Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОРДОНД ҮЛГЭР ЯРИВ

 2014 он гэхэд түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглох юм гэнэ. Сангийн сайд бас ийм арга хэрэглэхийг зөвлөж суугаа харагдсан. Дөрөв байтугай найман жилийн дараа ч бүтэхгүй асуудал гэдгийг биднээр хэлүүлэлтгүй мэдэж баймаарсан.

  Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөр хэмээх үлгэр Ерөнхий сайдыг алмайруулж, Сангийн сайдын шар усыг хуруулав. Агаарын бохирдлыг бууруулах аварга төлөвлөгөө олны эгдүүцлийг ч бас хүргэлээ. Толгой эргэм том тоотой хөрөнгийн жаг саал тыг ажлын хэсгийнхэн гаргачихаж. Тэдний тооцсоноор утаагүй хот болохын тулд бид 18.9 их наяд төгрөг олох хэрэгтэй гэнэ. Улсын төсвөөс чангаана гэвэл дор хаяж 20 жил шаардлагатай хэмээн санхүүчид шогширлоо.  Тэгвэл энэ их хөрөнгийг хаанаас олох вэ. Зээл, тусламжаас гадна стратегийн орд газруудаа барьцаалан олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох талаар ярьж байна. Санаснаар бүтвэл болохгүй зүйл байхгүй.

Гэвч үндэсний хөтөлбөрийн утга санаа, хэрэгжүүлэх арга замд шинэчлэл харагдсангүй. Угтаа бол яам, тамгын газраас томилогдсон ажлын хэсгийнхэнд шинэ санаа, бүтээлч байдал дутсаныг хэн хүнгүй зөвшөөрөх биз ээ.  Бодит амьдралаас хол тасарсан үндэсний хөтөлбөрөөс үнэндээ асар их хөрөнгө утаа болон замхрах үнэр ханхалж байна. Улаанбаатарыг утаанаас салгах асуудлыг бид арав гаруй жил хангалттай судалсан, туршсан. Өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгөөгүйн шалтгааныг ч монголчууд мэдэж байгаа. Тэгсэн атал улиг болсон судалгаа, бүтэлгүй туршилтуудад тулгуурлан боловсруулсан аргууд мөнөөх хөтөлбөрт ёс мэт хадаатай байгааг юу гэж ойлгох вэ. Хэтрүүлбэл, ажлын хэсгийнхэн толгойгоо эргэтэл тоо бодоод бусдыг нь мартсан бололтой. Бас болоогүй ээ, утаагүй болоход шаардлагатай хэмээн тооцсон хөрөнгийн хэмжээ хоёр өөр байна билээ. Юутай ч гоё нэртэй үлгэрийн хөтөлбөрийн төлөвлөгөөг зах зухаас сонирхъё. …

Агаарын бохирдлыг 2012 он гэхэд 30, 2013-2016 онд 50 хувь бууруулна. 2016 он гэхэд гэр хорооллын 70 хувь нүүрс түлдэггүй болно… хэмээн тооцжээ. Үндэсний хөтөлбөр долоон дэд хөтөлбөртэй. Тэнд өгүүлснээр гэр хорооллын айлуудын бор зуухыг “супер” болгон шинэчилж, түлшийг нь өөрчлөх асуудал бий. Мэдээж  тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх, орон сууцжуулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд 128 мянган айлыг нүүлгэн шилжүүлэхэд 535 тэрбум төгрөг. 100 мянган орон сууц барихад найман их наяд төгрөг.

Энэ мэтээр зардлыг тоочвол урсаж өгнө. “Гэхдээ энэ ажлууд ойрын таван жилд бүтэхгүй болохоор утаагүй түлш, зуух үйлдвэрлэх ажлаар тэмцлээ эхэлнэ” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх ярив. Улиг болсон энэ арга ямар ч нэмэргүй гэдгийг өдгөө цэцэрлэгийн жаахан хүүхэд ч хэлэхээр хугацаа өнгөрлөө шүү дээ. Түүхээ нэхэн саная. Байгаль орчны яам, Дэлхийн банк, Даян дэлхийн байгаль орчныг хамгаалах сан гэх төрийн болон төрийн бус гурван том байгууллага томхон төсөл хэрэгжүүлсэн. Яам энэ хоёр том байгууллагын техникийн тусламжтайгаар “Гэрийн зуух” төслийг амжилттай хэрэгжлээ хэмээн дүгнэж байсан нь саяхан. Төслийн дүнд түлш хэмнэхээс гадна утаа бага баагиулдаг зуух бүтээж, худалдаанд гаргасан. Гэвч мөнөөх зуух нь борлогдоогүй. Зуухны үнэ 60-80 мянган төгрөг байв. Сарынхаа цалингаар хуучин зуухаа шинэчлэх айл гэр хороололд олон байна гэж үү.

