Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.БАТБАЯР: ЭХ ОРНОО ХУДАЛДАНА ГЭЖ ЯАЖ САНАХ ВЭ ДЭЭ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль, тогтоомж зөрчиж баталсан, Засгийн газар эх орноо худалдсан хэмээн үзэж буй Н.Батбаяр гишүүнээс зарим зүйл тодрууллаа.

-Засгийн газар “Бүгд хуулийн хүрээнд” гэсэн тайлбар өгсөн байтал Та яагаад хууль зөрчсөн гэж үзээд байна вэ?

-2009 онд баталсан 57 дугаар тогтоолд “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосугай” гэсэн байгаа. Гэтэл хүчин төгөлдөр болоогүй хуулиар гэрээ байгуулсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Тиймээс ч бид “Эрдэнэт”- ээс авч, өдөрт 1.5 тэрбум төгрөг орж ирж байна. Үүнийг хүчингүй болгосон хууль баталсан ч түүнийг нь 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Гэрээг 2009 онд байгуулсан учир дээрх заалтыг Засгийн газар зөрчсөн. Засгийн газрыг Монгол Улсаа худалдчихна гэж бид бодоогүй учир ТЭЗҮ буюу эцсийн шатны хэлэлцүүлгийг хүлээсэн, энэ бүхнийг засна гэж бодсон ч тэгсэнгүй. Тиймээс Гэрээ хүчингүй. Гуравхан заалттай 57 дугаар тогтоолд “Эрх зүйн орчин бүрдүүлэх замаар уг төсөл хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаас Засгийн газар буюу Монголын талын хувь хэмжээг 50-иас доошгүй хэмжээнд хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд С.Баярт өгсүгэй” гэж байгаа. Үүнийг хуулийн дагуу оруулсангүй. “34 хувийг 50 хувь болгох асуудлыг 30 жилийн дараа манай тал сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд 50 болгох тухай асуудлыг ярина” гээд гэрээнийхээ 1.6-д заачихсан байна. Засгийн газар гэрээндээ “57 дугаар тогтоолд заасан бүх нөхцөлийг ханган биелүүлснээ нотолж байна” гэсэн өгүүлбэр оруулчихсан.

Гадныханд Монголоо худалдах гэж байгаа санаа гэж ойлгохоос аргагүй болгож байна. Бас Оюутолгойн хувьцааны үнэлгээ зургаан тэрбум доллараас давсан. Төр 34 хувийг эзэмшсэн юм бол хоёр тэрбум доллар Монголынх болох учиртай. Гэтэл тэгээгүй. Уг мөнгөөр намуудын амлалтыг биелүүлж, иргэн бүрт нэг сая төгрөг өгөөд цаана нь үлдэнэ. Гэтэл энэ мөнгө байхгүй болчихсон. Бирж дээр зарагддаг толгой компанийн биш Монголд бүртгэлтэйгийнх нь хувьцааг авчихсан. Энэ хоёр компанийн хувьцаа хоорондоо арилжаалагддаг байх ёстой гэсэн шаардлагыг ч биелүүлээгүй. Үүнийг намрын чуулган дээр Ерөнхий сайд С.Батболдоос асуухад “Алга болсныг нь хүлээн зөвшөөрч байна. Харамсалтай юм боллоо” гэсэн. Монголоо битгий худалдаач ээ, ард түмэндээ баялгийн үр өгөөжийг өгөх ёстой.

-УИХ-аас олгосон эрхийг Засгийн газар хэтрүүлсэн гэлээ. Одоо ямар арга хэмжээ авах вэ. Тэдэнд алдаагаа засах хугацаа олгох уу, эсвэл хариуцлага тооцох асуудал хөндөх үү?

-Гэрээ батлах эрхийг УИХ Засгийн газарт өгөхдөө тодорхой нөхцөл заасан. Тэр нөхцөлийг сайжруулаагүй учир гэрээ хүчин төгөлдөр биш. Одоо УИХ уг гэрээг хүчингүй болго, эсвэл хугацаа нэмж өгөөд асуудлаа зохицуул гэсэн шийдвэр гаргана байх.

-Гэрээ байгуулаад зургаан сар болсон байхад яагаад энэ асуудлаа тавиагүй юм бэ. Гэнэтийн ашгийн татварын талаар өмнө нь огт хөндөөгүй шүү дээ?

-Анх гэрээ байгуулсан өдөр “Наад гэрээг чинь хүчингүй болгох зүйлийг олчихсон” гэж С.Баярцогтод хэлсэн юм. Тэр нь энэ гэнэтийн ашгийн хууль. Нийгэм үүнийг хүлээж авч ойлгох мөчийг хүлээсэн учир одоо хэлж байгаа юм. Бас эд нарыг алдаагаа засах нь уу гэж харсан. Олон улсын ямар ч шүүхэд очсон энэ гэрээ унана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.