Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“НАРАНТУУЛ” ЗАХ ТАЙВАН, ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ НАР ГУАНЖОУ ЯВСАН

Дээрх гарчгийг уншаад та юун тухай ярих гэж байгааг тааварласан байх. Энд би “халаасны хулгайч” гэх нэр зүүсэн бүлэг хүний тухай ярих гэсэн юм. “Өнөөх муу Дамба чинь хөдөөнөөс ирээд, автобусанд явж байгаад түрийвчээ суйлуулчихаж, охин маань дэлгүүрт худалдаа хийгээд гарахын зуур цүнхээ зүсүүлчихлээ, зах дээр явж байгаад энгэрийнхээ халаасанд байсан гар утсаа алдчихлаа” гэх яриаг сонссон хэн нэгний толгойд халаасны хулгайч түвэггүй буугаад ирнэ. Бас тэднээс эмээнэ. Үүнийг бичигч бибээр хэдэн бор төгрөгтэй хэтэвчээ халаасны хулгайчид алдаж байв. Тэдний үйлдлийг нүдээр үзэж, чихээр сонсох нь лавтай үнэнд ойрхон очих ч цагдаа нар шиг тэр нөхдүүдийг хаана, хэний юуг хулгайлах нь вэ гээд дагаад мөрдөөд байх боломж үгүй билээ.

МӨРДӨГЧ БОЛОХ ГЭЖ ОРОЛДОВ

Хулгай хийхгүй л бол гар хөл нь загатнаад, байж суухын аргагүй болдог тэр хүмүүс чухам хэн бэ. Тэдний амьдрал руу жаахан ч гэсэн өнгийхийг хичээв. Манайдаа нэгдүгээрт орох түм түжигнэж, бум бужигнасан “Нарантуул” худалдааны төвөөр хэдэн өдөр чамгүй таваргалаа. Аминдаа халаасны хулгайчийг хэрхэн яаж хулгай хийхийг харах санаатай явж буй минь энэ. Гэхдээ мань мэтэд баригддаг унхиа нь хаясан хулгайч гэж байдаггүй бололтой.

“Нарантуул” захаар гурав хоног эргэлдсэний хүчинд эргүүлийн ганц нэг цагдаатай танил болж найзархав. Тэд “Сэтгүүлч та нар хамаагүй юм бичдэг, биднээс юун мэдээлэл авах гээд байгаа юм” гээд халгаасангүй. Хэн нэгэнтэй нэг удаа танилцаад найз болчихдоггүй болохоор энд тэнд нь гүйж хэд хоногийг барав. Уг нь цагдаа, сэтгүүлч хоёр хамтарч ажиллавал болохгүй юм байхгүй санагдана. Тэндээс явсаар Халаасны хулгайчтай тэмцэх тасгийн гадаа очлоо. Тэнд зогсох хэсэг хүнийг жаахан сонжив. Бодсоноос хол зөрсөнгүй.

Тэд халаасны хулгайч нар. Ямар би тэдэнд сониноос яваа сурвалжлагч гэж өөрийгөө танилцуулалтай биш. Бас би та нарын адил халаасны хулгайч гэлтэй биш. Хэрэв ингээд хэлчихвэл “Чи хаагуур хулгай хийдэг юм бэ, чамайг би хараагүй юм байна” гээд ам таглавал яах билээ. Олон зүйл толгойд эргэлдэхийн хэрээр хэрэг шалгаж буй нэгэн байцаагчид учир явдлаа хэлээд урт гарлаж хүний эд зүйл хулгайлсан гэх хүнтэй яриа дэлгэлээ.

Харин нэр усыг нь бичихгүй байхыг байцаагч хүсэв. Тэд хулгай хийсэн ч гэлээ гэм бурууг нь шүүхээр нарийвчлан тогтоогоогүй болохоор сэжигтэн гэдэг аж. Тэр эхлээд юу ч ярихгүй гүрийв. Дараа нь болсон явдлыг нэгд нэгэнгүй өгүүлэв.

“Нарантуул” захын баруун талд байдаг “Sunday” худалдааны төвийн хажуугийн “Чандага” хэмээх баа ранд үйлчлүүлээд гарах гэтэл тэнд үйлчлүүлж байсан нэгэн хүүхэн хулгайчид гар утсаа алдчихлаа. Наад гарч яваа залуу чинь авчихлаа хэмээн над руу заан, тэр хавиар орь дуу тавин баарны хамгаалагчийг дуудан намайг бариулсан.

Би хүүхний гар утсыг аваагүй гэж хэчнээн удаа хэлсэн ч хамгаалагч нь намайг зодож дарамталсан. Эцэст нь намайг Халаасны хулгайчтай тэмцэх хэлтэст шалгуулахаар өгсөн.

