Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“МӨНГӨН МОД” ЦОМООР ХУР БУУЛАА

Дэлхийн жишгийг дагасан улаан хивсний ёслолыг манайхан өөрсдийн хэмжээнд зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. “Гэгээн Муза”, “UBS music awards” зэрэг оны шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг арга хэмжээнээс дутахааргүй нэгэн үйл явдал өчигдөр ДБЭТт болсон нь оны шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслол байлаа. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу тухайн жилдээ уран бүтээлийн ургац арвинтай байж, амжилт гаргасан урлагийнхныг шалгаруулдаг энэ арга хэмжээ хоёр дахь удаагаа боллоо. Шагналыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гардуулж, уран бүтээлчдэд уран бүтээлийн амжилт хүсэв. 2009 оны шилдэг уран бүтээлчийг долоон номинациар шалгаруулсныг танилцуулъя.

-Шилдэг тайз, дэлгэцийн найруулагч– ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар.

-Шилдэг тайз, дэлгэцийн зураач-УДЭТ- ын зураач Т.Ганхуяг.

-Шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин-УДЭТ- ын жүжигчин Г.Эрдэнэбилэг.

-Шилдэг хөгжимчин-ДБЭТ-ын концертмейстр Б.Солонго.

-Шилдэг бүжигчин-ҮДБЭЧ-ын А.Даваахүү.

-Шилдэг дуучин-ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг.

-Шилдэг утга соёлын өвийг тээгч-Ховд аймгийн морин хуурч М.Довчин нарт “Мөнгөн мод” цом гардуулж, тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулав. Манай урлаг, соёлын байгууллагынхан 14 уран бүтээлчээ “сойж” БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газарт уламжилснаас ийнхүү долоон шилдгийг тодруулав. Шүүгчийн багт урлаг соёлын нэртэй долоон төлөөлөгч ажилласан юм билээ. Биет бус соёлын өвийг тээгч номинациар ард түмний дундаас шилдгийг шалгаруулсан нь энэ арга хэмжээний гол онцлог байсан юм. Энэхүү шагналын эзэн М.Довчин гуайн бие чилээрхүү байснаас ёслолд оролцож чадаагүйдээ уучлалт хүсэж, хүүгээ явуулсан байлаа. Түүнчлэн Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, “Сөүл-2009” уралдаанд амжилттай оролцсон Ахмадын хорооны уран бүтээлчдэд энэ үеэр шагнал гардууллаа. “Мөнгөн мод”-оор хур буусан энэ хүү арга хэмжээг сонирхохоор зөвхөн урлагийнхан ирсэнд хүмүүс гайхаж, “Шагнал болоод шалгаруулалт сайхан боллоо. Шагналдаа жулдсан ёслол байна” гэж байсан.

Энэ талаар БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбатаас тодруулахад, “Үзэгчийн санал хүсэлтээр бус, манай яамнаас тодруулдаг шалгаруулалт учраас бусад шагнал гардуулах ёслолоос ялгаатай. Тиймээс үзэгчдийг уриагүй юм. Шагналтайгаа харьцуулахад ёслолын ажиллагаа нь гологдлоо гэдэг үнэн ч нэг байгууллага шилдгээ тодруулахад гадны хүмүүс тэр бүр ороод байдаггүй шүү дээ” гэлээ.

2009 оны “Шилдэг дуучин” болсон ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэгийн сэтгэдлийг хүргэе.

-Юуны өмнө баяр хүргэе. Өнгөрсөн он Таны хувьд уран бүтээлийн, шагналын хуртай жил байлаа.

-Монголчууд есийн тоог бэлгэшээдэг шүү дээ. 2009 он миний хувьд үнэхээр шагналын хур ихтэй сайхан он болж өнгөрсөн. М.И.Глинкийн нэрэмжит уралдаа наас эхлээд “Мөнгөн мод” хүртэл олон шагналын эзэн болсондоо их баярлаж байна. Энэ дундаас “Өнөөдөр” сонины есөн алдартны нэгээр намайг тодруулсан нь миний хувьд маш том хүндлэл болсон. “Тэнгэрийн амьтан” гэдэг шиг тийм сайхан алдартай, том хүмүүстэй зэрэгцээд зургаа дахь алдартнаар тодорсон байна билээ. Баяртай, хөөртэй энэ бүх шагнал, урам, азыг дагуулж ирсэн бяцхан охин Эгшиглэндээ баярлаж, хайртай шүү гэж хэлсээр байна. Мөн намайг гэж тоосон ард түмэндээ, үргэлж түшиг болдог ханьдаа баярлалаа.

УДЭТ-ын зураач “Мөнгөн мод”-ын эзэн Т.Ганхуяг.

-Баяр хүргээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Шагнал дагаад хариуцлага гэдэг. “Мөнгөн мод”-ын эзний ирээдүйн төлөвлөгөө юу бол?

-1998 оноос эхлэн УДЭТ-таа ажиллаж, 20 гаруй бүтээл дээр ажиллажээ. “Парисын дарь эхийн сүм” жүжгээр энэхүү том шагнал авсандаа баяртай байна. Шагнал авлаа гэж сагсууралгүй хийдгээ улам сайн хийнэ дээ. Уран бүтээлийн чансаагаа сайжруулна гэж бодож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.