Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МӨСӨН ТИВД МОНГОЛЫН БААЗ БАЙГУУЛАХ НЬ МАНАЙД ОЛОН ТАЛААРАА АШИГТАЙ

Антарктидад анх удаа монгол хүн хөл тавьж хязгаарлагдмал тивийг бидэнд танилцуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монголын Антарктидын нийгэмлэгийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Лхамсүрэнгийн Дүгэржав хоёр дахь удаагаа мөсөн тивд ажиллаж байгаад ирлээ. Тэрбээр энэ удаа Монголын Засгийн газар, Болгарын болон Монголын Антарктидын нийгэмлэгийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2010 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2011 оны нэгдүгээр сарын 21-нийг хүртэл олон улсын “Цэвдэг, геологи судлалын төсөл ”-ийн багийн гишүүнээр ажиллажээ. Тиймээс Л.Дүгэржав доктортой зорьсон ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн явж ирэв үү, та нэлээд олон хоног аялах шиг боллоо?

-Сайн явж ирлээ, замдаа бараг хагас сар зарцуулдаг учраас багагүй ядарлаа. Эх орондоо ирэх гэж 25600 орчим км тууллаа. -Туйлын тив рүү манай орноос хамгийн дөт зам нь хаагуур байдаг юм бэ? -Европоор дайрч явах нь хамгийн дөт. Би Чили улсаар дайран Кинг Жоржийн арал, тэндээс цэргийн усан онгоцоор арлууд дамжин явсаар Ливингстон аралд байдаг Болгарын баазад очиж, судалгаагаа хийж байсан.

-Таны энэ удаа явсан ажлын зорилго юу байв?

-Антарктид бол судлагдаагүй үлдсэн ганц тив, эх газрын 10 хувь, дэлхийн цэвэр усны 80 хувь, зэс, газрын тосны багагүй нөөц агуулдаг. Мөн судлагдаж амжаагүй байгалийн асар их баялагтай юм. Манай орны зүгээс Европын холбооноос санаачилсан энэ төсөлд ажиллаж, туршлагаас нь суралцах төдийгүй Монгол Улс Антарктид тивийг сонирхон судалж байна, судлаачид байдаг юм байна гэдгийг мэдрүүлэх зорилготой явсан. Учир нь энэ тив бол аль нэг улсын эзэмшил биш, судлахыг хүссэн улс бүрт нээлттэй. Тиймээс юуны түрүүнд Монголдоо судалгааныхаа багийг бүрд үүлэх хэрэгтэй байна.

Дараа нь Монголын Антарктид судлалын бааз байгуулах нь манай улсад олон талаараа ашигтай. Гэхдээ энэ удаа миний ажилласан судалгааны баг нь цэвдэг буюу дэлхийн дулаарлаас үүдэн Антарктидын мөсжсөн чулуу хэрхэн хайлж байгааг судалсан. Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд цаг агаарын дулаарал асар хурдацтай байгааг бид мэдэж байгаа.

-Антарктидад газар эзэмшдэг улс байдаг уу?

-Тэнд одоогийн байдлаар газар эзэмшиж байгаа нэг ч орон алга. Харин хэн түрүүлж хөл тавина, тэр улсад нээлттэй л гэсэн үг. Тиймээс манай орон мөсөн тивд бааз байгуулах хэрэгтэй. Дөрөвдүгээр сард дэлхийн Антарктид судлалын багийнхан Монголд ирэхээр төлөвлөж байгаа. Тэр үеэр манай улс дэлхийн Антарктид судлалын төвтэй туршлага солилцоно. Мэдээж бааз байгуулахад асар их хөрөнгө хэрэгтэй бөгөөд төр засгийн туслалцаа зайлшгүй шаардлагатай.

-Тэнд хэдэн орны бааз байрладаг вэ?

-Одоогийн байдлаар Антарктид тивд 47 бааз байдгаас 30 гаруй нь байнгын ажиллагаатай. Тухайлбал, АНУ, ОХУ-ын тус бүр хоёр бааз, Чили, Аргентин, БНСУ, БНХАУ зэрэг олон орны бааз бий.

-Антарктидад хүн амьдрах боломж хэр байдаг вэ?

-Энэ талаар судалж байгаа гадаадын мэргэжилтн үүд байгаа. Тэнд ажиллагсдын хүүхдийн цэцэрлэг зуны 21 хоногийн турш ажилладаг юм билээ. Үүгээрээ хүүхэд хүйтэнд хэр тэсвэртэй байхыг судалж байгаа гэсэн. Гол нь маш хүйтэн учраас янз бүрийн вирус байхгүйгээс тун цэвэр орчин бүрддэг. Тиймээс удаан ажилласан хүмүүс дархлаа нь суларч, эх газарт ирээд амархан өвчин тусдаг. Намайг байх хугацаанд -50-иас -55 градус байсан, гэхдээ зундаа +4-өөс -40 градус хүрдэг.

-Таныг сая явахад төрөөс дэмжлэг үзүүлсэн үү?

-Зардлаа хувиасаа гаргасан. Гэхдээ “Говь”, “Улаанбаатар хивс” ХХК, “Юнител” корпораци зэрэг олон байгууллага мөнгөн болон материаллаг туслалцаа үзүүлсэн.

М.ЭРДЭНЭДЭЛГЭР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.