Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орон нутгийг зорих гэсэн иргэд дугаарласаар байна

Авто тээврийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо, 2020.12.03-ны 12.00 цаг

Улс даяар хатуу хөл хорио тогтоосны улмаас Улаанбаатар хотод “гацсан” иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, энэ сарын 1-нээс орон нутаг руу буцааж эхэлсэн. Нэг хэсэг шинжилгээ өгөх гэсэн иргэд цэгүүдийн гадна дараалал үүсгэсэн бол өдгөө хотоос гарах хүсэлтэй иргэд товчоодод урт дараалал бий болгоод байна. Тухайлбал, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд нөхцөл байдал ямар байгааг өчигдөр сурвалжиллаа. Тэнд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжилтнүүд, онцгой байдал болон тээврийн цагдаагийн газрын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Иргэдийг гаргаж эхэлсэн эхний өдөр буюу энэ сарын 1-нд ачаалал их байсныг тэнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч хэллээ. Автомашинтай иргэд хоёр эгнээгээр нэг километр урт дараалал үүсгэж, хотоос гарах гэж хоёр цаг дугаарласан аж. Харин өчигдөр 11.00 цагийн үед тус товчоонд очиход хөл хөдөлгөөн харьцангуй сийрэг байна гэж алба хаагчид онцолсон. Тус товчоонд хотоос гарах гэсэн 30 орчим машин зогссон байлаа. Цагдаагийн алба хаагчид хэдэн хүн хаашаа, ямар зорилгоор явж байгааг бүртгэж, иргэдийн иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шинжилгээний хариуг нягталж харагдана. Үүний дараа төрийн байгууллагын гурван ажилтан 10 гаруй асуулттай эрүүл мэндийн судалгааг машин доторх хүн бүрээс асууж тодруулах аж. Энэхүү асуумж нь хотоос гарах иргэдэд нэлээд хүндрэл учруулж, шалган нэвтрүүлэх товчоодод иргэд дараалал үүсгэж буйг зарим жолооч учирлав. Тэд “Асуумж авч байгаа ажилтнуудынхаа тоог нэмэх хэрэгтэй. Ингэснээр урт дараалал үүсэхгүй, иргэд ч удаан хүлээж цаг алдахгүй” гэлээ.

Орон нутаг руу явахын тулд арваннэгдүгээр сарын 29-нд шинжилгээ өгсөн ч одоо хүртэл хариу нь гараагүй гэх цөөнгүй иргэн дээрх шалган нэвтрүүлэх товчоонд иржээ. Тэд “Шинжилгээний хариуг уг нь 119.mn цахим хуудсанд байршуулна гэсэн ч уг сайт ажиллаагүй. Бас Эрүүл мэндийн яамнаас иргэдийн шинжилгээний хариуг мессежээр өгнө гэсэн ч бидэнд ирээгүй. Зөвлөгөө, мэдээллийн 119 дугаарын утас руу залгахад “Эмээлтийн товчоо руу очиж, иргэний үнэмлэхийнхээ QR кодыг уншуулж хариугаа хараарай” гэж хэлсэн” хэмээв. Гэсэн ч шалган нэвтрүүлэх товчоон дээр ирээд хэнд хэрхэн хандахаа мэдэхгүй зогсох хүн цөөнгүй аж. Шинжилгээний хариу нь гарсны дараа 24-48 цагийн дотор хотоос гарах шаардлагатай гэж Улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Гэтэл 48 цагийн хугацаа нь дуусах гээд байхад шинжилгээний хариу гарахгүй байгаад иргэд ихэд бухимдаж байв. Тэдгээрийн төлөөлөл М.Чосороо “Би Баянхонгор аймгаас өнгөрсөн сарын 9-нд ирсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлчихээд буцах байсан ч хөл хорионд орж өдий хүрлээ. Шинжилгээ өгснөөс хойш 96 цаг болсон ч хариу нь гараагүй. Өндөр настай наашаа цаашаа явах хэцүү. Нэгдсэн зохион байгуулалт дулимаг учраас л бид ийм хүндрэлтэй нөхцөлтэй нүүр тулж байна” гэсэн юм.

Нийслэлээс гарах иргэдийн дүр зураг ийм төрхтэй байв. Харин иргэдийг хот руу хэрхэн оруулж байгааг жижүүрт гарч буй, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Б.Пүрэвбаяраас тодруулахад “Голомттой бүс нутгаас ирж буй ачаа, тээврийн 29 жолоочийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан учир хот руу нэвтрүүлж байна” гэв. Үүнээс гадна хотоос гарах гэж буй автомашины тэвшнээс сайжруулсан шахмал түлш буулгаж байсан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанар, хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч Н.Гантогтохоос зарим зүйл тодруулав. Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдралтай үнээр борлуулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Иймд иргэд шахмал түлшийг нийслэлээс зөөвөрлөж болзошгүй гэсэн үүднээс автомашинуудын тэвшийг шалгаж байгаа. Хяналт, шалгалтын явцад зургаан шуудай шахмал түлш тээвэрлэж явсан зөрчил илрүүллээ. Өөр зөрчил гарсангүй. Түүнчлэн орон нутгаас ирсэн автомашинууд түүхий нүүрс ачсан, эсэхийг давхар шалгаж байна” гэв.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.