Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөхөн сонгуулийг будлиулжээ

Өнгөрсөн ням гаригт нийслэлийн Чингэлтэй дүүргийн I тойрогт нөхөн сонгууль болсон юм. Эндхийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшин сонгогдоод байсан Х.Батбилэг Төрийн тусгай албанд томилогдсон тул суудал нь “онгойсон” аж. Тэгээд л нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон байсан. Энэ сонгуульд МАХН-аас Г.Ариунбуян, АНаас Д.Алтанхуяг нар өрсөлджээ.

Г.Ариунбуян нь дүүргийн Засаг даргын зөвлөх, Д.Алтанхуяг нь дүүргийн МоАХ-ны даргаар ажилладаг юм байна. Тус дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга бөгөөд нэр дэвшигчийн ерөнхий менежер М.Эрдэнэтуяагийн ярьснаас үзвэл сонгогчдын нэрсийн жагсаалтад 4683 хүн бүртгэгдсэнээс 2351 нь буюу 50.2 хувь нь саналаа өгчээ. Тиймээс сонгуулийн хэсэг, тойргийн хорооны дарга, гишүүд сонгууль хүчин төгөлдөр боллоо гээд хэсэг тус бүр дээр санал тоолох ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж холбогдох баримт бичигт гарын үсгээ зурцгаасан гэнэ.

Хэсгийн хороод тус бүртээ 11 хүний бүрэлдэхүүнтэй, түүнд МАХН, АНаас тав таван хүн орж, төрийн албан хаагч буюу нам бус хүн нэгийг оруулсан байна. Тэр нь дүүргийн иргэний бүртгэл, мэдээллийн албаны ажилтан байжээ. Чингэлтэй дүүргийн сонгуулийн I тойрог гурван хэсэгтэй аж. Гурвууланд нь саналыг зэрэг тоолж эхлэх ёстой атал III хэсгийн саналаа тоололгүй хүлээж байгаад бусад хоёр хэсэгт МАХН-аас нэр дэвшигч илт ялаад ирэхээр “ирц хүрээгүй тул санал тоолохгүй” гэж тус хэсгийн хороонд АН-аас орсон хүмүүс хэлж төрийн ажлыг хийлгүй хаяж явсан аж. Гэтэл I хэсгийн сонгогчдын 54 хувь, II хэсгийн 52.7 хувь нь, харин III хэсэгт 46.2 хувь нь саналаа өгсөн байна. Тэгээд гурван хэсгийн нийлбэрээр нийт сонгогчийн 50.2 хувь саналаа өгсөн гэсэн дүн гарчээ.

III хэсгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга нь АН-аас нэр дэвшигчийн төрсөн дүү Д.Алтанхуяг байсан аж. Санал хураах ажиллагааны бүхий л явцыг цахим төхөөрөмжөөр олон түмэнд харуулж байжээ. Тиймээс ямар нэг маргаан гараагүй гэнэ. III хэсгийн саналыг хэсгийн хорооны гишүүдийн олонх нь АН-ын ажиглагчдыг байлцуулан тоолжээ. Эцсийн дүнг урьдчилсан байдлаар гаргахад МАХН-аас нэр дэвшигч Г.Ариунбуян өрсөлдөгчөөсөө 400 гаруй санал илүү авсан байж. Энэ сонгуульд төр 10 орчим сая төгрөг зарцуулсан байна. Нөхөн сонгуулийн дүнг дүүргийн АН-ын хороо хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Дарга Б.Батбаатараас нь лавлавал, сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн 4866 сонгогчийн 2400 нь санал өгсөн. Ирц 49.0 хувьтай байсан. Зарим хэсгийн сонгогчдын 41 хувь нь сонгуульд оролцсон. Тиймээс бид санал хураалт хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

III хэсгийн саналыг тоолоход хороонд нь манай намаас орсон хүмүүс байгаагүй. Ажиглагчид байсан ч тэд санал тоолох явцыг холоос харсан тул хэний төлөө хэчнээн хүн санал өгснийг мэдэх боломжгүй байсан. МАХН-ын нөхөд нэр дэвшигчээ ялсан мэтээр албан ёсны бус мэдээлэл тарааж байна гэв. Сүүлд нь Чингэлтэй дүүргийн АН-ын хорооноос Л.Энхтуяа гэдэг хүн гарын үсэг зурж ирүүлсэн бичигт өгүүлэхдээ, хороодын Засаг даргаас сонгуулийн хороонд гаргаж өгснөөр бол 7247 хүн санал өгөх байжээ. Үүнээс сонгуулийн хороод нь 2481 иргэнийг санал өгүүлэлгүй хассан хэдий ч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 4766 сонгогчоос 2350 буюу 49.31 хувь нь саналаа өгчээ. Хуульд зааснаар нийт сонгогчийн 50 хувь нь санал хураалтад оролцоогүй бол сонгуулийг хүчингүйд тооцох учиртай гэсэн байна. Энэ сонгуулийг хүчингүй болговол ийм шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд дахин явуулахаар хуульд заасан байдаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.