Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НУУЦЛАГ, МЭДРЭМЖТЭЙ УРТ ХОРХОЙ БА ДАШКА

Циркийн урлагийн гол төрлийн нэг амьтны үзүүлбэр манайд ховор. Тэрхүү ховор үзүүлбэр дундаа ховор амьтан бий нь аварга могой. Жагарын орны “харьяат” тэрхүү могойн эзэн, жүжигчин М.Дашдэндэвтэй ярилцлаа.

Тэрбээр “Миний могой, Хайрхан маань…” гээд л дотнын андынхаа тухай өгүүлж буй мэт ярьж байсан юм. Магадгүй могой нь түүний хувьд жирийн нэг амьтан бус, найз нөхөр нь болохоор тэр биз.

-Өөрийгөө болон “хамтрагч”- аа танил цуулахгүй юу? Анх хэзээнээс эхлэн аварга могойн үзүүлбэр хийх болсон бэ?

-Намайг Дашка гэдэг. “Circus Mongolia Khadgaa” компанийн жүжигчин. Харин миний могойг Хайрхан гэдэг. Гурван метр урт, зургаан настай, эм могой. Би 2005 онд Туркт байхдаа могойтой тоглолт хийдэг байлаа. Ирээд Монголдоо аварга могойтой үзүүлбэр хийе гэсэн санаатайгаар 2007 онд Хайрханыг Энэтхэгээс авчирч, хамт үзүүлбэр хийх болсон юм.

-Хайрхан гэхээр нь эр могой байх гэж бодлоо.

-Тийм ээ. Зарим хүн нэрийг нь сонсоод хүйсийг нь андуурах тохиолдол их. Хайрхан гэдэг нэрийг бөө ах маань өгсөн л дөө. Анх могойгоо авчирчихаад гэрийнхэндээ хэлээгүй байсан юм. Гэтэл нэг өдөр “Чи амьтан авсан байна. Их том, урт амьтантай хамт байхыг чинь зүүдэлсэн” гэж ах хэллээ. Би ч могойгоо харуулсан. Тэгэхэд ах маань түүнийг үзээд, “Буян болох сайн амьтан байна” хэмээн Хайрхан гэдэг нэр хайрласан юм.

-Мэргэжлийн амьтан сургагч биш хүн могойныхоо аашийг олоход хэцүү байдаг уу?

Яаж ойлголцдог вэ?

-Эхлээд хүндрэлтэй асуудал гардаг байсан ч одоо могойтойгоо сайн ойлголцдог гэж хэлж болно. Мэргэжил гэдгээс илүүтэй мэдрэмж үүнд нөлөөлсөн болов уу. Тэгээд ч могойг сургах биш дасгана л гэж ярьдаг юм. Уурласан үедээ хамаг булчингаа чангалж, хөдөлгөөн нь хурдсаад ирдэг. Харин тайван байхдаа хөдөлгөөн нь удаавтар, зөөлөн болчихдог юм. Ер нь могой бол их нууцлаг амьтан. Гадна талдаа буюу хүнийхээр бол нүүрний хувирал байхгүй. Хөдөлгөөн нь хурдан эсвэл удаан. Яах гээд байгаа нь мэдэгддэггүй. Гэсэн ч хамт байсаар мэдэрдэг болж.

-Гадаад руу аялан тоглохдоо Хайрханаа авч явдаг уу

А м ь т н ы г хил гаргах асуудал хүндрэлтэй байдаг тул үлдээгээд л явдаг.

-Санадаг уу?

-Бүр зүүдэлдэг гээч.

-Могой зүүдэнд чинь юу гэж ярьж байх юм?

-Ярьж байгаагаар зүүдэлж үзээгүй юм байна. Зүүдэнд орж ирэхдээ ихэвчлэн хөл, гараас зулгааж, эсвэл ороосон байгаа нь харагддаг. Өглөө нь Монгол руу ярьж асууна. Яг л миний хүүхэд шиг болчихсон амьтан даа. Мөн хамаагүй юм идүүлж болохгүй. Долоо хоногт 3-4 туулай л өгнө. Туулайгаа тусгай газраас захиалж авдаг. Хэрвээ миний могой өвдвөл энд эмчлэх газар байхгүй. Боломж олдвол дахин нэг могой авчруулах санаа байна. Хань болох амьтан авчрахгүй бол Хайрхан маань ганцаардаж байгаа байх.

-Могой авчрахад үнэтэй байдаг биз?

-Тэгэлгүй яах вэ. Гурван жилийн өмнө Хайрханыг 10.000 доллараар авч байсан. Одоо үнэ нь өссөн.

-Монголын үзэгчдэд аварга могой тун сонирхолтой үзүүлбэр. Нижигнэсэн алга ташилт, танхимын уур амьсгал та хоёрт яаж нөлөөл дөг вэ?

-Миний хувьд шар үс босох шиг л болдог. Харин Хайрхан маань тайван байдаг. Үзэгчдийн хувьд нэг зүйл хэлэхэд, хот хөдөөгийнхөн ялгаатай байдаг юм билээ. Хотынхон зурагтаар аварга могой олон харсан, зарим нь гадаадад бодитоор үзсэн байх жишээтэй. Харин хөдөөгийн үзэгчид тийм том могой харж байгаагүй учраас их сонирхож, хошуурдаг. Могойг лусын амьтан хэмээн их хүндэлдэг нь анзаарагдсан. Нэг сонирхолтой зүйл ярихад, орон нутагт тоглолтоор явж байхад тэндхийн хүмүүс ирээд “Хорхой үзье” гээд салдаггүй. Гэтэл зарим нутагт могойг “хорхой” гэж цээрлэн хэлдэг нь тэр байсан юм билээ.

-Та могойноос өөр ямар үзүүлбэр үзүүлдэг вэ?

-Би анх 11 настайдаа циркт ирж байлаа. Г.Батбаатар багшаар акробат, тэнцвэр заалгандаг байсан. Одоо циркт ажиллаад 13 дахь жилдээ оржээ. Сүүлийн хэдэн жил акробатаас гадна жонглёр, могойтой үзүүлбэр хийж байна даа. 2011 онд 11 бөмбөгтэй жонглёр хийж, Монголын циркийн дээд амжилт тогтоох зорилготой байгаа. Өмнөх нь есөн бөмбөг байсан юм.

-Циркийн урлаг хүнд хэцүү төрөлд багтдаг. Тэгвэл эндээс та юу олж авсан бэ?

-Сурч эхэлж байхад бие хатуу, хөшүүн, сунгалтаа хийж чадахгүй байх, багшдаа загнуулах зэргээс болж уйлах үе олон тохиолдоно. Тэглээ гээд муу юм юу ч болоогүй. Харин ч тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болдог юм шиг. Түүнчлэн цирк, тэр дундаа акробат бол биеийн хүчийг урлаг, гоо зүйтэй хослуулдаг төрөл. Тиймээс юмны арга эвийг олох тал маань хөгжсөн болов уу.

-10 жилийн дараах Дашкаг дүрслэхгүй юү?

-Өөрийгөө циркийн салбартаа томоохон амжилт гарган, зорилгодоо хүрч, олонд танигдсан Дашка болно гэж төсөөлж байна даа.

Б.Эгшиглэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.