Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.ЭНХБАЯРЫГ НУУВЧНААС ГАРГАСАН МАХН-ЫН ОНЦ ИХ ХУРАЛ

Өвлийн адаг сарын шинийн 23-ны хар морин өдөр байлаа. Гадаа хасах 20 хэмийн хүйтэн хацар хайрч хөл жиндүүлж асан энэ өдөр 40 жилийн түүхтэй “улс”-ын циркт улаан сарнай дэлбээлэв. Чидун жимсний өнгө бүхий суурин дээр залсан гал улаан сарнай Монголын алдарт хувьсгалт намын хөгшид голдуу төлөөлөгчдийн энгэрийг чимснээрээ Монголын улс төрд сарнайн хоёр дахь “сорт” мэндэллээ.

Бар, туулай жилийг дамнан талцал, маргаан үүсгээд байгаа “хувьсгалчид” Онц их хурлаа хуралдуулан Монголын алдарт хувьсгалт намыг албан ёсоор байгуулснаар 90 жилийн түүхтэй ууган намд бий болоод байсан хайныг нэг мөр хагаллаа. Онц их хуралд 21 аймаг, нийслэл, дүүргийн 1080 төлөөлөгч оролцох байсан ч зарим аймгийн төлөөлөгчид замдаа яваа, Баян-Өлгий-УБ чиглэлийн онгоц нэг нислэг хойшилсон зэрэг шалтгаанаар энэ өдрийн хуралдааны ирц 81 хувьтай байлаа. Дорнод аймгаас хамгийн олон буюу 50 орчим төлөөлөгч иржээ. Зарим аймгаас төлөөлөл ирээгүй ч хотынхноор тоог нь нөхсөн гэсэн яриа чих дэлсэж байлаа.

ХУРЛЫН УУР АМЬСГАЛААС “АРДЧИЛАЛГҮЙДЭЛ” АЖИГЛАГДАВ

Хурлын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нээв. Ярс хийтэл гар өргөн, гялс хийтэл баталдаг хувьсалт намын уламжлал эхнээсээ л давтагдав. Тэргүүлэгчид суудлаа эзэлж ч амжаагүй шахам байтал өөрийгөө Д.Батчулуун хэмээн танилцуулсан залуу Хувьсгалт намын их хуралд АН-ын нөхөр мандат аван орж ирснийг илчлэв. Намын дотоод асуудлаа халуун бүлээрээ ярилцах ёстой байтал өөр намын “тагнуул” ирсэн нь Мандатын комиссын хамгаалалт, хяналт сул байгааг харуулж байна. Тэр нөхрийг хөөж гарга хэмээн шаардав.

Удаа ч үгүй байтал МАСОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хэмээн өөрийгөө танилцуулсан Батсайхан гэх залуу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хандан “Та МАН-ын бага хурлын гишүүн. Тэгсэн мөртлөө МАХН-ын Онц их хуралд оролцож буй нь ямар учиртай юм бэ.

МАН эсвэл МАХН-ын гишүүний сонголтоо нэг тийш болгож чадсан юм уу” хэмээн асуув. Асуулт дуусаа ч үгүй байтал Батсайханыг хоёр залуу чирээд танхимаас гаргачихав. Сүүлд бас нэг охин “Н.Энхбаяр дарга МАН-ын гишүүн хэвээрээ юм уу. Аль намыг сонгож буй юм бэ” гэж асуусныхаа төлөө бас хөөгдөж гарсан.

НАМЫН ДАРГЫГ ДӨРВӨН УДАА УЛИРААЖ БОЛНО

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвал нар “Шинэ төр”, “Шинэ нам”, “Шинэ хүн” сэдвээр илтгэл тавив. Авлигыг устгана, эрх мэдэлтнүүд, олигархиудын гарт орсон төрийг шинэчлэнэ гэх зэрэг үг олонтаа сонсогдсон Ц.Шинэбаярын илтгэл тийм ч сонирхолтой байсангүй бололтой. Төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Шинэ нам” илтгэлийг нь дэмжсэн шигээ алга нижигнүүлэн ташсангүй.

Энэ их хуралд урилгаар оролцож буй ч үнэн хэрэгтээ сэтгэлийнхээ дуудлагаар ирснээ хэлж төлөөлөгчдийг “зоригтнууд” хэмээн Н.Энхбаяр урамшууллаа. Луйвардах, хуйвалдах замаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргадаг эрх баригчид Монголыг ардчилалгүй болгосныг тэрбээр илтгэлдээ дурдаад, өнөөгийн Монголын нийгмийг “ардчилалгүйдэл” гэх шинэ томьёоллоор тодорхойлов. Ардчилалгүй болсон нийгмээ ардчилалтай болгохын тулд МАХН-аа сэргээе, шинэчлэн байгуулья хэмээн уриалсан нь төлөөлөгчдийн цусыг хөөргөв.

“Маргааш намын даргаа сонгоно. Н.Энхбаярыг сонгоно шүү, “Н.Энхбаяраас өөр хүн дарга болохгүй” гэсэн яриа төлөөлөгчдийн дунд гарч байлаа. МАХН-ын түр штабыг байгуулан өнөөдрийг хүртэл муу сайнаар хэлэгдэн, ад шоо үзэгдсэн Ц.Шинэбаярыг Монголын алдарт хувьсгалт намын дарга болно гэсэн таамаг олон нийтийн дунд байсан. Гэвч Ц.Шинэбаярыг дэмжих нь гэх юм энэ өдрийн хуралдааны уур амьсгалаас мэдрэгдээгүй.

