Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Энхсайханыг хорих ялын хугацааг зургаан сараар багасгалаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг хяналтын журмаар авч хэлэлцлээ. Түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар хорих ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.6-1, 22.1-1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхэд хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 5-7нд хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Харин Эрүүгийн хуулийн 22.1-1,2 дахь хэсгийг нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд  дөрвөн жил зургаан сар хорих ял оноосон юм. Мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, ингэхдээ хорих ял эдэлж дууссан өдрөөс эл хугацааг тооцохоор шийдвэрлэсэн. Хэргийг эргэн сануулбал, М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзсэн билээ. Харин Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Энхсайханыг  хорих ялын хугацааг зургаан сараар багасгаж, дөрвөн жил хорих  тогтоол гарган, бусад шийдвэрийг хэвээр үлдээв.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.