сонгохгүй байсан шүү” хэмээн Д.Ганхуяг хэлсэн. Хэсэг маргасны эцэст хурлыг ìàðãààø болтол хойшлууллаа. Энэ хугацаанд Ажлын хэсэг дүгнэлтээ эцэслэх ёстой болов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.