Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРД ГАЗРЫН Г О Р О О

Нар айлчилж, цас шуурч, бороо орж, тоос бужигнасан, өвлийн хувцас хүнддэх хэрнээ цув, даашинз нимгэдсэн долоо хоногийг монголчууд үдэв.

Хавсаргатай, хартай хаврын тэнгэр дор монголчууд Тавантолгой хэмээх газрын дорх их баялагтаа эзэн нь байх хүсэл, хөөрөлд автав. “Монгол 999 үндэсний нэгдэл” хэмээх нэгэн тугийн дор нэгдэж, орд газраа эзэмших эрхийг харийнхантай булаалдъя хэмээсэн санаа, зориг бодит ажил хэрэг болно гэдэгт нэг хэсэг нь бүрнээ итгэж, “Яагаад болохгүй гэж. Бид чадна. Энэ бол зөв амбийц” хэмээн нөгөө нь урмын ташуур өгч байна.

Зөвхөн монголчуудын хэмээх өвөрмөц тодотголтой НЭГДЭЛ-ийг санаачлагчид Драмын театрт багтахаа байж, Соёлын төв өргөөг сандаах шахан хуралдсаар юутай ч Хувьцаат компаниа байгуулав бололтой. Захирал, дарга нараа сонгох хамгийн айхтар ажил дээрээ тэд тулалдаж байгаа. Чухамхүү энэ шатнаас л мөнөөх “нэгдэн хамтарч, нэгэн үндэстний төлөө” гэсэн эрхэм зорилго нь бүдгэрчих вий гэж санаа зовних шалтгаан төрж эхлэв.

Том, жижиг олон захирлууд хувийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх сэрүүн зүүдэндээ хөтлөгдөөд унавал “Нэгдэл нэг л биш” болж магадгүй гэдгийг санаж буй биз ээ. Өнгөрсөн долоо хоногт олны сонор, мэлмийд содон туссан нэгэн мэдээ бол Оюутолгойн Удирдах зөвлөлд Монголыг төлөөлөн суух эрхмүүдийн тухай яриа хөөрөө байлаа.

Том компанийн толгойд сууж, их цалин хүртэх гэхээсээ илүүтэй Монголын төр улс, түмэн олны хүсэл сонирхлын илэрхийлэл байх эрхэм үүргийг хүлээнэ гэдэг утгаараа энэ албанд томилогдох хүнийг яаран сандран, эсвэл хуйвалдан тохиролцон шийдчихэж болохгүй нь тодорхой байсан юм. Тиймээс санаархсан хүн олон гарсан, саваагүй сонирхогчид түүнээс хэд дахин илүү байсныг анзаарсан биз ээ.

Харин ч Монголын төр хамгийн шилдэг, гарцаагүй зөв биш юмаа гэхэд нэлээд дүн нуруутай сонголт хийчихэв бололтой. Олны ам нэг их муугүй байгаа учраас ингэж хэлж байгаа хэрэг л дээ. Хий зай гаргахгүй нягт нямбай хүн бол Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гэж монголчууд бат нот итгэдэг. Хат суусан, хавиргалж улстөржихгүй, хазайж гуйвахгүй гэсэн үнэлгээ Пунцагийн Цагааныг дагалддаг. “Инээмсэглэл”-ийн хэмээх тодотгол нь рок поп хавиар нутагтай мэт сэтгэгдэл төрүүлдэг ч олон улсын харилцаа, эдийн засаг, хэл соёлын өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй Чулууны Ганболд шинэ үеийн монголчуудыг гарцаагүй төлөөлж чадна.

Ийнхүү Оюутолгойд “Айвенхоу”-гийн зургаан ноёнтой, манай гурван эрхэм халз тулах болов. Манай гурав баргийн юманд барьц алдахгүй, барилцаад авдаг юм гэхэд өвдгийг нь шороодуулж байж сална гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Долоо хоногийн өнгийг чимсэн, орд газраа, хоёр толгойгоо гороолсон онцлог үйл явдлын тухай өгүүлэхэд ийм буюу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.