Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.ЭНХЦЭЦЭГ: НҮБ-ЫН ОЮУНЫ АСАР ТОМ ПОТЕНЦИАЛИЙГ МОНГОЛ РУУГАА ЧИГЛҮҮЛНЭ

Монгол Улсыг НҮБ-д төлөөлөн суугаа Элчин сайд О.Энхцэцэгтэй НҮБ-ын 65 дугаар чуулганы үеэр уулзаж ярилцлаа. НҮБ-ын хоёрдугаар хороо буюу Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан байнгын хорооны даргаар сонгогдсон тухай нь манай сонин мэдээлснийг уншигчид санаж байгаа байх. Чуулган хуралдах үеэр түүн шиг завгүй хүн алга. Долоо хоног хүлээж байж хэдэн хором ярилцах боломж олдсоныг дурдах нь зөв болов уу.

“Өнөөдөр” сониныг эл хатагтай хүндэтгэдэг, байнгын уншигч нь гэдгээ өгүүлж байсан.

-Юуны өмнө НҮБ-ын удирдах аппаратын бүрэлдэхүүнд орж, хүндтэй албанд сонгогдсонд тань сониныхоо хамт олон, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. “Өнөөдөр” сонин Монголын хэвлэл мэдээллийн салбарт ямагт тэргүүлэн, үлгэр жишээ болж явдагт нь талархдаг. Энэ байр сууриа улам бэхжүүлээрэй гэж танай хамт олонд хүсэн ерөөе.

-Тэгэхээр Таны тэргүүлдэг II хороо чухам ямар үүрэг, функцтэй болохыг товчхон тайлбарлаач?

-НҮБ-ын 65 дахь удаагийн чуулга ны II хорооны даргаар сонгогдлоо. Энэ бол хариуцлагатай, өндөр албан тушаал. НҮБ зургаан хороотой байдаг юм. Манай хорооны хувьд дэлхийн эдийн засаг, санхүү, байгаль орчны асуудал, тэр нь дотроо задраад ядуурал, нэн эмзэг эдийн засагтай болон далайд гарцгүй орнуудын асуудлыг хэлэлцдэг.

Энэ жил Азийн бүлгийн орнуудаас II хороог тэргүүлэх ээлжтэй байсан учраас Монгол Улс сонгогдсон. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж анхныхаа хурлыг хийлээ. Гурван орлогч дарга, нэг илтгэгчтэй байдаг юм. Эднийгээ сонгож ажлын хаа төлөвлөгөөг гарган 20 гаруй асуудал хэлэлц лээ. Үүнийхээ дагуу 60 гаруй тогтоол бичдэг. Энэ тогтоолоороо ажлаа хийгээд явна.

Тухайлбал 2015 он хүртэл дэлхийн ядуурлыг тодорхой хувиар бууруулах зорилт НҮБ-аас тавьсны дагуу цаашдаа юу хийх, яах ёстой вэ гэдгээ хэлэлцэн тогтоол гаргалаа. Байнгын хорооны хурал арваннэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ шүү дээ. Хорооны даргын хувьд хурлаа удирдана, мэдээж үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих ёстой. II хорооноос гаргадаг 60 гаруй тогтоолын дөрвийг нь санал хураалтаар баталдаг.

Урьд нь арванхоёрдугаар сарын 11 хүртэл хуралдаж удааширдаг байсан арга барилыг өөрчлөх үүднээс үйл ажиллагаагаа эхнээс нь шахаж, ажиллах зорилт тавьсан. Нобелийн шагналтнууд дэлхийн нэртэй эрдэмтэн судлаачдыг урьж салбар хуралдаанд лекц уншуулдаг уламжлалын дагуу энэ жил 4-5 удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Ялангуяа ядуурлын талаар.

-Ядуурлын зэргийг тогтоох аргачлалыг өөрчилсөн гэж сонслоо. Та энэ талаар тайлбарлаж өгөөч?

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ жил ядуурлын асуудлаар шинэ концепци гаргасан. Хүн амд оногдох орлогоор ядуурлын зэргийг тооцож ирсэн аргачлалаас татгалзаж, тухайн хүнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ очиж байна уу, үгүй юу. Цэвэр ус, эрчим хүчний хангамж ямар байна вэ! гэдгийг харгалзах аргачлал гаргасан. Энэ бүхэн амьдралд чанарын эргэлт гаргадаг гол хүчин зүйл. Ядуурал гэдэг зөвхөн орлогын хэмжээ бус ийм олон талтай хүчин зүйлсээс хамаардаг гэдгийг гаргаснаараа ач холбогдолтой хөтөлбөр болсон. Энэ концепцийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн нэн буурай хөгжилтэй орнуудад туслах хөтөл бөрийн хүрээнд дараа жил Истанбулд том хурал болно.

