Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОГЦРУУЛНА, ТЭГЭЭД ЯЛНА ГЭХ ҮҮ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр 16 цагт АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн Төрийн ордон дахь ажлын өрөөнд яаруу хуралдлаа. Гүйцэтгэх зөвлөл хэвлэлийнхэнд хаалттай хуралдсан ч өнөөдөр болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ярилцаж тохирсон тухай сураг тэр даруй тарсан юм. ҮЗХ-ны хуралдаан аль уржигдар товлогдож, тэнд ямар асуудал хэлэлцэх, ямар дүгнэлт гарах нь олон нийтийн хүртээл болоод байгаа тул энэ удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал нэр төдий өнгөрөв бололтой. Гэсэн ч Гүйцэтгэх зөвлөл 60 гаруй хувийн ирцтэй цуглаж, 26 гишүүнээс нь Дархан-Уул зэрэг зарим аймгийн төлөөлөл ирж амжжээ.

ҮЗХ өнөөдөр хамтарсан Засгийн газарт ажилласан сайд нарынхаа үгийг сонсож, танхимын бүрэлдэхүүнээс гарах намынхаа даргын шийдвэрийг хэлэлцэж, санал хураах хөтөлбөртэй. Гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн хурал энэ хөтөлбөрийг дэмж сэн байна. Харин эх сурвалжийн өгүүлж буйгаар бол, намын дарга Н.Алтанхуягийг огцруулах тухай санаа оноо ҮЗХ-ны хуралдааны танхимд өрнөх талаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд огт ярилцаагүй аж. Гүйцэтгэх зөвлөлийн хурал Н.Алтанхуягийн өрөөнд болсон учраас өрөөний эзний хувь заяаг эргүүлэх тухай яриа хөөрөөг улаан халз хөндөөгүй байж болох юм. АН-ын дүрэм ёсоор намын даргыг огцруулах асуудлыг зөвхөн Их хурал шийддэг.

Харин намынхаа Их хурлыг зарлаж, даргын асуудлыг хэлэлцэх санал өнөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаас гарах магадлал өндөр байгаа юм. Н.Алтанхуягийг хэрэв огцруулах болбол АН-ын дараагийн даргад УИХын гишүүн, АН-ын Ардчилсан хүчний холбооны тэргүүлэгч З.Энхболд, УИХын гишүүн, ЗТБХБ-ын сайд, АН-ын МоАХ фракцын тэргүүлэгч Х.Баттулга хоёрыг өрсөлдүүлэх сонирхол тус намынханд бий. Х.Баттулга, З.Энхболд нар хамтарсан Засгийн газрыг орхих Н.Алтанхуягийн шийдвэрийг талархан хүлээн авчээ. Гэхдээ АН дахь томоохон фракцуудын Засгийн газрыг задлахаар төлөвлөж байсан цаг хугацааг Н.Алтанхуяг ганцаараа товлож, нэлээд наашлуулсанд З.Энхболд, Х.Баттулга нар багагүй гайхширсан байна.

Ардчилсан намын гол фракцууд орондоо орох завгүй хуралдах товтойгоор тус тусын “болзоотын бор толгойдоо” урьд шөнө цуглав. Фракц тус бүр өнөөдөр ҮЗХ-ны хуралдааны үеэр баримтлах байр сууриа нэгтгэсэн байх учиртай. Фракцуудын тухайд Засгийн газрыг задлахаа болих уу гэж эргэж буцахгүй нь ойлгомжтой. Харин 2012 оны сонгуульд АН-ыг хэнээр удирдуулж орохоо л шийдэцгээх юм. АН-ынхан ирэх сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэйгээр Засгийн газрыг задлах эрс алхамд нэгдсэн тул удаах огцом шийдвэрийг цочир гаргахаас сийхгүй болжээ. АН-ын хамгийн хүчирхэгт тооцогдсоор ирсэн “Алтангадас” фракц мэдээж Н.Алтанхуягаа хүрээлнэ. Үнэндээ АН шиг тогооноосоо хальтал олгойгоо хагалалцдаг “гэмтэй” намд Н.Алтанхуягийн уян хатан чанар нүдээ олсон сонголт юм. Түүнтэй өрсөлдөхөөр горилж буй хоёр эрхэм хэн нэгэндээ боломж олгохоор тохиролцож, МоАХ, АХХ-ны гишүүдийн санал нэгдсэн тохиолдолд З.Энхболд, Х.Баттулга хоёрын хэн нэг нь АН-ын дараагийн даргаар сонгогдож магадгүй.

АН-д шинэ лидер зайлшгүй гэж үзвэл дараагийн дарга хэн байх вэ? Үүнд аль нэг фракцын сонирхлоор хариулбал хол явахгүй. Засгийн газрыг задалж байж дарга төрүүлсний үр дүнг үзэж чадахгүй л дээ. Улс төрийн тавцанд, сонгуулийн саадтай марафонд МАН-ын дарга, одоогийн Ерөнхий сайд С.Батболдтой ана мана өрсөлдөж чадах фигур хэн бэ, тэр л АН-ын дараагийн дарга. Тэр хувь улстөрчийнхөө хувьд С.Батболдоос мэдлэг боловсрол, ажлын туршлага, нэр хүндээрээ илүү, сонгууль хүртэлх богино хугацаанд олны таашаалыг нам руугаа эргүүлэх супер төлөвлөгөөтэй нэгэн байлгүй горьгүй. Тийм биш бол АН Засгийн газрын хаалгыг уулгалан савсны хэрэг гарахгүй билээ. Гүйцэтгэх зөвлөл Н.Алтанхуяг даргын ҮЗХ-д бэлтгэсэн сценарийг хэл чимээгүй сонслоо. Харин өнөөдөр ҮЗХ яах бол? Огцруулна, тэгээд ялна л гэх болов уу.

Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.