Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Намайг надгүйгээр гэрлүүлсэн нь

Германы канцлер Отто фон Бисмарк “Ер нь хүмүүс ан хийснийхээ дараа, дайны үеэр, сонгуулийн өмнө л хамгийн их худлаа ярьдаг” гэжээ. Монголын улстөрчид үүний онцгой тод жишээ бөгөөд ялангуяа Их Хурлын сонгууль болохын өмнө засгийн эрхэнд гармагцаа л Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд орон сууц барьж өгөх тухай үргэлж худлаа ярьдаг юм. Тэдний ярьснаар бол сонгуулиас сонгуулийн хооронд хотын гэр хороолол багасах байтал улам бүр өргөжин тэлсээр байна.
Гэр хороололд амьдарч байгаа иргэд улстөрчдийн амлалтад жилийн жилд хууртагдсаар нүүрс, машины хаягдсан дугуй, техникийн ашигласан тосонд дэвтээсэн туйпуу зэрэг шатааж болох бүхнийг түлсээр өвлийн хүйтнийг давдаг тул хотын агаар гамшгийн түвшинд хүрчихээд байгааг хүн бүр мэдэрч байна.
Энэ тухай хотын дарга, түшмэдүүд үргэлж ирээдүй цаг дээр ярьдаг зуршилтай бөгөөд хойтон өвөл гэхэд л бүх юм өөр болно гэсээр олон жилийн нүүр үзэж, хэзээ нэгэн цагт халуун, хүйтэн устай орон сууцанд орох гэр хорооллын иргэдийн мөрөөдөл, итгэл үнэмшил нь алга болж байна.
Нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулах талаар Улаанбаатар хотын захиргааны хийж байгаа ажлын аргачлал нь өнөөгийн нийгмийн харилцааны бодит нөхцөлд огт таарахгүй байна.  Тэд энэ асуудалд дарангуйллын үеийн захиргаадалтын үзэл бодлоор хандсаар ирсэн юм.
Хамгийн шинэ жишээ дурдахад Дэнжийн 1000, Дөлгөөн нуур, Радио телевизийн гэр хорооллуудыг өөрийн хөрөнгөөр нүүлгэн шилжүүлж, орон сууц барих зөвшөөрлийг “Жи Ди Ар”, “Бэрэн”, “Өндөр Буянт”  компаниудад тендер зарлахгүйгээр өгч, Концессийн гэрээ байгуулах тухай өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр юм.
Өөрсдийн үзэмжээр хэдэн компани сонгож аваад, дээрх хорооллуудын газрыг эзэмшигч оршин суугчдын санал бодлыг сонсохгүйгээр очиж тохиролцоод, газар дээр нь байшин барь гэж байгаа нь оросуудын ярьдгаар  “Намайг надгүйгээр гэрлүүлчихэж” (меня женили без меня)” гэдэгтэй агаар нэгэн болж байна.
Иргэдийн оролцоог хангаагүй энэ аргаар иргэн тус бүртэй газрын үнийг наймаалцах замаар эхэлсэн VII хорооллын барилгажуулалт үнэ дээрээ тохиролцож чадахгүй гацчихаад байгаа билээ.
Харин орон сууцжуулах ажлыг иргэд өөрсдөө харилцан зөвшилцөж хоршоолол байгуулах, хотын захиргаа тэр хоршоололтой нь хамтран ажиллаж, иргэдийн газрыг бүтээн байгуулах ажилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тооцон, борлуулсан бусад байрны ашгаас хүртэх, улмаар  иргэд  орон сууцтай болохоор зохион байгуулбал захиргааны биш зах зээлийн арга болно.
Монголын Иргэний холбоо энэ санааг тусган “Газраа байраар солих зургаан алхам” гэсэн хөтөлбөр дэвшүүлж, хотын захиргааны бүх түвшний удирдлагад хүргүүлж байсан ч түүнийг үл ойшоосоор ирсний гол шалтгаан нь засаг захиргааныханд ямар ч ашиг унахгүй атлаа асар өндөр эрэмбийн ажил хийх шаардлага тулгарч байгаатай холбоотой.
Хэрэв дээрх зах зээлийн аргаар газар эзэмшигчдийн эрх ашиг, сонирхлыг зөв илэрхийлж чадвал тэд хоорондоо тохирч хоршоолол байгуулаад өөрсдийн хорооллоо ямар компаниар, хэзээ бариулахаа сонгох бөгөөд хотын захиргаа халуун хүйтэн ус, бохирын хоолой, зам холбоо зэрэг дэд бүтэц байгуулах ажлыг хариуцан, Хамтарсан зөвлөлөөр бүтээн байгуулалтыг удирдан, хэрэгжүүлж чадах юм.
Хотын захиргаа тэрхүү хорооллыг байгуулах ерөнхий зураг төслийг бэлтгэж, тухайн газрын тодорхой нэртэй бонд гарган, зөвхөн тухайн хороололд зориулан хэрэглэхээр анхан шатны хөрөнгө босгож, дараа нь үйлдвэрлэл үйлчилгээний түрээсийн төлбөрөөс болон газрын эздэд хуваарилаад үлдсэн байруудыг борлуулсан орлогоос төлж болно. Бондын төлбөрийг төлж дууссаны дараах орлогын ашгаас хоршооллын гишүүд нь хувьцааны дивидент хэлбэрээр авах юм.
Энэ бол гэр хорооллын оршин суугчид өөрийн байгаа ганц хөрөнгө болсон газраа хэлбэрийг нь өөрчлөн, урт хугацааны ашигтай хөрөнгө оруулалт болгож байгаа хэрэг. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа иргэд маргааш байртай болохоос гадна ашигтай компанийн хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Зарим нь ажилтай ч болно.
Мэдээж тухайн газрыг эзэмшигч иргэд хашааныхаа талбайн болон байршлын ялгааг яаж тооцох, дээр нь барьчихсан хөрөнгөө яаж үнэлэхээ хоорондоо тохиролцож  байж, шинэ байшингаас авах байрныхаа давхар болон өрөө, байршлыг сонгоно гэдгээ урьдчилан тохиролцсон байх шаардлагатай.
Энэ ойлголцол тохиролцоо амархан биш ч гэсэн иргэд хоорондоо эхлээд үг хэлээ ололцох нь айл бүр аль нэг компанитай тус тусдаа тохиролцохоос хялбар, амар, өгөөжтэй болох юм.
Иргэд Хамтарсан зөвлөлөөрөө дамжуулан бүтээн байгуулалтыг хянах учир барилгын нийт зардал ч бодитой гарна.  Эдүгээ барилгын компаниуд хот, улсын хэмжээний төр, засгийн эрх баригчид, тэдний хүнд сурталт түшмэдэд өгч байгаа авлигын зардлаа орон сууц худалдан авагчдаас нөхөж авдаг тул энэ хэлбэр нь тэнгэрт гартал хадаж байгаа орон сууцны үнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэсэн үг. Барилгын материалын үнэ байнга нэмэгдэж байгаа ч ядаж хахуулийн зардлыг хасах боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг захиргааны биш зах зээлийн аргаар шийдэж, иргэдийн оролцоог бүрэн хангах, тэдэнд барилгын ажлын гүйцэтгэлийг хянах, улмаар бүтээн байгуулалтын ашгаас хүртэх боломж олгох нь Улаанбаатарчуудын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.