Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нигерид 300 гаруй охиныг хулгайлжээ

Нигерийн баруун хойд нутгийн дунд сургуулийн 300 гаруй сурагч охиныг үл таних босогчид хулгайлсан тухай ВВС мэдээлжээ. Охидыг ой руу авч явсан гэж цагдаагийнхан үзэж байна. Тус улсын зэвсэглэсэн босогчид барьцааны мөнгө авах зорилгоор сурагчдыг байнга хулгайлдаг. Үүнийг тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари зэмлэн буруушаагаад, хүнлэг бус, хүлээн зөвшөөрч боломгүй хэрэг гэжээ. “Мөнгөний төлөө гэм зэмгүй сурагчдад халдсан босогчдод эрх баригчид бууж өгөхгүй. Барьцаалагдсан охидыг эсэн мэнд байлгах нь бидний зорилго” гэж тэрбээр хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт босогчид 42 хүн хулгайлсны 28 нь сурагч байв. Тэднийг өнөө болтол суллуулж чадаагүй байна. 2014 онд “Боко Харам” бүлэглэлийн босогчид 276 сурагч охиныг хулгайлсан. Тус бүлэглэл боловсрол олгохыг эсэргүүцэж, дунд сургууль зэрэг байгууллагад байнга халддаг.

Энэ удаа шөнө дундын үед төрийн аюулаас хамгаалах хүчнийхний дүрэмт хувцас өмссөн 100 гаруй хүн дунд сургуулийн дотуур байрны хаалгыг эвдэн, хамгаалагчийг хороогоод дотогш нэвтэрчээ. Охидыг мөргөлийн цаг боллоо хэмээн босгоод ой руу авч явсан бөгөөд босогчид замдаа агаарт хий буудаж байсныг гэрчүүд ярьжээ. Эцэг, эхч үүд сургуулийн ойролцоо цуглаад, охидоо хайхаар явсан гэнэ. Сургуулийн нэг багшийн ярьснаар, 421 сурагчаас 55 нь үлджээ. Хэрэг гарсан Замфара мужийн Жангеб хот руу цэрэг, цагдаагийнхныг илгээсэн аж. Сурагч охидыг дахин олноор нь хулгайлсныг эсэргүүцэн, түгшиж буйгаа НҮБ-ын Хүүхдийн сан илэрхийлсэн байна.

Нигерийн Засгийн газарт ийм хэргээс сэргийлэх стратеги байдаггүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөрш Кацина мужид 300 гаруй эрэгтэй сурагчийг хулгайлсныг хэлэлцээ хийж, гэмт этгээдүүдийг суллах, эд материалын дэмжлэг үзүүлэхээр зөвшилцсөний дараа сулласныг ВВС тодруулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.