Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олны танил бус улстөрчид тойргийн гадна үлдэхээс эмээв

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ-ын чуулганаар шийдлээ. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль зохион байгуулахаар уг төсөлд тусгасан юм. Олон жил ярьсан, бас хамгийн сайн нь гэгддэг уг тогтолцоог сая нэг хуульдаа тусгасан ч гишүүд хувийн айдсаасаа салж чадахгүй л байна.

Д.Лүндээжанцангийн ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан энэхүү төсөлд улсаа нэг тойрог болгож “Нэг сонгогч-нэг санал” гэсэн зарчим баримталжээ. Гэхдээ пропорциональ тогтолцооны “алтан дүрэм” болох намыг биш нэг л нэр дэвшигчийг сонгогчид “дугуйлна”. Гэхдээ түүний авсан санал намынх болж, тэр хэмжээгээр нам дотроо суудлаа хуваарилах учир “дайн” тогоон дотроо өрнөнө.

Олны танил лидер олонтой намд ялах боломж түлхүү болох юм. Өөрөө хол яваагүй ч намдаа лидерүүдийн авч өгсөн саналд “чирэгдээд” УИХ-д сонгогдох боломж зарим нэгд нь олдоно. Мөн төсөлд мөнгөөр санал худалдаж авах гэсэн, луйврын арга хэрэглэсэн тохиолдолд нэр дэвшигчийг жагсаалтаас хасах заалтын тоог төсөлд нэмж, саналыг тусгай техникээр тоолох гэх мэтээр цэгцлэхийг аль болохоор хичээжээ. Нийт сонгогчийн долоон хувийн санал авсан нам, бие даагч УИХ-д нэр дэвших эрх эдэлнэ.

Олон улсад 5-6 байдаг босгыг ийн өндөр тогтоосноор гуравдагч хүчний нам, бие даагчдад тээг тавилаа гэсэн байр суурьтай хүн ч байлаа. А.Баделхан: -Жижиг нам, бие даагчдын боломжийг хаасан юм биш үү. Гадаадад байгаа иргэд саналаа яаж өгөх юм бэ? Д.Лүндээжанцан: -УИХ-д олон жижиг нам сонгогдвол Засгийн газар тогтворгүй болно. Тиймээс босгыг ингэж тогтоосон. Нэг нам дангаараа долоон хувийн буюу 80.000 хүний санал авч чадахгүй байгаа бол нийлээд оролцож болно шүү дээ.

Бие даагчдын тухайд тэдний эрхийг хорих ёсгүй ч тодорхой шаардлага тавина. Гадаадад байгаа иргэн Дипломат төлөөлөгчийн газ раа бүртгэлтэй бол сонгуульд оролцох боломжтой. П.Алтангэрэл: -Нэр дэвшигчдийн хоёроос доошгүй хувь нь казах иргэн байна гэснээс үүдээд буриад, дөрвөд гээд бусад ястан нь барьцахгүй юү. Үндсэн хуулийн цэцэд очих вий дээ.

Э.Бат-Үүл /Ажлын хэсгийн гишүүн/: – Социализмын үед ч казах иргэдэд квот өгдөг байсан. ОХУ 1060 ястантай ч орос үндэстэн л гэж ярьдаг. УИХ дээр ястан энэ тэрээр нь ялгаж ярьдгаа гишүүд болимоор байна. Дээрх уламжлалыг хэвээр хадгалж л уг заалтыг оруулсан.

Я.Батсуурь: 76 хүний авсан саналыг дундажлаад, түүнээс арай илүүг авсан гуравдагч хүчнийхэн, бие даагчдыг УИХ-д сонгох заалт оруулбал яасан юм?

Д.Лүндээжанцан: Дундажлахаар 12.000- 13.000 хүний санал авсан л бол сонгогдох боломжтой болно. Ингэхээр 20-30 бие даагч УИХ-д орж ирнэ. Ингүүлж болохгүй. Хэдэн зуун сая төгрөг сонгуулийн сурталчилгаанд цацдаг нэр дэвшигчдийн хувьд хэдхэн төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь “илэх” төдий л хариуцлага болно. Тиймээс хууль зөрчвөл л шууд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасдаг байя, Сонгуулийн хуулийг бүлэг бүрээр нь тусгайлан хэлэлцэж, цаг, хүч хайрлахгүй шийдье гэх мэт санал ч гарлаа.

Г.Баярсайхан “Нийгэмд танигдсан улстөрчдөд илүү боломж олдох нь. Гадаадад боловсрол эзэмшээд ирж буй залуустаа боломж олгох ёстой. Тэднээр улс төрд цус сэлбэх хэрэгтэй. Гэтэл ийм боломжийг нь хаасан байна” гэлээ. Зарим нь гуравдагч хүчнийхэн, бие даагчдад санаа тавьсан бол зарим нь тоглоомын тойргийн гадна үлдэх нь хэмээн эмээв.

Ц.Сэдванчиг “Над мэтэд нь боломж олдохгүй юм байна л даа” хэмээн сэтгэлээр уналаа.

Д.Лүндээжанцан “Та нар тэгж хардаад байх юм. Хувийнхаа биш улс орны эрх ашгийг бодож ийм төсөл боловсруулсан юм” хэмээн учирлав. Сонгуулийн хэсэг, тойргийн хороонд төрийн албан хаагчдыг ажиллуулж, асуудал гаргавал ажлаас нь халах гэх мэт арга хэмжээ авах нь. Намын гишүүдийг ажиллуулахаар маргаан гараад байдаг учир төрийн албан хаагчид шударга ажиллана гэж үзжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.