Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросууд Европоор визгүй зорчихыг МЕРКЕЛЬ түр зөвшөөрч, САРКОЗИ түдгэлзэв

 Францын Довиль хотноо ХБНГУ, Франц, ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болж байна. Эдийн засгийн нэгдсэн орон зайг бий болгох, цэрэг, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах арга замыг хэлэлцэх эл уулзалт юуны өмнө ОХУ-ын хувьд онцгой үүрэг гүйцэтгэж магадгүй нь. Сэтгэлгээ, эдийн засаг, иргэншлийн хувьд бусдыгаа хошуучилдаг энэ тивд ойрын 10-15 жилд визгүй зорчих ховор боломж оросуудад олдож ч мэднэ.

Тус улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Визгүй зорчих саналыг анх удаа тавьж байгаа юм биш. Он дамжин яригдсан энэ асуудлыг нэг тийш нь болгох цаг ирсэн гэдгийг бид ойлгож байгаа. ОХУ-ын хувьд ч, Европын зүгээс ч ойрын хугацаанд зайлшгүй шийдэх ёстой зүйл мөн. Брюселльд болох Еврокомиссын ээлжит чуулганаар визгүй зорчих саналыг дэвшүүлэх нь зүй болов уу?” гэж өгүүллээ. Францын удирдагч Николя Саркози “Оросын эдийн засаг хөгжиж байгаа, хэдэн жилийн дараа Европын түвшинд хүрэх ч магадлалтай.

Гэхдээ визний дүрэмд өөрчлөлт оруулахад аюулгүй байдлын тухай яригдана” гэж түдгэлзэв. Хэлсэн үгээ ажил хэрэг болгож чаддаг Ангела Меркель Оросын иргэдийг богино хугацаагаар Германд зорчих зөвшөөрлийн дүрэмд өөрчлөлт оруулж, хялбарчилж буйгаа тэнд мэдэгдсэн юм. Нөгөө талаас виз, эдийн засгаас илүү чухал сэдэв нь НАТО-д элсэх ОХУ-ын хүсэлт. Ирэх сарын 20-нд болох НАТО-гийн чуулганд оролцох Д.Медведевийн хүсэлт Умард Атлантын гэрээнд багтахыг санаархаж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна. Европын аюулгүй байдал, цэргийн бодлогыг хариуцдаг НАТОгийн пуужин эсэргүүцэх системд Орос нэгдэх талаар тэд санал солилцов. Нөгөө талаас Европын өндөр хөгжилтэй хоёр орон Оросыг тоож, бүр Лиссабонд болох НАТО-гийн чуулганд оролцуулахаар болсонд АНУ тийм ч таатай хандсангүй.

“The New York Times” сонины хуудаснаа “Европын аюулгүй байдалд Орос ямар хамаа байна” гэсэн утгатай нийтлэл гарчээ. Герман, Францын тал Европын улсуудын эдийн засгийн бодлого, түүний үр дагаврын талаар ярилцаж, Ангела Меркель, Николя Саркозигийн тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Ойрхи Дорнод, Ираны тухай тэд дуугүй өнгөрсөнгүй. Цөмийн хөтөлбөрийн талаар баримталж буй байрь сууриа илэрхийлэн, стратеги, бодлогын чиглэлээ бие биедээ танилцууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.