Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Онцлох үйл явдал

20 жил мөрөөдөж, гурван жил хэлэлцсэн өөрчлөлт

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай 1992 оноос хойш үргэлжилсэн яриаг энэ УИХ ажил болгов. 100 хувь пропорциональ биш ч энэ элементийг оруулсан холимог тогтолцоог ирэх онд ашиглахдаа 48 гишүүнийг 26 тойргоос, 28 хүнийг намын нэрээр авсан саналаар сонгоно. Тойрог дээр өрсөлдөөд бүдэрсэн ч нийт сонгогчийн 28 хувиас дээш санал авсан бол намын нэрээр УИХ-д тухлах эрхтэй. Уг хуулийг УИХ “Зөвшилцөлд тулгуурлан баталсан” хэмээн үнэлж байна. Олон цоорхойтой, луйвар, будлиан хийж, сонгогчдын саналыг дээрэмдэх боломж олгодог гэх мэтээр өнгөрсөн хугацаанд муугаа хангалттай таниулсан мажоритари тогтолцоог ийнхүү өөрчлөв. Намуудад тав, бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгосон хуулийг шүүмжлэл тойрохгүй байгаа ч улс төрийн ертөнцийн 20 жилийн мөрөөдлийг биелүүлсэн, тогтолцооны шинэчлэлийг эхлүүлснээрээ түүхэн шийдвэр байлаа.

Танилтай хүн талын чинээ

Саяхан болтол энэ дэлхийн түмэн хэлийн амьтан дотроос биднийг социалист системийн гэгдэх хэдхэн орныхноос бусад нь таньж мэддэггүй, тийм болохоор орж гардаг хүн ч цөөн байсан сан. Өнөөдөр байдал огт өөр болжээ. Хаяа нийлсэн хөрштэйгээ хар цагаан дуугүй байсан үе ч бидэнд бий атал одоо дэлхийн нөгөө бөөрөнд байгаа улс ч хүрээд ирэх болсон байна. Та бид одоохон үдэх гэж буй онд л гэхэд талын Монголд минь хэд хэдэн улсын Төрийн тэргүүн мориллоо. Ид зунаар Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх, сарын дараа БНСУ-ын Төрийн тэргүүн Ли Мин Бак зочлов. Финландын Ерөнхийлөгч хатагтай Таржа Халонен бас манайд морилсон. Намар орой болж байхад Германы Канцлер Ангела Меркель хүрэлцэн ирлээ. За тэгээд, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга сан Мадлен Олбрайт, БНХАУ-ын эрх мэдэлтнүүд дотроо айргийн тавд орох эрхэм, нэг сайд, Японы ч бас нэг сайд гээд улстөрчид ирлээ. Манай ардчиллын туршлагатай танилцахаар эртний сайн “найз” Кыргызээс хүмүүс, ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, ОУОХ-ны ерөнхийлөгч ч манайд саатав. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн орны төлөөлөгчид нийслэл хотноо цугларч тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцов. Дэлхий ерөөс бид нар руу толгойгоо эргүүлсэн нь сонгож авсан замаас маань эхтэй гэж хэлж болно. Түүнээс биш байгалийн арвин их баялаг маань л гадныхны анхаарлыг татаад байгаа юм гэвэл өрөөсгөл ойлголт болно.