-Чи хүний гар утсыг хулгайлсан юм уу. Хэрэв хулгайлаагүй юм бол тэр хүүхэн чамайг цагдаад өгмөөргүй юм?

-Үнэн худлыг нь мөрдөн байцаагч тогтоох биз. Жинхэнэ хулгайч нараа барьж чадахгүй байж хэмээн тэр эгдүүцэв.

-Тэгэхлээр чи халаасны хулгайчийг таньдаг байх нь ээ?

-“Нарантуул” зах дээр өдөр болгон л халаасны хулгайчид бөөнөөрөө явдаг. Цагдаа нар тэднийг барьдаг, нэг их удалгүй ч эргээд ирчихсэн харагддаг. Надад өөр яриад байх зүйл алга гэснээр бидний яриа өндөрлөв. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор түүнээс өөр зүйлд хариулт авч эс чадав. Үүний дараа өөр нэг сэжигтэнтэй уулзлаа. Тэр үнэхээр хулгай хийжээ. Өмссөн хувцас хунарыг нь харахад хулгай хийх нь бүү хэл цэвэр цэмцгэр, соёлтой нэгэн харагдлаа. Тэр жижиглэн худалдаа эрхлэгчдийн нүдэн дээр хүний цүнхнээс мөнгө, гар утсыг нь хулгайлж байгаад баригджээ. Нэг бус олон удаагийн үйлдлээр цагдаагийн хаалга татаж байгаа түүнийг цагдаагийнхан анддаггүй аж.

-Та яагаад хулгай хийдэг юм бэ? Хулгай хийхгүй амьдарч болдоггүй юм уу?

-Хулгай хийхгүй гэж бодсон ч өөрийн эрхгүй л хүний халаас руу гарын хуруу яваад орчихсон байдаг. Үүнээс өөр хийж чадах ажил алга.

-Та хэнтэй нийлж, хаанаас, хэний юуг хулгайлсан юм бэ?

-Зах дээр найзтайгаа хамт явж байгаад нэгэн эмэгтэйг утсаа газар унагачихаад авах гээд бөхийхөд нь цүнхийг нь зүсчихсэн юм.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд яахав дээ, жаахан юм аваад эргэтэл хүн хараад цагдаад хэлчихсэн байсан.

-Та тэр бүсгүйг албаар дэгээдсэн юм биш үү?

-Үгүй.

-Хулгайч нар бүлэг бүлгээрээ явдаг, өөрийн гэх газар нутагтай байдаг гэсэн үнэн үү?

-Мэдэхгүй ээ. Архаг хулгайчдаас асуухгүй юу. Мань мэт нь тэдний дэргэд жижиг гарууд гэлээ. Тэд дотуур халааснаас хулгай хийхийг заазуурдах, мөрөн дээрээ хүрмээ тохож хулгай хийхийг “гитель”-дэх, урд нь хоёр нь гарч араас хоёр нь түлхэж, дунд байгаа нь хулгай хийхийг “гуперлэх” гэх бөгөөд тэднийг “мэргэшсэн хулгайчид” гэхэд хилсдэхгүй.

Халаасны хулгайчид хийж буй үйлдлээсээ шалтгаалж эрэмбэ дараалалтай байдаг юм билээ. Жижиг гарууд нь их хэмжээний орлого олбол том гаруудаа утсаар дуудна. Тэд машинтай ирээд авдаг. Хэрэв орлого муу олбол шийтгүүлдэг гэх.

МУУР, ХУЛГАНА ХОЁР

Хүүхэлдэйн кинонд гардаг хулгана хөөсөн муурын амьдрал шиг хөгжилтэй гэмээр үйл явдал цагдаа, халаасны хулгайч хоёрын дунд өрнөдөг гэсэн. Худалдааны төвийн нэг захаар цагдаа, нөгөө захаар хулгайч алхална. Аль аль нь сонор сортоотой гэж жигтэйхэн. Тэд хэн хэнийгээ таних учир нүднийхээ булангаар сэм ширтээд л алхдаг гэх.

Заримдаа хулгайч нь цагдаагаа мөрдөөд байгаа юм уу, цагдаа нь эд зүйлсээ алдах гээд байгаа юм уу ойлгогдохоо байчихдаг гэсэн. Тэгж байгаад л өст хүн өлийн даваан дээр гэгчээр тааралдана. Тэднийг цагдаа нар таних учир тааралдсан газраа үзлэг хийчихээд онцын “но”-той зүйл гарахгүй бол “За чи барагтайхан байгаарай, үүгээр битгий яваад бай” гэхээс өөр хэлэх үг байхгүй. “Өглөөхөн хулгай хийгээд баригдаад ирсэн нөхөр үдээс хойш ахиад л зах дээр таваргаж явахыг юу гэж ойлгох вэ. Хулгай хийсэн этгээдийг барьж хорих нь бүү хэл тавиад явуулчихдаг нь сонин.

