Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам. долларт хүрнэ

 Хэдэн жилийн өмнө ийм үг хэлсэн бол “битгий мөрөөд” гэх байсан биз. Одоо бол хүмүүс итгэж байна. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд манай улсын эдийн засаг огцом өсөж, гадаад, дотоодын нөхцөл байдал ч эрс өөрчлөгдлөө. Өнөөдөр Монголын нэг хүнд ногдох ДНБ 3000 орчим ам. доллар байна. Ирэх оны сүүл гэхэд хоёр дахин өсөж, 5362 долларт хүрнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл бүр ч өөдрөг төсөөлөл бидний өмнө байгааг МАНынхан олж харснаа танилцуулав. 2016 онд нэг монгол хүнд ногдох ДНБ 12600, 2021 онд 20000 доллар гэж өссөөр 2031 оны заагт 60 мянган ам. долларт хүрч, өнөөгийн Швейцарийн төвшнөөс давж гарна гэдэгт залуу мэргэжилтэн, судлаачид итгэлтэй байна.

“М-21” (Монгол 21 гэсэн үг) хөгжлийн хөтөлбөрт дурдсанаар 20 жилийн дараа Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч 20, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлсэн 10 орны нэг болох юм байна. Энэ бол сэрүүн зүүд биш гэдгийг хөтөлбөр боловсруулсан хүмүүс нь хэлэв. CITY банк, Дэлхийн банк, Монгол-Австралийн эрдэмтэд дэлхийн улсуудын эдийн засгийн хөгжлийн загварын талаар судалгаа хийхэд үр дүн ойролцоо гарчээ. Түүнд тулгуурлаж СЭЗДС, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Монголбанкныхан Монголын эдийн засгийн хөгжлийн загвар боловсруулах ажлаа эхэлж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн, багш н артай хамтран хоёр жил шахам турш ажиллажээ.

Эдийн засгаа урт удаан хугацаагаар төлөвлөдөг Сингапур, Энэтхэг, Казахстан, Малайз зэрэг орны туршлагаас манайхан “будаа идэхээ” ч мартаагүй аж. Эдийн засгаа хүчирхэгжүүлэхэд хүн амын өсөлт бас чухал. 20 жилийн дараа бид 3.9 саяулаа болж ДНБ-ий хэмжээ 220 орчим тэрбум ам. долларт хүрэх бололцоотой гэж дүгнэжээ. Эрсдэлийг давхар тооцсон байна. Хүн бүр тэгш боломжоор хангагдаагүй, улс төрийн намууд авлигад идэгдсэн байдал, төрийн бодлогын залгамж чанар хангагдаагүй, засаг захиргааны хуваарилалт оновчгүй, байгаль орчны нөхөн сэргээлт туйлын сул, шударга ёс тогтоогүйгээс гадна геополитикийн эрсдэл байна гэж үзжээ. Энэ бүхнийг арилгаж чадсанаар нийгэм, эдийн засгийн таатай орчин, улс төрийн тогтвортой байдал бий болно.

Үр дүнд нь 2031 он гэхэд ДНБ-ий хэмжээ 200 тэрбум доллараас давж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 60 мянган долларт хүрнэ гэдэгт МАН-ынхан туйлын итгэлтэй байна. “Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр:2011-2031” баримт бичгийн тухай ийм ерөнхий зургийг тус намынхан тодорхойлов. Нарийн ширийн зүйлийн талаар дуугарах цаг нь эрт байна гэж үзэж байгаа юм байна. Тэгэхгүй бол санааг нь хулгайлчих гээд байдаг бололтой. МАН энэ төслийн санааг гаргахдаа залуучуудынхаа мэдлэг чадварыг түлхүү ашигласан нь бас нэг онцлог ийгээд давуу байж болох юм. 2012 оны эхээр болох Бага хурлаараа хөтөлбөрийг эцэслэн батлах юм байна.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.