Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нүүдэлчин монголын өвөрмөц хүнс

“Өнөөдөр” сонин уул уурхай, эдийн засаг, бизнесээс гадна үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Үндэсний онцлог чанарыг хадгалсан экспортод гаргаж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бид илүүтэй сурталчлахыг чухалчилж буй. Тиймээс “Брэнд” булан нээж байна.

214 грамм борц нэг кг махтай тэнцэх хэмжээний шим тэжээл агуулдаг гэдгийг Та мэдэх үү? Борц бол хэчнээн ч удаан хадгалж болох уриншуулж хатаасан мах бөгөөд олон зуун жил уламжлан ирсэн монгол үндэстний өвөрмөц хүнс. Хуучны уламлжлал алдагдах болсон энэ үед “үхрийн махыг долоо хоног хатаагаад борц шүү дээ” хэмээн эндүүрэх нь олон. Гэтэл жинхэнэ монгол борц бол үүнээс тэс өөр. Хаа холын Африкчууд одоог хүртэл махаа давслан наранд хатаагаад, нэг төрлийн борц хийж л байна. Гэсэн ч энэ бол борц биш гээд хэлэхэд нэг их буруудахгүй.

Махны 75 хувийг ус, үлдсэн 25 хувь нь эрдэс бодис, бусад шим тэжээл эзэлдэг. Тиймээс мах борцолно гэдэг нь махны найрлага дахь эрдэс бодисын хэмжээг алдуулалгүйгээр усыг ууршуулан хатааж байгаа хэрэг. Тэгэхээр Африкийн ч юм уу, Азийн бусад үндэстний “хатаасан мах”-ны хажууд монгол борц жинхэнэ “брэнд” гэж нэрлэгдэх нь гарцаагүй. Энэ талаар ШУТИСийн Хүнсний инжнер, био технологийн сургуулийн Хүнсний үйлдвэрлэл шим судлалын төвийн профессор, ШУ-ны доктор Б.Энхтуяа “Борц бол монгол үндэстний эрт үеэс хэрэглэж, боловсруулж ирсэн бүтээгдэхүүн. Яах аргагүй Монголын брэнд хүнс. Борцыг хүмүүс зүгээр нэг хатаасан махтай эндүүрэх нь байдаг. Энэ бүтээгдэхүүн нь монголчуудын цаг агаарт тохирсон хүнс бөгөөд хүйтэн, өндөрлөг газар хатаахад тохиромжтой байдаг. Махыг ингэж хүйтэнд хөлдөөж, ууршуулан хатааж хэрэглэдэг үндэстэн манайхаас өөр байхгүй. Ийм борцыг гурван жил хадгалахад чанараа алддаггүй юм” гэв.

Муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг гэдгээрээ онцлог борц хэмээх бүтээгдэхүүн монгол хүний биед болон нүүдэлчин заншилтай гайхалтай сайн зохицох нь бий. Хатаасан борцны ердөө 10 хувь нь ус, үлдсэн нь эрдэс шим тэжээл байдгийг мэргэжилтнүүд хэдийнэ тогтоосон. Монгол малын мах бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь, манай мал 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллож, энэ бүх ургамлын шим тэжээлийг биедээ шингээдгийг мэргэжилтнүүд нотолж, гаднынхны атаархлыг төрүүлж байсан удаатай. Нүүдэлчин монгол айлд хөргөгч, хөлдөөгч гэж байгаагүй. Тэгэхээр махныхаа шим тэжээлийг алдуулахгүй удаан хадгалах арга олсон нь махыг борцлох байж. Борцыг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж болдог ба хөнгөн жинтэй учир холын аян замд болон сансрын нисэгчид авч явахад тохиромжтой байдаг. “Жор сурсан эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг уг бүтээгдэхүүнийг хийх аргыг эрдэмтнээс илүү хөдөөгийн малчид дэндүү сайн мэднэ. Мэдээж нутаг нутгийнхан байгалийн онцлог, уламжлалдаа тохируулан хийдэг. Борцыг голдуу үхрийн гуя, хааны махаар хийнэ.

Учир нь, хонины махны чанар удах тусмаа мууддаг, адууны мах хадгалалт даадаггүй тул борц хийдэггүй. Нар их тусдаг газар өлгөвөл мах гашуурч, сүүдэрт тавибал чийг авч үнэр орох тул онцгой анхаарах хэрэгтэйг борцны “мэргэжилтнүүд” андахгүй. Сүүлийн үед монголчууд гадаадад ажиллаж, амьдрах болсонтой холбоотойгоор борц хэмээх бүтээгдэхүүн гадаад зах зээлд танигдах болсон. Манайд ч борц хийдэг үйлдвэр цөөнгүй. Гэхдээ л уг бүтээгдэхүүнийг хийхэд тохиромжтой цаг агаар, уламжлал, “технологчид” зөвхөн Монголд бий. Тэгэхээр борц гэдэг энэхүү брэнд бүтээгдэхүүнээ импортолж, дэлхийд амтлуулбал яасан юм бэ. Солонгос кимчи, америк бургер сэлтхэн “од” болоод байхад Монголын брэнд борц хол явна даа.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.