Тэд лав л цагдаа нартайгаа хуйвалдсан байж таарна, дор хаяж хоолны хэдэн төгрөг өгөө биз” гэх хардлага бусдын адил надад ч байлаа. Учрыг тунгаавал асуудал өнөөх хууль тогтоомждоо байдаг аж. Тухайлбал, 108.000 төгрөгнөөс доош мөнгөөр үнэлэгдэх эд зүйл хулгайлсан этгээдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтаар 5000-20.000 төгрөгөөр торгох заалттай. Үүнээс хэтэрвэл Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ.

Эд зүйл хулгай хийгээд баригдсан ч ямар торгууль хүлээхээ хулгайч сайн мэднэ. Байцаагч нар сэжигтнийг сайндаа л маргааш ир, нөгөөдөр ир гээд явуулах. Өнөөх хулгайч цагдаагийн газар ирж мэдүүлэг өгсөн болоод л ар хударгаар нь хулгай хийгээд явж байдаг аж. Түүнээс биш барьж хорих, цагдан саатуулах тухай заалт хуульд алга. Хулгайчийн толгойг илсэн ийм зүйл заалт Монгол Улсын хуульд байдаг болохоор тэд муур, хулгана болж тоглох нь ойлгомжтой ажгуу. Ийм нэг хачин тогтолцоо Монголд бат бөх оршжээ.

Цагдаатайгаа, иргэдтэйгээ хамтарч хулгайчтай тэмцээд ч нэмэр алга. Одоогоор Монголд зохион байгуулалтад орсон халаасны 30 гаруй тооны бүлэг байдаг аж. Тэдний заримаас дурдахад Улсын Их дэлгүүр, Мишээл, “Скай” “Мөнгөнзавьяа” зэрэг томоохон дэлгүүрээр явж хулгай хийдэг “Анягийн”, “Нарантуул” захыг өмчилсөн “Хоовонгийн” (Дэнжийн мянгын унаган иргэд) бүлэг, автобус болон нийтийн унаанд дархлаагаа тогтоосон “Дорнодын” (Дорнод аймгаас ирсэн) бүлэг зэрэг нэрд гарсан халаасны хулгайч нар байдаг гэнэ.

Харин “Москва-Бээжин”-гийн гэх тодотголтой, орчин үеийн гурван ч хурдан машин хөлөглөсөн бүлэг хул гайч саяхан баригдаж, тэдний нэг нь “Аавын хаалга” татжээ. Их гарын хулгайч нар жижигхэн Монголоо тоохоо болиод харийн орныг дайлаар мордсон сурагтай. Москва, Бээжин, Истанбул, Хонконг, Токио, Сөүл, Эрээн, Хөх хотуудаар явж хулгай хийдэг тэдний амьдрал дэндүү тансаг. Ямар сайндаа л Халаасны хулгайчтай тэмцэх тасгийн нэгэн мөрдөн байцаагч “Нарантуул” захад үүрэг гүйцэтгэж буй ажилтан руугаа утсаар ярихдаа “Наана чинь хэрэг зөрчил тайван уу” гэж асуухад нөгөөх нь “Одоогоор тайван байна, хулгайч нар Гуанжоу явчихаж.

Тэнд олон улсын үзэсгэлэн худалдаа болж байгаа” гэжээ. Тэд хулгай хийхээр Гуанжоу явж, эзгүй хойгуур нь “Нарантуул” зах хэдэн хоног халаасны хулгайчгүй амар жимэр өнжсөн юм байна. Бараг Монголынхоо ядарсан иргэний хормой хотыг сэгсэрч байхаар хил даваад арилж өгсөн нь дээр ч юм шиг. Монголын гэмт хэргийн ертөнцийн зах сэжүүр ийм байх. Энэ бол хүмүүний амьдралын эрээн бараан ертөнц.

Бас монголчуудын бүтээсэн муу үйл хэргийн нэг. Хүний юмыг хулгайлах нь нүгэл. Харамсалтай нь тэд энэ үйлдлээ юман чинээ боддоггүй бололтой. Тэднийг хүний халаас ухаж амьдар гэж бурхан багш айлдаагүй нь тодорхой. Төр халаасны хулгайчийг хазаарлаж дийлэхээ байсан болохоор иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх нь хулгайчаас сэргийлэх ганц арга болох учиртай. Өөрөөр яалтай ч билээ.

 Х.Эрдэнэбулган

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.