Магадгүй дэд даргаар сонгох байх. Мөн Н.Удвал намын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн урьдчилсан таамаг байсан. Хэрхэхийг өнөөдөр үргэлжлэх хурлын төлөөлөгчид шийднэ. Энэ намын дүрмийн төсөлд “Намын даргыг дөрвөөс дээш удаа сонгож үл болно” гэсэн заалт тусгажээ.

Тиймээс энэ удаа Н.Энхбаярыг МАХН-ын даргаар сонгосон тохиолдолд тэрбээр дор хаяж найман жил энэ намыг тэргүүлэх боломжтой юм. Албан тушаал, эрх мэдэл он удаан жил үргэлжлэх тусмаа дарангуйллыг, ноёрхлыг бий болгодог.

Тэрбээр МАХН-ыг 1997-2006 онд буюу мөн л найман жил удирдахдаа хэрхэснийг гишүүд, дэмжигчид нь байтугай жирийн иргэд ч санаж буй бизээ. Харин одоо Монголын алдарт хувьсгалт нам түүнд дахин ийм боломжийг олгох гэж байна уу?

БНН нэгдэхэд бэлнээ илэрхийлж, иргэний хөдөлгөөнийхөн зочнор оролцов

Энэ их хурлын төлөөлөгчдийн дотор иргэний хөдөлгөөний зочид байсан нь үнэхээр сонин содон байв. “Тоон доторх үсэг ” хэмээн бие биенээ явуулах тэд Алдарт хувьсгалт намын их хуралд ажиглагчаар оролцож буй гэнэ.

Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Л.Нинж, “Монгол Улсын төлөө зүтгэе” ТББ-ын гишүүн Д.Болд, Л.Цог, МУИСийн багш, доктор С. Авирмэд, өмгөөлөгч Ч.Энхээ гээд арваад хүн байлаа. Мөн Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам (МА(Х)Н)-ын удирдлагууд энэ хурлын индэрт тухалж, нэгэн цагт Н.Энхбаяртай үзэлцэж асан улс төр судлаач Л.Эрдэнэтуул үг хэлж “Үгүйлэгдэж байгаа сөрөг хүчнийг хамтдаа бий болгож чадна“ хэмээв.

Энэ нь байгуулагдсан цагаасаа эхлэн Н.Эхбаярын нам хэмээн хэдэн жилийн өмнөөс хардагдаж байсан Дээд шүүхэд бүртгэлтэй намын тоог нэмэхээс хэтрээгүй, идэвхтэй бус үйл ажиллагаатай Ардчилсан Хөдөлгөөний намыг Алдарт хувьсгалт намд дагаар орж магадгүй гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлэх шалтаг болов.

Түүнчлэн БНН-ын нарийн бичгийн дарга Баянманлай гэдэг хүн “хөгжлийн төлөө ямарч намтай нэгдэж тэмцэнэ. Алдарт хувьсгалт намтай 2012 оны УИХын сонгуульд нэгдэн оролцоход бэлэн” гэж хэллээ.

Н.ЭнхбаЯр: Би МАХН-д үлдэнэ

МАХН-ын Онц их хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та албан ёсоор бол МАН-ын Бага хурлын гишүүн. Гэтэл яагаад МАХНын Онц их хуралд оролцох болов?

-Нийгэмд шударга бус явдал газар авсан байна. Энэ нь ард түмэнд ч хортой гэж үзсэн учраас нэг, хоёр хүнийг доромжлох биш, нийт үзэгдлийг ярьж, болохгүй зүйлийг илрүүлж гаргая” уриатай гэсэн хурал болж байна. Намайг урьсан тул энэ хуралд оролцож, тодорхой сэдвээр үг хэллээ. Гэртээ хий бухимдах биш, үгээ хэлэх хэрэгтэй гэж үзсэн учраас дэмжиж, энэ хуралд оролцож байна.

-Таныг Онц их хурлаас МАХН-ын даргаар сонгоно гэсэн яриа гараад байгаа. Хэрэв сонгоно гэвэл та хүлээж авах уу?

-Би МАХН-ын ХХYI их хурлын өмнө ч МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан. Тэр хэвээр байгаа. Миний нэрийг надаас асуулгүйгээр МАН-ын Бага хурлын гишүүд дотор оруулсан байна лээ. Нэг ёсондоо урхидаж авч байгаа ч юм уу, эсвэл айлгаж, эсвэл аргалж тогтоох гээд ч байгаа юм уу.

МАХН-ын дарга болох тухайд надад санаж бодсон зүйл алга. ”Үнэхээр та хэрэгтэй. Таныг урдаа барьж, энэ муухай хана хэрмийг цөмлөе” гэвэл би биеэ оторлож суух хэрэггүй байх. Шударга зүйл МАН-д байсан ч, МАХН-д байсан ч би дэмжинэ.

-Таныг МАН-ын удирдлагатай уулзаад Бага хурлын гишүүн мөн гээд хэлэлцээр хийгээд явж байгаа тухай яриа гарч байсан?

-Аль нэг нам надад хэрэггүй. Зөв байр суурь л хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан зөв юм ярих биш айлган сүрдүүлэх, мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулах, хүнийг дайрч доромжлох бүдүүлэг алхам хийж байгаатай би санал нэгдэхгүй байгаа. Надад МАН-тай тохиролцсон зүйл байхгүй.

Би шударга үйлсийн төлөө тохирч болно. Шударга бус юмны төлөө тохирсон зүйлгүй. Албан тушаал надад сонин биш. Зөв байр суурь, зөв үйл ажиллагаа л чухал.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.