Төр эзгүйрүүлсэн төрийн гурвын айлчлал

Монгол дэлхийн анхаарлын төвд орохын хэрээр манай гуравт “тал засах” бусад орны төр, засгийн удирдагч олон болжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар урьд байгаагүй ихээр гадаадын улсуудад төрийн, албаны, ажлын айлчлалууд хийлээ. Олон улсыг хамарсан дэлхийн чанартай арга хэмжээнүүдэд Монгол Улс онцгой, хүндтэй зочноор уригдах боллоо. Эгнээндээ дэлхийн 140-орныг багтаасан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс тэргүүлж, Улаанбаатарт олон улсын томоохон арга хэмжээ шил дараалан болдог болов. Манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар дэлхийн бодлогыг тодорхойлох хэмжээний НҮБ, олон улсын арга хэмжээнд оролцохдоо салбар хуралдааныг нь нэг бус удаа удирдсан байх юм. Ерөнхийлөгчийн хувьд 2011 онд арав гаруй орон руу хөлгийн жолоо залжээ. Хоёр хөршдөө, Америк, Итали, Хорват, хамгийн сүүлд Катар, Кувейтэд айлчлаад ирлээ. Парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын даргыг урихдаа гадаадынхан ихээхэн ач холбогдол өгдөг болсон байна.

Хамгийн сүүлд спикер Д.Дэмбэрэлийн Японд хийсэн айлчлал эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг энэ улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээрийг урагшлуухад томоохон түлхэц болсон юм. Дотоодод нь байнга болж байдаг иргэний дайнаа яая гэж байж Угандагийн Парламентын дарга нь хүртэл манай УИХ-ын даргыг даруйхан хүрч ирээч гэх болсон байна. Бодвол манайхаас сурах зүйл тэднийд их байгаа учраас тэр биз. Саяхан Индонезийн үзэсгэлэнт арал Балид болсон Ардчиллын төлөөх форумд Монгол Улсын Ерөнхий сайд хүндтэй зочны нэгээр тооцогдож байна билээ. Энэ онд Засгийн газрын тэргүүн арваад оронд айлчилжээ. БНХАУ, БНСУ, Энэтхэг, Сингапур, Австрали, Булангийн орнууд гээд дэлхийд тэргүүлэгч гүрнүүд Ерөнхий сайдад урилга илгээсэн байна. Танайд очъё, манайд зочлооч гэсэн урилга өдөр өнжихгүй ирэх болсон гэхэд дөвийлгэсэн болохгүй байх. Төр эзгүйрүүлсэн төрийн гурван өндөрлөгийн айлчлал гэсэн үг хүртэл гараад байхад чинь.

Огцруулах хүсэлд дарагдсан сайд

Хамтарсан Засгийн газарт анхнаас нь “өстэй” хүн энэ УИХ-д цөөнгүй бий. Ер нь сайд огцруулж “тоглох” нь үе үеийн УИХ-ын хообий байдаг юм хойно доо. АН, МАН хоёр хамтарч Засаг барих шийдвэр гаргаснаараа баялгийн үүцээ нээж, томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд олон дорвитой шийдвэр гаргасан. Тэгвэл энэ Засгийн газрын хамгийн үйлийн үртэй сайд нь Эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг тэргүүлдэг Д.Зоригт болж байна. Уул уурхайн салбар улсын эдийн засгийн ноён нурууг дааж, дэлхий Монголыг сонирхох болсон цаг үед энэ салбарыг тэргүүлж буй нь Д.Зоригтын “буруу” болжээ. Түүнийг муу ажиллаж байна, хариуцлагагүй, хуулиа мөрддөггүй, эх орныхоо эрх ашгийг бодоогүй гэх мэтээр шүүмжилж, огцруулах тухай саналыг хэдэнтээ өргөн барьсан.

Зөвхөн энэ онд л гэхэд Ц.Батбаяр, С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд энэ асуудлыг хоёронтаа хөндөв. Гэхдээ УИХ түүнийг дэмжээгүй. Эгзэгтэй, түүхэн үед Засгийн газрыг тэргүүлж буй учир С.Батболдыг ч барцад тойроогүй. Хамтарсан Засгийн газрыг тууштай эсэргүүцэгч гишүүдийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зүтгүүлээд амжсан. Чуулганы хуралдаан дээр сууж байхад нь Н.Батбаяр УИХ-ын даргад энэ тухай бичиг гардуулчихаад олны нүдийг орой дээр нь гаргаж байв. Ийм түүх өмнө нь байгаагүй юм л даа. Тогтоолын төсөл биш, танилцуулга ч үгүй ийм бичгийг УИХ-аар хэлэлцэх үндэслэлгүй хэмээн Байнгын хороо үзсэн юм. Асуудал босдог ч төр төвшин, тогтвортой хэвээр он улирч байна.

