Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Намрын Чуулган 150 гаруй хууль батлаад завсарлалаа

 УИХ-ын намрын чуулган өчигдөр сүүлийн хуралдаанаа хийлээ. Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, хавар, намрын чуулганы нээх, завсарлах өдрийг тогтсон билээ. Үүний дагуу намрын чуулган завсарлах сүүлийн хугацаа нь өчигдөр байсан юм. Сонгуулийн гэх мэт томоохон хуулиа “Олон нийт болоод намуудын саналыг сонсоно” гэсэн шалтгаанаар дараагийн чуулган руу шилжүүлж буй.

Уг чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын биелэлт завсарлах үед 60 гаруй хувьд хүрнэ хэмээн Тамгын газар тооцсон. Тиймээс ч УИХ өчигдрийн чуулганаар 30 гаруй хуулийг “бөөндөн” баталлаа. Гадаад бодлогын үзэл баримтлалыг хаалттай хуралдан баталсны дараа хаалгаа хэвлэлийнхэнд нээв. Улмаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Завсарлах гэж байгаа учраас гишүүд ажилдаа идэвхтэй иржээ. Ирсэн гишүүний тоо 50 гарсан байсан. Улмаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнтэй холбогдуулан өөрчлөх 26 хуулийг хамтад нь батлав.

Асуулт тавьж, санал хэлэх хүн ч байсангүй. “Ногоон гэрлээр” явж байсан хууль бөөндөх ажил Хөгжлийн банкны тухай хууль дээр очоод “гацав”. Өчигдөр үдээс өмнө Байнгын хороо хуралдаж, уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Ч.Улаанаас эхлээд уг хуулийг санаачлагчдыг хардаж байгаа. Энэ нь томоохон төслүүдийн дэд бүтцийг шийдэхийн тулд Хөгжлийн банк байгуулж, санхүүжүүлэх зорилготой хуулийн төсөл. Хөгжлийн банк арилжааны эсвэл хөр өнгө оруулалтын сан биш.

Стратегийн ордуудын хувьцаа зарж олох орлого, улсын төсөв, олон улсын зээл тусламжаас банкны эх үүсвэр бүрдэнэ. Чуулганаар асуудлыг хэлэлцэх үеэр Н.Ганбямба “Хөрөнгө нь байхгүй байж банк байгуулах гэх юм. Бүтээгүй мөнгийг хуваах тухай битгий ярь. Эх үүсвэрийг нь шийдсэний дараа л хууль эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ярих ёстой. Тиймгүй байгаа учраас үүнийг банк байгуулах биш хуультай болох л зорилготой юм байна гэж хардахад хүрч байна” гэлээ.

Хөгжлийн банк бонд гаргах замаар тодорхой санхүүжилтээ босгох юм байна. Засгийн газар бондын хүүг багасгах зорилгоор түүнд баталгаа гаргах эрхийг уг хуулиар олгоно. Мөн өөрийн хөрөнгө гэж бий. Тиймээс хөрөнгөгүй гэх асуудал үүсэхгүй хэмээн Сангийн сайд тайлбарласан. Зарчмын зөрүүтэй 40 гаруй саналыг хураасны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Удалгүй УИХ-ын чуулган үргэлжилж, Хөгжлийн банкны тухай хуулийг баталлаа. Ингээд 20.00 цагт намрын чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн. Намрын чуулган 91 хоног хуралдаж, 150 гаруй хууль тогтоол баталжээ.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.