Үүнд бэлтгэнэ. Нэн буурай хөгжилтэй 49 орон байна. Тухайлбал Малдив улс гэхэд энэ хөтөлбөрийн хүрээнд бүх нөхцөл шаардлагыг хангаж зэрэглэлээ чанаржуулан дээшлүүлж байгаа. Тэдний туршлагыг бусад улс оронд танилцуулах гэх мэт. Байгаль орчны чиглэлээр Рио де Жанейрод болох хуралд бэлтгэнэ.

Бас нэг чухал ажил бол НҮБ-аас гадна эдийн засгийн өндөр хөгжилтэй G-20 бүлгийн орнууд гэж байдаг. Тэдний уулзалт, эдийн засгийн глобаль асуудлаар гаргаж байгаа шийдвэрт нь уг бүлэгт ордоггүй, ядуу буурай орнуудын дуу хоолойг хэрхэн тусгах вэ гэдэг асуудлаар томоохон ажил хийнэ. Эдийн засгийн засаглалын бодлогод бусад улс орнуудыг хамруулах тухай ойлголт юм.

-НҮБ бол нэг ёсондоо дэлхийн Засгийн газар. Тэгвэл энэ Засгийн газрын Сангийн яам нь Таны тэргүүлдэг II хороо мөн үү?

-Биш ээ! Сангийн яам нь V хороо.

-Ингэж асууж байгаа шалтгаан маань НҮБ-ын Эдийн засаг, санх үүгийн асуудал хариуцдаг хороог монгол хүн даргалж байгаа хойно улсаа жаахан илүү харж үзэх эрх мэдэл, лобби байх болов уу гэсэн бодолтой минь холбоотой юм л даа.

-(инээв) Үгүй, үгүй. Тийм юм байхгүй. Манай хороо бодлогын түвшинд улс орнуудыг ойртуулах үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын санхүү, хөрөнгийг V хороо буюу Төсвийн хороо хариуцдаг юм.

-НҮБ-ын энэ удаагийн чуулганы хажуугаар Мянганы хөгжлийн зорилт (МХЗ) -ын хэрэгжилт улс орнуудад ямар байгааг хэлэлцэх Дээд хэмжээний уулзалт болж байна. Монгол Улсад МХЗ-ын хэрэгжилт ямархуу байна гэж дүгнэж байгаа бол?

-2000 онд дэлхий нийтээр дэвшүүлсэн найман зорилт шүү дээ. Одоо дүгнэхэд тавхан жил үлдлээ. Манай улсын хувьд дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулна гэсэн зорилтыг өөрийн хөрсөнд буулган, үндэсний хөтөлбөрөө УИХ-аараа батлуулсан. Ингэхдээ манайх өөрсдөө ес дэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь хүний эрхийг хангах тухай юм. Өөр аль ч улс оронд ийм зорилт байхгүй. Энэ нь дэлхийн улс орнуудын анхаарлыг гойд татсан. Маш их сонирхож байгаа юм. Тэд Монгол Улсаас зөвлөгөө авч байна.

Ямар шалгуур, индикатороор хэмжих юм. Яаж тэр шалгуур үзүүлэлтүүдээ гаргасан вэ гэх мэтээр. Манайх зорилтоо дэвшүүлэхийн хамт шалгуур үзүүлэлтээ батлаад гаргасан. Орлого багатай, ядуу хэчнээн хүнд хууль эрх зүйн зөвлөмж, үйлчилгээг хүргэв. Хэчнээн хүний хэрэг шийдэгдсэн вэ?

Ардчилалтай, авлигыг үл тэвчих орчинг бий болгох гэсэн гурван том шалгуурыг бид тавьсан. Зүгээр нэг зорилт дэвшүүлээд орхисон юм биш энэ чиглэлээр НҮБ-д гурван удаа тайлан гаргаж өгөөд байгаа. Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьтай явна гэж НҮБ-ын илтгэлд дурдагдлаа.

-Манайх тэгвэл ямар зорилт дээр муу үзүүлэлттэй явна вэ?