Шинэ зуухны үнэ сүүлдээ шалдаа бууж, арга барахдаа үнэгүй тараагаад ч үр ашиг нь харагдаагүй. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд агаарын бохирдолттой тэмцэгчид улсын төсвөөс долоон тэрбум төгрөг залгичихаж. Тодруулбал, түлшний үйлдвэрлэлд 3.6 тэрбум, зуухны шинэчлэл болон урсгал засварт 2.5 тэрбум, автомашины утааг хэмжих, бууруулахад 500 сая төгрөг зарцуулжээ. Утаагүй хэмээн овоглосон шахмал түлшний үйлдвэрлэлд гэхэд татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна. Цөөнгүй аж ахуйн нэгж, байгууллага түлшний үйлдвэрлэл эрхэлж хөлжсөөр байгаа.

Угтаа бол тэд хэнд ч хэрэггүй хог үйлдвэрлэснийхээ төлөө улсын төсвөөс санхүүжилт авч байгаад хариуцлага тооцдог тогтолцоо Монголд алга. Үнэндээ нүүрснээс дутахааргүй илчтэй, хэтэвчинд хэмнэлттэй түлшээ монголчууд өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж чадахгүй байна. Зах зээлийн нөхцөл нь ч бүрдээгүй байна. Энэ хөрөнгийг гэр хорооллын ядуу өрхүүдэд нийтийн байр барихад зориулсан бол хожим хэлэх үгтэй суух байсан биз ээ. Одоогийн ханшаар бодоход долоон тэрбум төгрөгөөр бараг хагас мянган айлыг орон сууцжуулах тооцоо гарч байгаа юм. Улаанбаатарыг утаагүй болгох тухай үлгэр үүгээр зогссонгүй. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын ярьсан төлөвлөгөөг сонссон олон хүн цус харвах дөхсөн  болов уу. 2014 он гэхэд түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглох юм гэнэ.

Сангийн сайд бас ийм арга хэрэглэхийг зөвлөж суугаа харагдсан. Дөрөв байтугай найман жилийн дараа ч бүтэхгүй асуудал гэдгийг биднээр хэлүүлэлтгүй мэдэж баймаарсан. Уг нь нүүрснээс хий гаргах талаар солонгосуудтай хамтрахаар болжээ. Бүр эхлэл нь тавигдаад буй гэнэ. Гэвч дөрвөн жилийн дотор хот түүхий нүүрснээс татгалзах хэмжээнд очно гэж үү. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станц, нам даралтын зуух, айл өрх, албан байгууллагууд жилд 5.9 сая тонн нүүрс, 240-өөд мянган шоометр мод шатааж, 260 мянган тонн бохирдуулагч бодис агаарт хаядаг гэсэн статистик бий. Энэ их хэрэглээг бүхэлд нь өөрчилж, боловсруулсан түлшээр хангах ажил хэдхэн жилд хийх амар асуудал биш. Үүнээс гадна ганцхан жилд орон нутгаас 12 мянган хүн хот руу шилжин ирж байна. Тэдний дийлэнх нь өнөөдөр нүүрс, модныхоо мөнгийг арай ядан хүргэж байгаа нь үнэн. Хэрвээ нүүрс түлэхийг хоригловол хотын ногоон бүс, Богдхан уул нүд ирмэхийн зуурт нүцгэрч, Монгол орны жаахан ой хэдхэн жилийн дотор дуусах биз. Цаашлаад нийгэм ядуурлаас бүхэлдээ гараагүй цагт түлшний төлөө иргэний дайн дэгдэж ч болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Сангийн сайд С.Баярцогт “Агаарын бохирдлыг бууруулахын тулд 2010, 2011 онд бид яг юу хийж чадах вэ гэдгийг маш сайн тооцож судлах хэрэгтэй” хэмээн анхааруулав.

Зөвхөн эндээс үзэхэд л “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөр түүхийгээрээ байна гээд дүгнэчихэж болно. Түүнчлэн шилжин ирэгсдэд газар заан суурьшуулах, татвар ногдуулах зэргээр захиргааны арга хэмжээ авах асуудлыг үндэсний хөтөлбөрт тусгах талаар саналууд гарч байлаа. Хөтөлбөр боловсруулсан олон хүний хөдөлмөрийг бид бүрмөсөн үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ л тэд асар их хөрөнгө шаардагдах энэ ажлыг үр дүнтэй болгоход эхний ээлжинд хамгийн оновчтой, бодитоор хэрэгжих боломжтой санааг дэвшүүлэх сэтгэл дутжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.