Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нээлттэй карантин

Улс орон даяар карантилж, зарим газар тэг зогсолт хийгээд 20 гаруй хонолоо. Их, дээд сургууль хийгээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ихэнх албан байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоосон. Хүүхдүүд хичээл нь хэзээ орохыг ээж, ааваасаа өдрийн хэд асууж, өл залгах хүнсгүй өрхийнхөн санаа алдаж, галдаа нэмэх цучилгүй айлууд сэм гуниглаж, ажил алба нь тасалдсан иргэд удирдлага руугаа ажил эхлэх  чимээ дуулдана уу хэмээн утас цохисон бүүдгэр өдрүүд үргэлжилсээр. Улс, нийслэлийн онцгой комиссынхон ажиллах албан газрын хязгаар тогтоож, эмнэлэг, хууль хүчний байгууллага, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг 13 байгууллагын үйл ажиллагааг нээлттэй хэвээр орхив. Мөн тус комиссынхон арваннэгдүгээр сарын 12-нд машин явуулахгүй байх шийдвэр гаргасан. Ингээд бүгдээрээ автобусанд шахцалдан, шавалдан үйлчлүүлж эхэлсэн билээ. 

Дараагийн өдрөөс нь иргэд албан үнэмлэхээ үзүүлж ажилдаа ирж, очих болсон. Гурав дахь өдрөөс хотын захиргаанаас тусгай зөвшөөрөл тарааж, нэг хоноод л тус зөвшөөрлөө эргүүлэн хураах ажил өрнүүлсэн. Үр дүнд иргэд, зам дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа нарын дунд үл ойлголцол үүсэж, цөөнгүй хүний дархлаа унасан. Дархлаа унагах дараагийн шийдвэр нь үнэмлэх дээрээ нэмж, ажлын тодорхойлолт үзүүлж ажилдаа явах байлаа. Амралтын өдрөөр тааруулж гаргасан шийдвэр нь бас л бөөн бухимдал дагуулав. Ажилдаа очиж ч амжаагүй байхад нь шийдвэр гаргасан тул даваа гарагийн өглөө олон хүн цагдаад “баригдаж” замаасаа буцах хэрэг гарав. Дарга сайд нарын дээрээс шидсэн чулуу иргэдэд чирэгдэл учруулж, дахиад цагдаа, иргэд муудалцаад өнгөрөв. Арваннэгдүгээр сарын 17-ноос зөвхөн түгээлтийн машин явуулах шийд гаргасан. 

Тэгсэн маргаашаас нь өдөр биш байсан юмаа, шөнө гэх гээд андуурчээ ухааны юм ярилаа. Эцэст нь хүнсний хомсдол үүсэхээс наагуур юм болж байж, шөнөөр тээвэр хийх дээрх шийдвэрээ арай гэж буцаалаа, дарга нар. Ингэж байтал Баянзүрх дүүрэгт коронавирусийн тохиолдол бүртгэгдэв. Шөнө орой болсон байхад иргэдийг гэр лүү нь ч оруулахгүй хэмээн сүржигнэж тухайн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоосноо үүр цайж амжаагүй байтал эргээд цуцалчихав. Тэгсээр арваннэгдүгээр сарын 19-нөөс иргэд гадуур явахдаа буюу А-Б цэгт очихдоо албаныханд бүртгүүлнэ гэх  шийдвэр гаргалаа. Олон удаагийн энэ мэт олиггүй шийдвэрүүд иргэдийг туйлдуулж, бизнес эрхлэгчдийг бухимдуулж эхлэв. Сүүлдээ бүр хөл толгой нь олдохоо байж, махны үнэ нэмэгдэж, архи шагийн үнэд орж, хот тойрсон товчоодын ойролцоо хүмүүс машиндаа хонох болов. Урьдчилан сэргийлэх шинжилгээг сайн дураар өгөх хүмүүс  коронавирусийн халдвартай нь батлагдсан хүмүүсийн ойрын хавьтагч нартай шинжилгээ өгөхөөр хамт оочерлож, юм юм л боллоо. Мөн энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архи уусан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүд бусад хэргээс илүүтэй бүртгэгдлээ. 

Төрд гарсан эрхмүүдийн гаргасан шийдвэр оновчгүй учраас монголчууд айж сандарч, адгаж бэргэн хүнд хэцүү үеийг туулж байна. Хаалаа, хориглолоо гэх тусмаа карантины үеийн амьдрал дээрх мэтээр үргэлжилж байна. Нээлттэй карантин ч юм шиг. Өчигдөр гэхэд улсын хэмжээнд 116 хүн эрүүлжүүлэгдэж, 12 хүн согтуугаар машин жолоодсон зөрчил гаргажээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 47 дуудлага, бусдын амар амгаланг алдагдуулсан мэдээлэл 66 иржээ. Карантин тогтоосон өдрүүдэд энэ мэт хөл толгой нь олдохгүй хэрэг өчнөөн гарав. Нэгэнт дэгдсэн өвчнийг хамтын хүчээр туулах ёстой баймаар. Гэтэл халдвартайгаа мэдсэн, нас биед хүрсэн залуу гэрээсээ зугтааж, шинжилгээ авахаар дуудсан автобусны жолоо нар бие биедээ наалдаж зогссон дүр зургууд цахим орчинд хөвөрсөөр байна. Улсын онцгой комиссынхон орон нутгийн иргэдийг заавал шинжилгээ өг хэмээн бөөн оочер дугаар үүсгэсэн. Ингэхдээ түргэвчилсэн бус, PCR шинжилгээний хариу сөрөг гарсан л бол та нутагтаа буцаж болно хэмээж байсан. Харин сүүлдээ PCR шинжилгээ өгсөн иргэдийг хариу шаардахгүйгээр хотоос гаргах шийдвэрийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас  гаргалаа. Ёстой нөгөө ухаангүй ноёнд урагшгүй албат  гэдэг энэ байх даа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.