-Хэрэгжилт хэцүү яваа гурван зорилт байна. Үүнд ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоо буюу жендерийн асуудал, нөгөө нэг нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах тухай юм.

-Гол зүйл дээрээ тэгвэл манай улс ахиц гаргахгүй яваа юм байна шүү дээ.

-Гэхдээ ядуурлын бууралтын тухайд янз бүрийн тоо, мэдээ гардаг. Жишээ нь Дэлхийн банкны судалгаагаар манайд ядуурал 20 орчим хувьтай яваа гэж гарсан. Олон янзын судалгаа нууд гардаг. Эднийг харьцуулж ядуурлыг бодитой гаргах боломж бага байна.

Тухайлбал манайд 100 толгой малтай өрх ядууд тооцдог. Тэгвэл Энэтхэгт нэг үхэртэй айл дунд орлоготойд тооцогддог. Тэгэхээр ядуурлын бууралтыг тогтоох аргачлал манайд их онцлогтой. Сүүлийн хэдэн жил манай улсын эдийн засгийн өсөлт өндөр байгаа хэрнээ яагаад ядуурлыг бууруулахад нөлөөлөхгүй байна вэ гэсэн асуудал гарч байгаа юм.

-Яагаад тэр вэ?

-Яагаад гэвэл ажлын байр бий болохгүй байгаа учраас тэр. Ажлын байр олон байж айл өрхийн орлого нэмэгдэж ядуурал буурах ёстой. Засгийн газар иймээс ажлын байр бий болгоход гол анхаарлаа чиглүүлж байгаа. Мэргэжлийн сургалтын төвүүдийг байгуулж залуучуудыг аль болох сургалтад хамруулах бодлого барьж эхэллээ. Тэднийг Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслүүд дээр ажиллуулж байна. Хэсэг хугацааны дараа үр дүн нь гарч Монголд ядуурал тодорхой хувиар буурах ёстой.

Түүнээс гадна уул уурхайгаас олж байгаа, олох орлогыг хүн амд тэгш хуваарилах, улс орны хэтийн хөгжлийн асуудалд яаж зөв зарцуулах вэ гэсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд төр, засаг Чили, Норвеги, Австрали, Канад гээд олон орны туршлагыг судалж эхэллээ.

Төслийн хуримтла лын тухай хуультай боллоо. Олсон орлогоо хамаагүй тараагаад цацчихгүйн тулд. Ийм боломж байгаа болохоор үлдэж буй таван жилд МХЗ-ыг бүрэн биелүүлж чадах орны тоонд Монгол Улсыг нэрлэж байгаа.

-Хоцорч яваа зорилтуудын хүрээнд НҮБ-ын салбар хуралдааныг Монголд зохион байгуулж, илүү ач холбогдол өгөх, дэлхийн анхаарлыг Монголд төвлөрүүлэх чиглэлээр танай хороо ажиллаж болох уу?

-Болно. Хэдэн ч хурал зохион байгуулж болно. 2011 онд бид Монгол Улсын эдийн засаг, байгаль орчны эмзэг байдлын асуудлаар том хурал хийх гэж байна. Эмзэг талаа яаж давуу байдал болгож болох вэ гэсэн бодлого боловсруулахад хурлын зорилго чиглэгдэнэ. НҮБ гэдэг оюуны асар том потенциаль шүү дээ. Энэ чадамжийг Монгол Улсад чухал бодлого боловсруулахад ашиглая. Энэ талаар сая Ерөнхий сайдтай ярилцаж тохиролцсон.

-Тэгвэл ач холбогдолтой хурал болох юм байна.

-Маш ач холбогдолтой. Тэндээс гарсан зөвлөмжийг бодлогодоо шууд тусгаад хэрэгжүүлээд явах юм.

-Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүнд их өсч байгааг энэ өдрүүдэд харлаа. Харин НҮБ-д хэрхэн үнэлэгддэг юм бол?

-Манай улс хөгжлийнхөө тэсрэлтийн гараанд ирчихээд байгаа үед эдийн засгийн хувьд хамтарч ажиллах сонирхол гаднын хөрөнгө оруулагчдад асар их байгаа нь илт ажиглагдаж байна. НҮБ-ын хувьд Монголыг ардчилсан, найрсаг, дэлхийн хэмжээний хамтын ажиллагаанд (НҮБ-ын) идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг орон гэж үнэлдэг.

-Цаг гаргаж ярилцсанд тань их баярлалаа.

Ш.Даваадорж

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.