Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд мөнгө угаахтай тэмцэх ажилд ахиц гаргасан гэж /fatf/-ын үнэлгээчид дүгнэжээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулснаа 2019 оны арванхоёрдугаар сард зарласан билээ. Өмнө нь манай улс 2011 онд мөн ийм байдалд орж байсан бөгөөд 32 сарын хугацаанд дээрх байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлж тус жагсаалтаас гарч байсан юм. Дэлхийн улс орнууд энэ жагсаалтаас гарахад дунджаар гурван жил таван сарын хугацаа зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.

Харин Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноос хойш энэ оны тавдугаар сарын 11-нд ФАТФ-тай онлайн уулзалт зохион байгуулж, “Монгол Улс өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн” хэмээн тус байгууллагаас урьдчилсан байдлаар мэдэгдсэн юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас /FATF/-ын газар дээр нь хяналт шалгалт хийх багийнхан Монгол Улсад ирэх нь хойшлоод байсан бөгөөд удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд энэ сарын 2-нд манай улсад ажилласан юм. Тэд төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 150-иад хүнтэй уулзжээ.

Шалгалтын багийнхан энэ үеэр мөрдөн шалгах эрх бүхий Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээг өндрөөр үнэлсэн бөгөөд ялангуяа үндэстэн дамнасан зохион байгуулалттай хэрэг болох БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой, Нигерийн иргэн Монгол Улсын иргэнтэй бүлэглэж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан мөнгө угаасан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль зөрчин хувийн компанид шилжүүлсэн,

УИХ, Засгийн газрын гишүүн С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох оффшор бүсэд хөрөнгөө хадгалсан зэрэг мөрдөн байцаалт нь удааширч, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан олон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхээр шийдвэрлүүлсэн нь “Саарал жагсаалт”-аас гарахад харгалзах тэргүүлэх чиглэл болно хэмээн онцолжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.