Улс төрийн брэнд нэрээр амжилт олохгүй нь харагдлаа

2010 оны сүүлээр болсон XXVI их хурлаараа МАХН уугуул нэр МАН-ыг сэргээсэн нь Н.Энхбаярт “хонгилын үзүүр дэх гэрэл” болж харагдсан гэдэг. МАХН-ыг ашиглахгүй байх хууль зүйн бүх боломжийг МАН-ынхан судалж, УДШ-ээс хүртэл баталгаа гаргуулж авсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ч иймэрхүү агуулгатай гарч, МАН-ынхан айдаггүйгээ авдрандаа хийгээд авлаа гэж найдаж байсан. Гэвч УДШ Н.Энхбаярт МАХН нэрийг өгсөн шийдвэр гаргасан нь олон түмний дунд шүүхийн талаар бяцхан эргэлзээ төрүүлж орхисон байдаг. Шүүхийн шийдвэр эцсийнх. Н.Энхбаяр нар үүндээ эрдэж эхэлсэн ч удаа дараагийн олон нийтийн санал асуулгын дүн экс Ерөнхийлөгчийн бодсоны эсрэг гарах болсон юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн олонх, МАНын гишүүд, дэмжигчдийн дийлэнх нь МАХН нэрээ сольж МАН болсныг дэмжиж байжээ. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар МАХН-ын рейтинг хоёр орчим хувьтай байгаа юм.

Н.Энхбаяртай анх ганзага нийлсэн хүмүүс замаасаа буцаж эхэлсэн нь ч МАХН нэрээр хол гишгэхгүйг харуулсан нэг баримт байж болох юм. Сонгуулийн өмнөх жил болоод ч тэр үү, нэлээд хэдэн шинэ намыг УДШ бүртгэж авсны нэг нь өдгөөгийн АН-ын хэрэглэж байсан МҮАН. М.Энхсайхан нар Н.Энхбаярын зөвлөснөөр энэ нэрийг сонгосон гэж ярьдаг. Одоогоор МҮАН нэг хувийн ч дэмжлэгийг олон нийтийн зүгээс авч чадахгүй байгаа. Тэгэхээр нэр тойрч будилах, хуучин нэрээр саналаа хумслуулах зүйл МАН, АН-д нэг их тохиолдохгүй байх магадлалтай. “Брэнд” нэрээр улс төрд амжилт олохгүй бол хувьсгалт төрийн эргэлт хийх болно гэсэн агуулгатай зүйлийг Н.Энхбаяр, М.Энхсайхан нар ярих болсонд олон түмэн харамсаж байна.

Ойн даллага авсан жил

Энэ жил манай ихэнх нутагт зуншлага сайн байсан нь олон их ой давхацсан том баяр болохыг тэнгэр лус тэтгэсэн гэлтэй. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойнууд давхцаж найр наадамд дуртай, морь бөхөө харж духныхаа үрчлээг тэнийлгэдэг монголчууд маань харин ч нэг шавайгаа ханатал баярлав. Тун цөөхөн тохиодог 1024 бөх барилдаж, 23 бөх цолоо ахиулсаны дотор аварга, арслан, гарьд, заан, харцага, начин төрсөн. Мөн олон жил зүтгэж байж Монгол Улс маань НҮБ-ын бүрэн эрхт гишүүн нь болсноос хойш энэ онд 50 жил тохиов. Богд хаант Монгол Улсын Төрийн таван яамны зуун жилийн ойг бас тэмдэглэсээр байна. Түүнчлэн Монголд боловсролын байгууллага бий болсны 90, Улсын драмын эрдмийн театрын 80, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой ч бас боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.